УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд холбогдох албаны хүмүүст асуулт тавьж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “350 сая төгрөгийн хохиролтой хэрэгт ямар холбогчид байна вэ. Олон нийтээс надад Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяртай холбоотой мэдээлэл ирсэн. Гадаад олон тэрбум төгрөгийн өртөгтэй тансаг хаустай гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ дагуу АТГ-т мэдээлсэн. Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой хэргийг шалгаж байгаа юу. Надад шалгаж, хэрэг үүсгэж байгаа гэсэн. Өршөөлийн хуульд энэ хэрэг хамрагдах уу. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавиад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хориг тавиагүй нь гайхаш төрүүлж байгаа. “Оюутолгой”-н 1.8 тэрбум ам.долларын хэрэг өршөөгдөхөөр байгаа” гэхэд АТГ-ын дэд дарга н.Нямдорж “32 тэрбум 415 сая хохиролтой хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах нь байна шүү гэдэг мэдээллийг бид ажлын хэсэгт өгсөн. Иргэн С.Баяртай холбоотой гомдлыг бид шалгаж, дуудаж асуусан. Ингээд тухайн гомдолтой холбоотой хэрэг үүсэх шалтгаан байхгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгээгүй” гэлээ.