“Ахиллис-Монгол” байгууллагаас энэ сарын 13-нд болох бүх нийтийн марафоны талаар мэдээлэл өглөө. Олон улсын“Ахиллис” байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн идэвхтэй болгох, тэднийг олон нийт ойлгохыг уриалсан бүх нийтийн гүйлтийг дэлхий даяар зохион байгуулдаг аж.
Монголд анх удаа энэ арга хэмжээг бүх насны ангиллаар гурав, тав, 10, 21 км-ийн зайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Гүйлтэд зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд гэлтгүй энгийн иргэд ч оролцох боломжтой ажээ. Одоогоор хотын дарга Э.Бат-Үүл болон дүүргийн удирдлагууд, ЭМСЯ-ныхан бүрэлдэхүүнээрээ оролцохоо илэрхийлжээ. “Ахиллис-Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч О.Саранчулуун “Нийгмийн хариуцлага гэдгийг хэн нэгний өмнө хийж бүтээсэн зүйлээр хэмжихийг хэлдэггүй. Харин өөрийн амьдарч байгаа орчиндоо, нийгмийн төлөө хариуцлага үүрэх ёстой. Үүний тулд зохион байгуулж байгаа ажлын нэг нь энэхүү бүх нийтийн гүйлт юм. Зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй гэлтгүй бүх нийтийг арга хэмжээнд оролцохыг уриалъя” гэлээ.