Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь ДАШТ 2015 оны энэ сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа билээ. Энэ удаа 100 гаруй орны эрэгтэй, эмэгтэй 650 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэдгээрээс АНУ, Украйн, Турк, ОХУ, Казахстан, Япон, Энэхтэг, Азербайжан, Беларусь, БНХАУ-ын шигшээ 24 тамирчинтай буюу бүтэн багаараа оролцоно.
Тэмцээний эхний гурван өдөр сонгомол бөхийн барилдаанууд болох бөгөөд өнөө шөнө 02:00 цагт чөлөөт бөхийн барилдаанууд эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар өглөө 10:30 цагаас болох юм.
Ирэх жил Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI наадам болно. Энэ жилийн дэлхийн аваргад жин бүрт эхний зургаад орсон бөхчүүд Олимпийн эрх авах юм. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдах хуваарь гарчээ.
Ш.Гомбосүрэн