Categories
мэдээ нийгэм

Олон улсын атомын энергийн чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 59 дүгээр чуулган өнөөдөр Австрийн Вена хотноо эхэлжээ. Чуулганаар Агентлагаас ирэх нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж батлах юм.

Чуулганы эхэнд Антигуа ба Барбуда, Барбадос, Туркменистан улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэв. Чингэснээр Агетлагийн гишүүн орны тоо 168-д хүрчээ.
ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано Ерөнхий бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ ирэх долоо хоногт 2015 оноос хойшх тогтвортой хөгжлийн 17 зорилтыг батлахаар олон орны тэргүүлэгчид Нью-Йорк хотноо хуран чуулах гэж байна. Эдгээр хөгжлийн шинэ зорилтууд нь Агентлагийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Тэдгээрт Агентлагийн үйл ажиллагааны цар хүрээнд багтах эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, тэжээл, эрүүл мэнд, байгаль орчин, усны менежментийн асуудлууд орно. Дэлхий нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд цөмийн шинжлэх ухаан, технологи асар их хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Миний бие Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хүлээн авсан цагаасаа атомын эрчим хүчийг зөвхөн энх тайвны зорилгоор төдийгүй хөгжлийн төлөө ашиглахыг урьтал болгож ирсэн хэмээн онцолсон байна.
Түүний өгсөн мэдээллээр эдүгээ дэлхийн 30 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа ба шинээр 67 цөмийн реактор ихэнх нь Азид барьж байгаа ажээ. Цөмийн эрчим хүчний реакторууд нь дэлхийн цахилгааны хэрэглээний 11 хувийг эзэлж байгаа гэнэ.
Өнөөдөр Ерөнхий бага хурлын бүгд хуралдаанд Казакстан, АНУ, ОХУ, Европын холбоо, БНХАУ, Иран, Украин, Япон зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид үг хэлж оролцсон бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахын чухлыг нийтээр онцолж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон илэрхийлжээ. Үүний сацуу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Е3/ЕХ+3 болон Ираны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг түүхэн чухал үйл явдал хэмээн сайшаан дэмжжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *