Өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр өчигдөр болсон Л.Гансүхтэй холбогдох шүүх хурлын талаар мэдээл хийсэн. Энэ үеэр хэргийн гол гэрч гэгдэж байгаа Үндэсний Аудитын газрын шинжээч н.Ичинхорлоогийн ярианы бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон юм. Бичлэгт АТГ Л.Гансүхийн хэрэгт урьдчилсан дүгнэлт гаргасан талаар ярьжээ. Энэхүү бичлэгийг нотлох баримт болгон прокурорын газарт хүргүүлсэн ч прокурорын газраас Л.Гансүхийн хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ хавсаргаагүй гэнэ. Тэрээр өчигдрийн шүүх хуралд уг бичлэгийг авчрах хүсэлтийг гаргасан болдовч шүүх хүлээж аваагүй аж. Түүнчлэн Ц.Баасандорж “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд ерөнхий шүүгч шийддэг. Гэтэл бид хүсэлтээ бичгээр хүргүүлээгүй байхад шүүх бүрэлдэхүүн биднийг торгож, хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан. Бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан. Гэвч эцэстээ өмгөөлөгчид шүүхийг үл хүндэтгэсэн гэх боллоо. Шүүх хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрх, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж ийнгэж ажиллаж болохгүй” гэв.