Японы
мэргэжлийн сумо бөхийн энэ сарын барилдаан буюу Аки башё өнөөдөр Токио хотын
“Кокугикан” ордонд эхэллээ. Барилдаан энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд
манай улсын 10 бөх хүч үзэхээр болоод байна. Мэргэжлийн сумогийн 70 дахь
ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын башёг өнжихөөр болжээ. Баруун гарын
тохойны гэмтэл бүрэн эдгээгүй байгаа тул бүрэн хүчээ шавхаж барилдах боломжгүй,
барилдсан ч гэмтлээ улам сэдрээх магадлалтай байгаа тул ийм шийдвэрт хүрчээ. Өнгөрсөн
сарын башёгийн эхний өдөр Харүмафүжи Мёгирюүг давахдаа дэвжээнд гараа эвгүй
цохисноор баруун тохойгоо гэмтээсэн билээ. Тиймээс Аки башёд Хакүхо
М.Даваажаргал, Какүрюү М.Ананд хоёр ёкозүна сумочдоо магнайлан барилдахаар
боллоо. 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлж, Какүрюү
М.Ананд баруун жигүүрийг манлайлах болж барилдаан эхэллээ. Харин гадаад орны
бөхчүүдийн тухайд гэвэл Гүржээс хоёр, Болгар, Египет, Орос, Бразил, Хятадаас
тус бүр нэг тамирчин Макүүчи зиндаанд барилдах аж. Эхний өдрийн барилдаанд
Хакүхо аварга Окинамид унасан бол Ананд аварга өрсөлдөгчөө давлаа.