Categories
мэдээ цаг-үе

Платини & Блаттер БУРХАДЫН СӨРГӨЛДӨӨН

Өнгөрөгч зун Олон улсын Хөлбөмбөгийн холбоо (ОУХХ)-ны ерөнхийлөгчийн сонгууль шуугиантай үйл явдлын нэг болж өнгөрч билээ. 1998 оноос хойш дөрвөнтөө “хаан ширээ”-нд залагдсан Швейцарийн иргэн 79 настай Иозеф Блаттерыг ОУХХ-ны тэргүүнээс түлхэх асар том ажиллагаа амжилттай төгсөж, өвгөн 2016 оны хоёрдугаар сарын 26-нд болох ээлжит конгрессын хурлын үеэр албан тушаалаа дараачийн хүнд (хэн ч байсан хамаагүй) өгөхөөр болсон. Тэр болтол үүрэг гүйцэтгэгч гэх гуншинтай ажиллахаар тохиров. Энэ бүхэн тавдугаар сарын сүүл хавьцаа болсныг дахиад сануулъя. Зуны улирал уг нь уламжлал ёсоороо бол хөлбөмбөгтэй огт хамаагүй өнгөрдөг цаг хугацаа бөгөөд ихэвчлэн тэр энэ хөлбөмбөгч тийшээ ийшээ зарагдана гэх хов живээр л өнгөрөөдөг амралтын сарууд байдаг юмсан. Гэтэл энэ зун хоёр “том аварга”-ын хэрүүл тасарсангүй байсаар өнгөрөв. Асуудал хаанаас эхлэлтэй юм бэ, жаахан ярилцъя.

2015 он гараад ОУХХ оройгоороо ганхах болсон. Үүнд нь гаднах ч, доторх ч асуудал нөлөөлсөн байх. Ямар үхэшгүй мөнхийн хутгийг олсон биш үргэлж улиран сонгогдох Блаттераас хүмүүс залхах нь ойлгомжтой шүү дээ. Дээр нь эргэн тойрны түшмэлүүд нь идсэн уусан гэх яриа чих дэлсээд бас дээр нь Орос болон Катарт 2018, 2022 онуудын ДАШТ-үүдийг “бэлэглэсэн” нь зарим нэг улсуудын дургүйцлийг хүргэсэн. Гэхдээ Блаттерын хамгийн том алдаа нь нэгд, буух цагаа мэдрээгүй, хоёрт, ДАШТ-д оролцох багуудын тив тивд хуваагдах харьцааг өөрчилсөн явдал гэдэг юм билээ. Цагийн сайханд шигшээ тоглолтод шалгарсан 16 багаас 10-ыг нь илгээдэг байсан Европ өнөөдөр ДАШТ-д оролцох 32 багаас 14-ийг нь илгээдэг болтлоо жижгэрчихээд байхад дуугүй байна гэж үү. Нөгөө талд нь Блаттерын ачаар Африк, Азийн орнууд илүү эрхтэй болж олон багаа ДАШТ-д оролцуулдаг болсон нь бөмбөрцөгийн тив бүрт хөлбөмбөг тэгш хөгжихөд түлхэц болсон уу гэвэл тийм л гэж хариулна шүү дээ. Ийм үед Европын хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг Платини гэнэтхэн түүний хамгийн том дайсан болж хувирлаа. Энэ хоёр цагийн сайханд ах дүү мэт эвтэй найртай хамтарч байсан үе бий. Гэхдээ энэ жилийн хавар зарлагдсан ОУХХ-ны ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөөс л харьцаа нь огцом муудаж билээ. Платини, Блаттерын өрсөлдөгч бүхнийг дэмжиж, тэднийг чухам сайн хүмүүс, шударга хүмүүс гэж магтаад л.

Хөшигний ар дахь хуйвалдаан гэж Монголд ч, Швейцарьт ч яг адилхан дүрмээр явагддаг золиг юм байна лээ. Тэр үед Платини “Надад энэ суудал хэрэггүй. Харин Алиг дэмжээрэй. Тэр хөрөнгө мөнгөтэй, түүнд шунах сэтгэл байхгүй, шударга хүн” гээд илээр өрсөлдөгчийг нь дэмжиж эхэлсэн. Хамгийн гайхалтай нь Йорданы хунтайж Али бин Аль-Хусейнээс илүү сонгогдох боломжтой байсан Фигу, Нидерландын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Микаэль ван Праг нар сүүлчийн мөчид нэрээ татаж, сонгуулиас гарч байлаа. Өнөөгийн өнцгөөс харахад Платини болон тэдний нөхөд “Блаттер нэрээ татаж аваагүй тохиолдолд түүнийг ялна гэдэг бүтэшгүй” гэдгийг мэдэж байж л дээ.

Тэгээд яахав орондоо хөөрхий муу Алиг түлхэхгүй юу. Блаттер тэр сонгуульд итгэлтэй ялсан. Түүний төлөө саналаа өгөх Америк, Африк, Ази тивийн олон холбоод бий. Дараа нь тэр огцрохоо мэдэгдэж, суудалд нь зүтгэх хүмүүст зай тавьж өгснөөр нөгөө айхтар мөрдөлт шалгалт намжиж билээ. Долдугаар сарын 28-нд нөгөө Платини чинь “Би сайн тунгааж бодсоны эцэст хөлбөмбөгийн хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн нэрийг ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж байна” гээд л мэдэгдэл гаргадаг байгаа. Тэр дороо л түүний дэмжээд байсан Али нь “Платини чинь Блаттерийн даган баясагч л байсан биз дээ.

Түүнийг сонговол бүх зүйл хуучнаараа үлдэнэ” гээд муулаад эхлэв. Блаттер ч хоосон байсангүй. Наймдугаар сарын дундуур ОУХХ-ноос нэр хаяггүй “Платини-Шкафанд байгаа араг яс” гэдэг нэртэй материа­лыг холбоодод тараагаад Европын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийг баахан мууллаа. Их хөрөнгө мөнгө эргэлддэг газрын хэрүүл нь хүртэл дуулиантай, сүртэй байдаг юмсанж. Бурхадын хэн нь зодоонд ялах нь вэ. Харж л байя.

Д. БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *