Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд цаг зав гарган оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Танд болон таныг дагалдан ирсэн хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гэлээ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улс ЕАБХАБ-ын парламентын Ассамблейг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, энэ удаагийн чуулганаар нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав.Мөн тэрээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Түүнчлэн эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойд идэвхтэй оролцож, Улаан талбайд болсон цэргийн парадад Монгол цэргүүд оролцсонд баяртайгаар хүлээн авсан гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон явдалд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн ЕАБХАБ-ын хүрээнд хоёр тал нэгдсэн байр сууринаас хандана гэдэгт найдаж буйгаа дуулгаад дэлхийн болон бүс нутгийн түвшинд нийтлэг байр сууринаас оролцдог гэдгээ тэмдэглэв.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь онцгой ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглээд, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хурлын үеэр гарах асуудлуудаар санал нэг байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Н.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад төлөөлөгчид оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *