Categories
мэдээ цаг-үе

Өвгөн “бүргэд”-ийн яриа

Ахмад дайчны өдрийн дэглэм

“Өвөө нь хэдэн настай билээ” гэхэд гурван настай Э.Индранил охин
“Манай өвөө зуун настай” гэдэг. Үнэхээр ч өдгөө 96 нас сүүдэр зооглож буй,
чөлөөлөх дайны ахмад дайчин Ж.Ядмаа 100 наслах ерөөлтэй буй за. Тэрбээр “Зүүн
хүрээ” хотхонд ач хүү Э.Тулга, бэр М.Ариунтунгалаг, дөч хүү зургаан настай Т.Эрхэмбилэг нарын хамт
амь­дардаг. Э.Тулга, М.Ариунтунгалаг нар Англид Брэдфордын их сургуульд
бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр төгссөн. Тэд 2008 оноос өвөөтэйгөө
амьдарч эхэлжээ. Аав нь гадаадад сурах болж, Э.Тулга хүү өвөө, эмээгийн хүү
болсон гэдэг. “Манай өвөө өндөр настай ч өвчин хэлдэггүй” гэж бэр нь хэллээ.

Бяцхан Э.Индранил цэцэрлэгтээ заалгасан “Гэр бүл” шүлгээ уншив.
“Өвөө минь гэртээ уудам тал, эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр” гэж эхэлдэг сайхан
шүлэг юм.

Өвөөг эргэж тойрч байдаг хэдэн “залуу нөхөр” байдаг гэнэ. Залуу
нөхдийн тоонд өвөөгийн дараа “Улаан од” сонины эрхлэгч болсон хурандаа
А.Баярмагнай, нутгийн хүү,
Архангайгаас төрсөн генерал С.Гомбосүрэн
багтах вий. Генерал С.Гомбосүрэн, Ж.Ядмаа гуай хоёр дарга, цэрэг явж, гадаад,
дотоод томилолтоор ч ганзага нийлдэг байсан нөхөд. Одоо бол амралт сувиллын
найзууд, тэр ч байтугай цэргийн эмнэлэгт хүртэл хамт хэвтэцгээдэг. Эмнэлгийнхэн
ямар сайндаа “Та хоёр хамт өвддөг юм уу” хэмээн хошигносон удаатай.
С.Гомбосүрэн генерал өөрийгөө өвөөгийн
“нарийн бичиг” гэж танилцуулах нь бий.
Хошууч генерал “нарийн бичигтэй” хүн маадгар явах нь зүй. Ж.Ядмаа гуай
сэтгүүлч мэргэжилтэй А.Баярмагнайг
Төв аймгийн сониноос цэрэгт татаж, өөрийнхөө оронд бэлтгэсэн гэдэг.
Хурандаа А.Баярмагнай жил бүрийн цагаан сараар алд цагаан хадгаа дэлгэн
өвгөнд золгодог заншилтай. “Улаан Од”
сонины 90 жилийн ойгоор Ж.Ядмаа гуай Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

“Улаан Од” сонины эрхлэгчээр 21 жил ажилласан түүнийг “Хамгийн
олон жил сонины эрхлэгч хийсэн хүмүүсийн нэг” хэмээн тодотгодог. Түүнийг
эрхлэгч байх үед “Улаан-Од” сонин З9 мянган хувь хэвлэгддэг. Цэргийн ангиудад
идэвхтэн сурвалжлагч нартай байжээ.

Чөлөөнд гарсан хурандаа Ж.Ядмаа 1945 оны чөлөөлөх дайнд
Сулинхээрийн отрядын хилийн цаана үүрэг гүйцэтгэх тусгай штаб удирдан, хоёр сар 17 хоног
байлдааны үүрэг гүйцэтгэж, японы тагнуулуудын үлдэгдлийг цэвэрлэж явсан эр
цэрэг. Эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсэн тэрбээр “Байлдааны гавьяаны
улаан тугийн одон”-гоор шагнагдсан билээ. Цэргийн сэтгүүлч явсан Ж.Ядмаа гуай
хилийн дээс олонтаа алхсан сэтгүүлч. Зөвхөн Москвад гэхэд л гуч гаруй удаа
зочилж, дайрч өнгөрсөн байдаг. Цэргийн парадад жагсч, Бунхант индрийн өмнүүр 29 удаа Жанжин туг барьж
алхсан нь өвөөгийн бас нэг өвөрмөц
статистик. Дандар баатартай “ходий”
явсан гэж байгаа. Ийм нэгэн өвгөн “бүргэд”-ээс
өдгөө ч цэрэг эрийн жавхаа ханхална. Өндөр чилгэр тэрбээр одоо ч
цэх шулуун алхаатай. Өглөө долоон цагт босч, дасгал хийдэг
хэвээрээ. Насны эрхээр нүд, сонсгол нь муудсан ч хөнгөн шингэн, эрүүл
саруул харагдана лээ. Өвөө чихэвч зүүж байгаад радио сонсдог. Шаардлагатай үед томруулдаг шил хэрэглэж
байгаад сонин гарчиглана. Өвөө уужим
саруул өрөөтэй. Өрөөний хананд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Соёлын гавьяат
зүтгэлтэн цолоо хүлээж авч байх үеийн том зургаа байрлуулжээ. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж цэргийн сэтгүүлч явсан хүн.
“Улаан Од”-ын хоёрт ярих сэдэв байсан л байлгүй. “Ерөнхийлөгч уулзахдаа барьж авч үнсээд, сайн
л байдаг юм, хөөрхий. Хамт зургаа авахуулсан. “Та ярьж байгаарай” гэдэг. Хааяа
ярьдаг л юм” гэж өвөө хэллээ.

Хилийн цэргийнхэн хэд хоногийн өмнө алдрыг нь тэмдэглэж,
өвгөнийг хүлээж авсан гэнэ. Урлагийн үзүүлбэртэй, сайхан хүлээж авсанд ахмад
дайчин сэтгэл догдолжээ. Томоос том
“Хүндэт өргөмжлөл” нүдэнд тусав. “Монгол Улсын Бүрэн эрхт байдал тусгаар
тогтнолын төлөө эрэлхгээр байлдаж, баатарлаг
гавьяа байгуулсан эрхэм хилчин танд чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн
баярын мэндийг Монголын мянга мянган хилчний нэрийн өмнөөс дэвшүүлж, хүндэт
өргөмжлөл гардуулав. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал
Ш.Лхачинжав” гэсэн байлаа. Хааяа будилж,
жаахан хадуурс­ныг эс тооцвол өвөө хоёр
гурван цагийн турш ярихдаа ядраагүй.
Дайсныхаа нэр, хочийг хүртэл санаж байсныг яана.

Түүний урт наслах “жор”
уншигчдын сонирхлыг татах нь лав.
Юу идэж уудгийг нь сонирхлоо. “Залуу байхад мах их идэж байсан. Одоо малын мах
даахгүй. Цагаан идээ, боов жигнэмэг ойрхон ойрхон жаахан иднэ. Өөх иднэ. Госпиталь, цэргийн амралтынхан “Та
өөхөө иднэ биз дээ” гэдэг. Өглөө вареньтай талх, өдөр зайдас, бэлэн хоолны
гоймонтой тахианы мах, эсвэл өөхтэй мах, өндөг иднэ. Орой бол эдний хоолноос
иддэггүй юм аа. Хүүхдүүд нэг их цагаан будаа, том төмстэй хоол идээд байдаг юм. Шар будаа бол тэжээллэг хоол. Шар будааг аливаа улсын цэргийн хоолонд өгдөг. Цатгадаг
хоол, тэжээдэг хоол гэж байна. Цагаан будаа бол цатгадаг хоол” хэмээн өвөө
хуучиллаа. Ер нь ийм юм шүү. Орой хэдийд
ч унтаж болно. Өглөө эрт босох хэрэгтэй. Долоод босоод гимнастик хийнэ. Хүйтэн
ус их ууна. Халуун юм ууж чаддаггүй. Ус буцалгаад хөргөчихдөг гэж тэр
хоолны “цэс”-ээ танилцуулав.

Ж.Ядмаа өвөөгийн хүү Эрдэнэ аавынхаа тухай “Насаараа тамхи
татаагүй. Өлчир, дан өмдтэй өвөлжчих­дөг байлаа. Хүнтэй их нийцтэй. Арми даяар алдартай онигоо­чин. Манайд хүн их
цугладаг, хөдөө гадаанаас зочин их ирдэг байлаа” гэж хуучилсан юм. Өвөө өндөр тэтгэвэртэй, хоол хийж, гадуур
явахад нь түшиж тулдаг асрагчтай юм билээ.

Эх орны хүү

“Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн дээ, би. 1920 оны хүн. Миний ээж Жавзан 20 настайдаа намайг төрүүлсэн,
нөхөргүй байсан. Манайх 20-30 хоньтой, ганц морьтой айл байлаа. Бие томтой
хүүхэд байж дээ. Овооны наадамд дээгүүр барилдана. Намайг барилдаж түрүүлэхэд тарган хонины
хуйхалсан өвчүү, хормойтой нь, нэг цайтай өгч байсан санагдана. Багаасаа ядуу
зүдүү амьдралтай байсан. Анчин дагаж,
уул хяраар их явдаг байж билээ” хэмээн тэрбээр бага насаа дурсав. Хүүг 12
настай байхад ээж нь бурхан болжээ. “Ганган Жавзан гэдэг, өндөр нуруутай, гоё
эмэгтэй байсан юм даа. Ээжийгээ би мэднэ
ээ” хэмээн өвөө ярьсан.

Эхнэр С.Сэрээнэнтэй
хамт. 1944 он
Танхимд амжилттай суралцсан хүү
аймгийн төвд багшийн курст гурван сар сурчээ. Бичиг мэддэг болохоор
цэргүүдийн ар гэртээ бичсэн захидлыг айлуудаар явж дууддаг. Багш, Эвлэлийн
үүрийн дарга байхдаа 1940 онд цэргийн албанд татагдан, Сулинхээрийн отрядын
анхны цэрэг болжээ. Сулинхээрийн отряд Дорноговийн хил дээр анх байгуулагдсан
отряд. “Тэр үед цэргүүд их бөөстөнө. Халуун усны газар гэж байхгүй. Ус халааж
байгаад хоёр гурваар нь гэрийн гадаа усанд оруулна. Жагсаалын дарга л бөөсийг
арилгах ёстой” хэмээн өвөө хуучлав.
Сургуулийн багш байсан хүн ариун цэвэр сахиулах талаар туршлагатай нь мэдээж. “Хувцсыг нь
бөөгнүүлээд, том ширмэн тогоотой халуун усанд хийж байгаад буцалгана.
Нэгдүгээрт угаагаад, хоёр­дугаарт бөөснөөс салгах арга. Магтаал хүлээж байлаа”
хэмээн манай баатар сонир­хууллаа. 1942 онд Хязгаарын цэргийн төв сургуулийн
дэргэдэх Заставын дарга бэлтгэх зургаан сарын курст сууж, Дэл дуулгантын
заставын даргаар 22 насандаа томилогджээ. Сулинхээрийн отрядын заставуудаас
хилд хамгийн ойрхон нь Дэл дуулгант агаад хилээс ердөө 800-хан метрийн наана
байрладаг. Бүх үйл хөдлөл нь дайсны нүдэнд ил болохоор өнгөлөн далдлалт
хийх, нууц манаа байршуулах, дадлага
сургууль хийхэд хэцүү байжээ. Дайн эхлэхээс өмнө дайснуудын өдөөн хатгалга
тагнуул туршуул, хорлон сүйтгэх ажиллагаа идэвхэжсэн нь тодорхой. 1944 оны
эхээр Сулинхээрийн баруун сугаар үүрээр нэг этгээд хил зөрчин ирснийг манай
хилчид илрүүлж бууж өгөхийг шаардахад зугтсан учир устгажээ. Түүний авч явсан
бичигт Пунцаг занги гэсэн нэр байв. Энэ хүн тагнуул байсан нь 1945 онд Төхөмийн
сүмээс олзолсон бичиг баримтаар нотлогдсон гэнэ. Хилийн цаахна оршдог Японы
онцгой яамны үйлдсэн нэгэн бичигт ”Пунцагийн унаж явсан морийг 1944 оны эхээр
Уушгийн заставын ноён унаж байснаа дараа
нь түүний баруун талын харуулын ноён унадаг болсон” гэж бичсэн байжээ. “Энэ
үнэн байсан” хэмээн Ж.Ядмаа гуай дурссан.
Мөнөөх хил зөрчигчийн унаж явсан морийг тэрбээр гуравдугаар заставын
даргаас авч унасан юм байж. Дайсан манай
хилчдийг өмссөн хувцсаар нь ялгаж таньдаг байсан ч манайхан ч тэднээс дутах юмгүй. “Өвөрмонголд
Улаанцавын чуулган гэж байсан. Өвөрмонголын хамгийн баруун хойд талын сум.
Долоон хошуутай. Гурав нь манайтай хиллэдэг. Японы тагнуулын үүр уурхай
болсон Онцгой яам гэгч Төхөмийн сүмд
байрладаг. Хил дээр байсан Агьтын овоог тахих нэрээр үе үе туршуул хийнэ. Хилийн застав дээр япон
байхгүй. Дандаа өвөрмонгол цэрэгтэй. Хил шалгаж яваа японуудыг бид нэрээр нь
мэддэг. Дурангаар хараад танина” гэж ахмад хилчин өгүүлэв. Тагнуулын тасгийн
дарга Ч.Дамдинтай найз байсан агаад цаадах нь түүнд Төхөмийн хийд дээр байгаа
долоон япон офицерийн нэрийг хэлж өгчээ. “Хууз Наран харуул эргэж явна” гэж
хилийн харуулынхан дуран­гаар хараад хэлдэг байж. Төхөмийн сүм дэх Японы тагнуулын Онцгой яамны орлогч дарга
Зенкачи Цуяамаг манайхан Хууз Наран хэмээн нэрлэдэг байжээ. Дайн эхлэхэд
Ж.Ядмаа эх орны даалгавраар дайчин нөхдийн хамт хилийн дээс алхаж, байлдааны
үүрэг гүйцэтгэхдээ мөнөөх Хууз Наран хэмээх Монголд тагнуул туршуул хийхээр
бэлтгэгдсэн японыг олзолж ирсэн
билээ.

“Хил дээр элдэв ухуулах хуудас, хүүхнүүдийн гоё ганган зураг
тараах гэж оролдоно. Баригдаж байгаа этгээдүүдийг нэгжихэд тэдний өвөр хормойд нь тамхи, гондом л их
байдаг юм даа” хэмээн өвгөн “бүргэд” сонирхуулав.

Монголчууд эрт дээр үеэс хилээ хамгаалж ирснийг нотлох
сонирхолтой түүхийг бас өгүүлсэн. Заставын төвөөс зүүн гар тийш Түмэн Өлзий
овоон дээр хянах байр байгуулахаар 1943 оны зун газар ухаж байтал таван цагаан
лонхонд арц хүж, будаа хийж хадгаар ороон, агар зандан хайрцганд хийн,
хадгалсан нь гарч ирсэн бөгөөд 1770-аад оны үед Халх Монголын хилийн тэмдэгт
болгон хийсэн зүйл байсныг хожим мэджээ. Эх орны дайны хүнд жилүүдэд хилчид
өөрсдөө өмсөх зүүхээр дутаж байсан ч дайн дуустал жил бүр хоёр сарын
цалин, хүнсний хэрэглээний махаа байлдаж буй Зөвлөлтийн улаан армид тусламж
болгон илгээдэг байжээ. Харин чөлөөлөх дайны үеэр манай отрядад Зөвлөлтийн
цэргийн туслан хамгаалах анги хүч нэмэгдүүлсэн байдаг. “Зөвлөлтийн нөхөд бидэнд
холбоочин, талхчин бэлтгэхэд хүртэл тусалсан төдийгүй шинэ зэвсэг техникт
дагалдуулан сургаж, минемёт, танк эсэргүүцэх гранат, хуяг нэвтлэх сум, холбооны
хэрэгслээр харамгүй тусалж байлаа” хэмээн ахмад дайчин өгүүлсэн. Мэдээж Хятадыг
чөлөөлөх дайн хийсэн учраас хятадуудтай ч түншилсэн биз ээ. Тухайн үед Хятад
орны байдал ороо бусгаа Хятадын ардын чөлөөлөх арми, Го мин даны намын цэргүүд
нь өөр зуураа зэвсэгт тэмцэл хийж байсан
гэдэг. Зөвлөлт, Монголын армийн чөлөөлсөн нутаг болох Улаан цавын чуулган, Бат
хаалгыг Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн ангийн удирдлагад хүлээлгэн
өгчээ. “Ван хэмээх хүний даргалсан Хятадын чөлөөлөх армийн хэсэг нөхөд ирж, бид
Батхаалгыг хүлээлгэж өгөөд бас зэвсэг галт хэрэгсэл, хоол хүнсний тусламж үзүүлсэн”
хэмээн Ж.Ядмаа гуай түүх сөхөв.

“Улаан Од”-ын улаан Ядмаа

Хятадыг чөлөөлөх дайн дууссаны дараа цэрэг эр огт өөр салбарт
“Эх орны манаа”-нд гарах даалгавар хүлээн авчээ. “Эх орны манаа” сонины босгыг
1945 оны намар алхсан юмсанж. “Сонин мэддэг, сүрхий сайн бичдэг гэж намайг энэ
албанд томилоогүй. Ганц нэг жил багш
хийсэн болохоор үг, үсгийн алдаа ч болов харахсан болов уу гэж найдсан
байх гэж одоо хэр боддог” хэмээн өвгөн ярина. Гэхдээ л томилсон дарга нь
“Чамайг сонины хилийн албаны тасгийн даргаар томиллоо. Дайнд оролцож явсан
хүний хувьд өнгөрсөн дайны сургамж, туршлагаар залуу хилчдийг сурган хүмүүжүүл”
гэж захисан гэнэ лээ. Эхэндээ огт боломжгүй мэт санагдаж байсан энэ албанд
гурван жил зүтгэсний эцэст Москвад сонин хэвлэлийн удирдах ажилтны курст сууж,
номын дуу сонсчээ. Сүүлд бас МУИС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн гэж
байгаа. Москвад мэргэжил
дээшлүүлээд ирэхээр нь “Улаан Од” сонины
хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилсон аж. “Манай сониныхон хээрийн сургуулийн үеэр
сонин хэвлэдэг машинаа аваад гарна. Хээрийн сургуулийн үеэр өдөр шөнөгүй сууж
байгаад сониноо гаргаж, нуувчуудаар явж тараадаг байлаа. Яг л дайны үеийн сонин яаж гарч, фронтын тэргүүн шугаманд
дайчдад хүрдэг байсан тэр арга хэлбэрээр ажилладаг байлаа” хэмээн дурсахад нь
цэргийн сонины онцлогийг ойлгов. Дайны
үед зөвхөн талх, ус, сум төдийгүй сонин амин чухал хэрэгтэй зүйлсийн нэг байж
гээч.

Армийн сонинд олон ч юм үзэж туулаа байлгүй. Нэгэнтээ Хятадаас
тусгай онгоцоор зураг хүлээж авсан удаатай. Ардын армийн 40 жилийн ойн баяр
болох гэж байлаа. Гадна дотны төлөөлөгчид ирнэ гээд дээр дооргүй бэлтгэв.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир Ж.Ядмаа руу утасдаж
“БНХАУ-аас БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд,
армийн генерал ирнэ. ЗХУ, БНХАУ-ын хоёр хүндэт зочдын тухай баярын
дугаарынхаа нэгдүгээр нүүрт зураг,
намтартай нь тавиарай” гэж үүрэг өгчээ. Хятадаас ирэх хүндэт зочны намтар,
зураг олддоггүй. Хятадын ЭСЯ-нд ажилладаг Синьхуа хорооны төлөөлөгч рүү утас
цохисон ч “Надад туслах ямар ч арга байхгүй” гэсэн хариу сонслоо. БХЯ, ГЯЯ,
НАХЯ гээд туслаж болох бүх газар руу яриад ч амжилт олсонгүй. Монголоос олох
найдвар тасарсан тул эцсийн аргаа хэрэглэж, Хятадын ардын чөлөөлөх армийн төв
хэвлэл “Чөлөөлөгч арми” сонины ерөнхий эрхлэгч, дэслэгч генерал О Юн Бин рүү
утасджээ. Аз болоход нарийн бичгийн дарга нь бололтой орос хэлтэй эмэгтэй
харилцуур авсан байна. “Монгол Улсад цэргийн баярын арга хэмжээнд оролцох танай
улсын БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Сюй Гуан Дагийн зураг,
намтар хэрэгтэй байна. Нөгөөдөр бид сониноо гаргах учиртай. Тус болооч”
гэлээ. Хэдхэн минутын дараа сонины
ерөнхий эрхлэгч О Юн Биний яриаг мөнөөх эмэгтэй хэлмэрчилж өгөв. “Бид хүсэлтийг
чинь биелүүлэх арга хэмжээ авна” гэнэ.
Орой нь дахин утасдаж “Маргааш орлогч сайдын зураг, намтрыг тусгай
онгоцоор явуулъя. Манай онгоц саадгүй нисч Улаанбаатарт буух талаар та
холбогдох байгууллагууд руу ярина уу” гэлээ.
Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн штаб, хилийн цэрэг,
Гадаад яам, Дотоод яам руу ярилаа. “Зураг хүргэж өгөх ажлаар Хятадаас онгоц
ирүүлнэ гэж үү” хэмээн зарим нь итгэсэнгүй. Тусалсан хүмүүсийг зочид буудалд
хүлээн авч бэлэг сэлт өгөхөөр бэлтгэсэн ч “Бидэнд виз байхгүй учраас буудал руу
орохгүй, сайдынхаа зураг, намтрыг өгөөд буцна” гэжээ. Иймэрхүү адал явдалтайгаар
ойн баярт уригдсан хоёр хүндэт зочны зураг,
материал “Улаан Од” сонины баярын дугаарт нийтлэгдсэн түүхтэй.

Түүнийг дайчин баатрууд­тай
найз нөхөд явсан талаар нь сонирхвол “Баатруудыг шүтдэг. Бүх л баатруудыг мэднэ
л дээ. Халх голын байлдаанд баатарлагаар байлдаж байгаад нас барсан
Лувсандоржийн Гэлэгбаатар гэж байсан юм. Зургадугар дивизийн автомеханикийн
салааны улс төрийн орлогч байлаа. Халх голын ойгоор тэр хүний намтрыг судлаад,
Ж.Лхагвасүрэн генералд “Л.Гэлэгбаатар гэдэг хүнийг би өргөж гаргая. Хөвсгөл
аймгийн Ханх сумын хүн юм билээ. Унаа явдаггүй газар юм байна. Онгоц хэрэгтэй”
гэсэн. АН-2 онгоц суманд шуудан хүргэдэг байлаа. Хөвсгөлд очоод айлд өргөгдсөн
эгчтэй нь уулзав. Эцэг, эх нь аль эрт нас баржээ.

-Манай аав ээж хоёр ядуу байсан учраас намайг айлд өргүүлсэн. “Эгчдээ хань бол” гээд
Гэлэгбаатарыг явуулдаг байлаа. Гэлэгбаатарын авгай О.Лонжид гэж хүүхэн цэргийн
госпитальд байдаг” хэмээн эгч нь ярьжээ. Гэргийг нь олж уулзахад гунигтай түүх
хүүрнэсэн байна. Амаржих дөхсөн гэргий нь Матадад нөхрийнхөө дэргэд байжээ.
Дайн эхлэхэд Гэлэгбаатар Халх гол руу хөвөрсөн цэргийн цуваанд нэгдэв. Хүү
төрсөн тухай аавд нь хэл хүргүүлж амжжээ. Гэлэгбаатараас ирүүлсэн захианд “Би
эх орны төлөө явж байгаад амь үрэгдвэл хүүгээ том болгоно шүү” гэж захисан байлаа.
Гэтэл хэд хоногийн дараа “Зургадугаар дивиз баларсан гэнэ” хэмээн сувилагч нар
ярьцгааж байхыг бүсгүй сонсчээ. Цэргийн ар гэрийнхнийг ачааны машинд суулгаад
нутгийн гүн рүү буцаав. Замд нярай хүү нь салхи цохиулж, өөд болсон гэнэ.

Дөч хүү Эрхэмбилэг өвөөгийнхөө
цэрэгт байхдаа өмсөж байсан малгайгаар гангарчээ.

Ж.Ядмаа гуай цуг дайтаж явсан хүмүү­сийг нь сурвалжилж Л.Гэлэгбаатарын тухай “Улайдсан гол төмөр”
найруу­лал бичсэний дараа баатар цолыг нэхэн олгожээ. Н.Жамбаа гэж 1939, 1945 оны байлдаанд
оролцсон дайчны тухай “Хос гавьяа” гэж найруулал бичээд баатар өгүүлсэн гэнэ.
“Л.Дандар баатартай ходий байсан. Л.Дандарынд үргэлж очдог. Их томоотой,
даруухан, элдэв сонин юм ярьдаг хүн байлаа. Архи их ууна. Баатруудыг бүгдийг
танина” хэмээн өвгөн дайчин өгүүлэв.

“Улаан од”-ын улаан Ядмаа гэж нөхөд нь хочилдог байсан энэ
эрхэм “Ерээд оноос хойш юм ойлгохоо
байсан. Нэг л олон дээд сургууль. Дээд сургууль төгссөн мөртлөө ажилтай хүн
байхгүй. Ойлгож байгаа юм гэвэл юмны үнэ өсөөд, ажил төрөлдөө байран суурин
байгаа хүн байхгүй. Ажилгүй улс л байна”
хэмээн ёжтой ярих юм.

Онигооны мастер явсан тэрбээр наргиантай зангаа гээсэнгүй. Манай
гэрэл зурагчинг Увсынх гэж мэдээд, Увсын хэн гуай нэг удаа гээд л онигоо ярьж байна лээ.

Зохиолч А.Самбалхүндэв хязгаарын цэрэгт алба хааж байсан гэдэг.
Ж.Ядмаа гуай нэг удаа Самбаатай уулзаад “Сонин юу байна” гэхэд нь цаадах нь
“Ойрдоо цэргүүдэд Цогт тайж кино тайлбарлаж байх шив дээ” гэснээс сэдэвлэн
нөхдийн дунд ихэд алдаршсан онигоо мэндэлжээ.

Самбаа цэргүүдэд кино тайлбарлаж байна гэнэ.

-Даргаа энэ хөө хуяг нь ямар гоё юм бэ?

-За яахав дээ. Орос сүүний лаазыг ангалзуур хайчаар хайчлаад,
самбай даавуун дээр нойлийн утсаар торгоочихдог юм.

-Энэ Арслан тайж чинь ямар мундаг хүн бэ?

-Ямар юмных нь Арслан тайж байхав. Театрын Цэрэн­дэндэв
сарлагийн савгаар сахал үс хийчихээд явж байгаа юм. Хулан гээд байгаа энэ
сарчгар хүүхнийг Долгорсүрэн гэдэг. Төв
хорооны Лодойдамба гэдэг хар юмтай явдаг юм гэнэ лээ. Уг нь энэ хоёр худлаа
үнсэлцэх ёстой юм, бүүр жинхнээсээ үнсэлцэж байна шүү…

Кино үргэлжилсээр Арслан тайжийн толгойг авах болж. Цэргүүд ч
шуугилдаад явчихлаа гэнэ. Тэгсэн Самбаа

-За чимээгээ аяд. Ямар жинхнээсээ толгойг нь авч байгаа биш.
Модон сэлэм гялс, гипсэн толгой бөндгөс болж байгаа нь энэ. Харин тэр сэлэм
далайж байгааг чинь цэргийн яамны
дарлагар Жалцан гэдэг юм. Намын сургуульд суралцдаг юм гэсэн. Сурлагаар
тааруухан золиг гэнэ лээ гэх мэтээр үргэлжилдэг урт онигоо юм. Сүүлд дарга нар
“Киноны нууц задаллаа” гэж загнасан чинь
мань Самбаа

-Монгол хүнд монгол киног үүнээс өөрөөр яаж тайлбарлах билээ
гэсэн гэдэг. Харин А.Самбалхүндэв гуай энэ онигоог сонсчихоод “Алах золиг шүү”
гэсэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *