МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Өнөөдөр МАН, Хамаг Монгол хөдөлмөрийн нам, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 22 гаруй нам байдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын үндэсний зөвшилцлөөр Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвшилцлөөс Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэдэгт санал нэгдэж, 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан. Тухайлбал, шинээр хуулийн төсөл боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн” гэв.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Сонгууль ойртсон энэ үед УИХ-аас байгуулсан ажлын хэсэг хэт удаашралтай ажиллаж байна. Одоо цаг хугацаа бага байгаа тул Сонгуулийн хуулийг шинээр батлах боломжгүй. Харин 2012 онд баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ирэх онд болох УИХ-ын Сонгуулийн дараа АСЕМ-ын том хурал болно. Энэ үед Монгол Улс УИХ, төр засагаа тогтвортой болгосон байх ёстой. Үүнд сонгуулийн хууль томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс улс төрийн намуудын боловсруулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хүсэлт гаргаж байгаа” хэмээлээ.
Ингэхдээ 2012 оны Сонгуулийн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулах гэнэ. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох буюу саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ. Мөн сонгуулийн санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзсэн байна. Гадаадад суугаа иргэдийн саналыг шуурхай авдаг байх, сонгуульд өрсөлдөх жендерийн оролцоо хувь хэмжээг тодорхой болгох нэмэгдүүлэх гэсэн 8 зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгджээ.