Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Монгол классик биш хөрөнгө оруулалт хийдэг Хятад, Орос зэрэг улсад л таатай болж байж магадгүй

Монголын
уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Зэсийн үнэ
огцом уруудсан, нүүрсний үнэ ч уруудсан хэвээр гэж ирээд яривал уул уурхай
хэцүүхэн байна. Бодит байдал яг ямар байна вэ?

-Уул уурхайн
бодит байдал гэхээр салбарын яам, АМГ-аас төчнөөн тонныг олборлолоо, тэдийг нь
борлууллаа гэх мэт статистик голдуу мэдээлэл өгдөг л дөө. Тоо нь их бол сайн,
бага бол муу гэсэн хэмжүүртэй. Яг энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд ажиллахад хэр байгаа вэ гэдгээр л нөхцөл
байдал нь илүү бодитой гарч ирэх болов уу. Саяхан нэг сэтгүүлч надаас зэсийн
үнэ буурсаар байгаад Эрдэнэт, Оюу толгой зогсолт хийхдээ тулбал яах вэ гэж
асуусан л даа. Том төслүүд зогсоно гэж байхгүй. Эрдэнэт өртгөө нөхсөн. Бас ч
гэж амиа аваад яваад байна. Оюу толгой асуудалтай ч зогсвол бүр их алдагдал
хүлээнэ. Байнга ажиллахаас аргагүй. Одоогийн байдлаар голлох ганц бүтээгдэхүүн
зэс л байна. Гурван жилийн өмнө нүүрсний зах зээл гэнэт сайхан болсон. Хятадын
гол нийлүүлэгч Австралид үер болж, манай нүүрс үнэд орсон хэрэг. Ёстой
сохорсон биш завшив гээч л болсон. Тэр үеэр улай үзсэн хэрээ шиг хоорондоо
баахан толхилцож, овоо хэдэн төгрөг олсноо улс даяараа хувааж идээд дууссан л
даа. Нүүрсний үнэ үргэлж өндөр байх юм шиг санаж буруу бодлого явуулсан, буруу
нөлөөнд автсан.

-Буруу нөлөөнд
автсан гэдгийг төмөр зам барих ажлыг дундаас нь гацаасан явдлыг хэлж байна уу?

-Ер нь бол тийм.
2008 онд төмөр замын анхны зөвшөөрлүүдийг олгож эхэлсэн. Тухайн үед нүүрсний
үнэ 2011 оных шиг сайн байгаагүй. Нарийн, өргөн
ямар цариг нь хамаагүй, уурхайгаас төмөр замаа барь гэж байсан. Гэтэл
нүүрсний үнэ дараа жилээс нь аажмаар биш огцом өсөөд эхэлсэн. Төмөр замаа бас л
нэг бизнес гэж хараад зогсонги байдалд оруулчихсан л даа. Үүнийхээ горыг одоо
амсаж байна. Тухайн үед төмөр замаа барьсансан бол нүүрс олборлолт,
тээвэрлэлтийн өртөг огт өөр, илүү хямд байх байсан. Өнөөдрийнх шиг нүүрсний
хэдэн уурхайгаа нам зогсоохгүй боломж байсан.

-Нүүрсний
олборлолт бүр таг зогсчихсон уу?

-Олборлолт хийж
байгаа ганц ч компани алга. Олборлосон овоолгоо энэ жилдээ ачаад дуусгах байх.
Дараа жилээс ямар нэг гайхамшиг,
Австрали шиг нүүрсний гол нийлүүлэгч улсад байгалийн гамшиг болохгүй л
бол нүүрсний үнэ өсөхгүй. Хятадад сар бүр нүүрсний мэдээ гэж гардаг. Эрчим
хүчний нүүрсэн дээр илүү анхаардаг. Гэхдээ коксжих нүүрсний мэдээлэл ч явуулдаг
юм. Тэр мэдээнээс харж суухад коксжих нүүрсний үнэ сард 1.4-1.9 хувийн уналттай
байна. Энэ байдал тогтворжвол сайн мэдээ. Харамсалтай нь нүүрсний үнэ цаашдаа ч унах магадлалтай гэсэн
таамаг санаа зовоож байна.

-Алт арай
гайгүй байна уу, татварыг нь хөнгөлчихсөн, одоо зээл өгнө гэж яриад байгаа…?

-Алтан дээр бид
нүүрс шиг мөн л алдаатай бодлого явуулсан.
2006 оноос эхлээд алтны үнэ гайхалтай гэмээр өссөн. Гэтэл манайханд гэнэтхэн нэг гоё санаа төрчихсөн. Тэр санаа
нь 68 хувийн татвар авах хууль. Гэнэтийн ашгийн татвар гэсэн айхавтар нэртэй.
Дараахан нь урт нэртэй хууль гээд баталчихсан. Монголын алтны салбар нэг
онцлогтой. Үндсэн ордын илэрц маш ховор. Ихэнх нь шороон орд байсан. Урт нэртэй
хууль гэж гаргаад 2009 онд хэдэн шороон
ордоо тэр чигт нь нам зогсоосон. Тэгээд ч хуулиа хэрэгжүүлж чадаагүй. Сүүлдээ
бүр түдгэлзүүлсэн л дээ. Ийм шийдвэр гарангуут өнөө лицензтэй талбайнууд
компани, улсын алиных нь ч биш болчихсон. Байгаль орчныг хамгаалах биш
сүйтгэдэг хуультай болсон доо. Энэ жилээс урт нэртэй хуулийг дагаж мөрдөх
журмын тухай хууль гэж гаргасан. Удаан хугацаанд зогсолт хийж, үндсэн хөрөнгө
нь бараг үгүй болсон компаниудад улсаас зээлийн дэмжлэг үзүүлнэ гэж амлаад
байгаа. Ингэж ярьж байгаа ч ажил болсон
нь бага. Үүнээс ч том асуудал байна. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын
дагуу лицензээ сэргээх гэсэн компаниуд өнөөдөр яах ч аргагүй байдалд орчихлоо.
Тэд БОНХАЖЯ дээр очоод гацчихсан. Координатын зөрүү гараад байна гэсэн ганц
тайлбартай. Засгийн газар, УИХ-аас уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдлыг бодолцоод
хөрөнгө оруулагчдад таатай, ажиллахад
дөхөм орчин бүрдүүлэхийг хичээж байгаа ч процедурын хувьд бодитой үр дүн
гарахгүй байна л даа. Хууль, журам, дүрэм гардаг ч хэрэгжих явцад хүнд суртал
их байна. Хүнд суртлаас гадна үл ойлголцол гэж том шалтгаан бий.

-Жишээ нь ямар
үл ойлголцол гараад байна вэ?

-Саяны онцолсон
координатын зөрүүний асуудал. АМГ, БОНХАЖЯ-ны кадастрын координатын зөрүүг
хэлээд байна л даа. Миний сонссоноор аль өнгөрсөн жил л нэгдсэн системтэй болох
гэж байгаа дуулдсан. Удаан хугацааны ажил байх. Гэхдээ энэ маягаар компаниудын
ажилд саад тушаа болоод байгаа нь цаанаа том
хохиролтой.

-Төмрийн
хүдрийн зах зээл ямар байгаа вэ?

-Жилд ганц, хоёр
зуун мянган тонныг гаргадаг байснаа хоёр сая тонн болтлоо өссөн үе бий. Гэхдээ
одоо буцаад зогсч байна. Төмрийн хүдэр дэлхийн зах зээл дээр байхгүй болж байна
л даа. Манайхан нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Эрдсийн үнэ сайн байхад
маргалдаж, элдэв янз болж байгаад татварыг нь нэмчихдэг. Үнэ буурангуут болохоо
байлаа гэж сандралдаад татвараа буцаагаад буулгадаг. Бидний гол алдаа энэ.
Ашигт малтмалын үнэ өгсөж уруудсаар өнөөг хүрсэн. Манай эрх зүйн орчин ашигт
малтмалын үнийн өөрчлөлтийг дагаж явдаг хошин шог шиг хандлага байна. Үүндээ
анхаарах цаг болсон.

-Шинээр лиценз
олгож эхэлсний дараахан салбарын яамнаас хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт
нэмэгдэнэ гэсэн өөдрөг мэдээ дуулгаж байсан. Ер нь лиценз олголт ямаршуухан
байна?

-Эдийн засгийн
сайн мэдээний нэг л дээ. Гацдаг нь яахав, техникийн асуудал байх. Хоёрдугаарт
лиценз өгч байгаа онлайн процедур олон хүнд сэжигтэй харагдаж байж магадгүй.
Нэг минут 12 секундэд 120 лицензийг бүгдийг нь аваад дуусчихсан гээд бодохоор
санаанд багтамгүй л дээ. Хэчнээн хурдан шивээд ой тойнд багтахгүй хугацаа.
Манай ассоциаци АМГ-аас тайлбар авсан. Бүртгэл эхлээгүй байхад систем рүү нь
нэвтрээд, мэдээллээ хийж хакердахгүй л бол хууль бус гэж тооцохгүй гэсэн хариу
өгсөн. Зэрлэг ч гэсэн шууд хэлчихсэн нь их юм даа гэж бодоод сууж байна. Нөгөө
талаас компаниуд АМГ-аас онлайн эрх авах гэж мөнгө төлдөг. Өнөө эрхээ сар бүр
сунгуулахдаа бас мөнгө төлнө. Мөнгөн тоогоор яривал хэдэн тэрбумаар тоологдох
байх. Мөнгөө төлсөөр байгаад эрхээ авчихвал өөр хэрэг. Гэтэл Ашигт малтмалын
хуульд шинээр орсон “Орон нутгаас санал асууна” гэсэн заалт асуудал үүсгэж
байна. Орон нутгийн саналыг авъя гээд 150 хүсэлт явуулахаар 149-ийг нь
татгалзчихдаг. Орон нутгийнхан татгалзсан хариу бичингүүтээ маргааш нь тухайн
талбайг тусгай хэрэгцээнд авна гэсэн тушаал гаргачих жишээний. Дээрээ сайн
сайхан шийдвэр гаргалаа ч доороо ийм л байна.

-Аймаг, сумын
дарга нар нь ийм хандлага гаргадаг юм байж, гэхдээ төрийн бодлого гэдэг утгаар
нь Засгийн газраас ямар нэг алхам хийх ёстой байх…?

-Бид Засгийн
газарт хандсан. Засгаас чиглэл өгнө гээд удаж байна. Хуульдаа орон нутгийн
саналыг авна гээд заачихсан учраас засаг нөлөөлөхөд хэцүү. Хуулийнхаа дагуу
саналаа өгсөн, татгалзсан.

– Мөнгө босгох
боломжтой, туршлагатай компанид лиценз ирэхгүй байна, дандаа шинэ компаниудын
нэр байна гэсэн шүүмжлэл бий. Энэ хэр
ортой шүүмжлэл вэ?

-Лиценз авсан
компаниудын дунд хэвлэлийн компани ч явж байх шиг. Хамгийн гол нь бараг 99 хувь
нь огт мэдэхгүй компани байна. Тэгэхээр лиценз наймаалцах явдал гарч магадгүй.
Гэхдээ тэглээ гээд буруу юмгүй л дээ.
Үнэхээр нөөцтэй газрыг АМГ-ынхан мэдэж байгаа. Тэд мэдээллийн асар их суурин
дээр сууж байгаа. Тийм учраас “Хэрэгтэй лицензүүдээ өөрсдөө хуваагаад авчихаж
байгаа юм биш үү” гэсэн хардлага төрж байгааг үгүйсгэх аргагүй. Эцэст нь хэлэхэд УИХ, Засгийн газраас эрх
зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихлөө. Одоо хэрэгжүүлэх асуудал л байна. Гацууртыг стратегийн ордод
оруулсан ч хувь дээрээ тохирч чадахгүй гацаанд оруулчихлаа. Оюу толгой, Таван
толгойн асуудал байна. Ер нь бол нэгэнт эхэлсэн ажлаа бодит болгомоор байна.
Том төслүүдийн ийм асуудал хэмжээгээрээ бага боловч бусад төсөл дээр бууж ирээд
байна л даа.

-Хөрөнгө
оруулалт сэргэх найдвар байна уу. Дэлхийн ихэнх хөрөнгө хөгжиж буй орнуудаас
хөгжилтэй орнууд руу татагдаж байна гэх юм?

-Хөрөнгө
оруулалтын хувьд оройтсон бороо гэдэг шиг юм болоод байна л даа. Эдийн засгийн
бүх л хямралын үед дэлхийн ихэнх хөрөнгө илүү суурьтай эдийн засагтай орнууд
руу татагддаг. Монголын хувьд Мьянмар гэх мэт Африкийн улсуудад хаягдчихсан.
Өмнө нь тэднийг тэргүүлж, тэдэнд жишиг болохуйц хэмжээнд байсан. Харин одоо
манай улс найдваргүй гэсэн жагсаалтад орчихлоо. Европ, Хойд Америк зэрэг
классик маягаар хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг компаниудын хар
жагсаалтад Монгол орсон нь харамсалтай хэрэг. Манай улсын хувьд классик биш,
уламжлалт бус аргаар хөрөнгө оруулалт хийдэг Хятад, Орос зэрэг улсад таатай
болж байж магадгүй. Гэхдээ бас ч гэж
найдвар байгаа. Хойд Америкийн хувьд Монголыг хөрөнгө оруулах ямар ч найдваргүй
гэж үзээгүй. Европын хувьд үргэлж болгоомжтой хандаж ирсэн. Хятадын эдийн засаг
удааширч байна. Бэлэн мөнгөний илүүдэл болж байгаа. Тэр мөнгийг хаашаа хийх вэ
гэж бодож байгаа нь тодорхой. Сүүлийн хоёр, гурван жил Африк руу асар их
хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хүрээнд манай улс руу ч хөрөнгө оруулалт хийж
таарах байх. Гэхдээ Орос, Хятадын харилцаан дунд манайх бараг л хаягдаж эхэлснийг
бүгд харж байгаа. Казахстаны хувьд хоёр орны хооронд гүүр болоод явчихлаа. Хийн
хоолойг анх ярьж эхлэхэд л манайхан улс төр хийж, бөөн юм болсон. Тэгсээр
байгаад Монголын газар нутаг дээгүүр хийн хоолой тавих Оросын сонирхол
багассан. Зах зээл рүү хий нийлүүлэх гэж байгаа бол гуравдагч орноор хоолойгоо
дамжуулах хэрэггүй гэсэн жишээ Украйнаас эхлээд гараад ирчихсэн. Тийм учраас
Монголын газар нутгаар хийн хоолой тавих асуудал бараг л байхгүй болсон болов
уу.

-Хятадын шинэ
торгоны замд манайх дажгүй оролцоотой байж чадах болов уу?

-Хятадын шинэ
торгоны зам төсөлд Монгол үндсэндээ байхгүй. Одоо яриад байгаа нь ердөө салбар
төсөл нь. Үндсэн улс нь Казахстан, тэгээд бага Ази шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *