Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийв

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09.45 цагт нээлтээ хийлээ. Чуулганыг энэ удаад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдсан юм.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан байдаг.

Иймд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудал болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр энэхүү ээлжит бус чуулганыг 2015 оны есдүгээр сарын 7-ноос 18-ны өдрүүдэд хуралдуулна.

Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.

Одоогоос 25 жилийн өмнө есдүгээр сарын 9-ний өдөр Улсын Бага Хурлын гишүүд сонгогдож байсан. Тэр үеэд Д.Лүндээжанцан гишүүн, Л.Цог гишүүн, С.Баярцогт гишүүн, Л.Болд гишүүн нар анх сонгогдож байсан түүхтэй. Эдгээр гишүүд болон Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Д.Дэмбэрэл гишүүн нарт баяр хүргье. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой холбогдуулан зохион байгуулагдах арга хэмжээ есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болох тул эрхэм гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *