Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хөлбөмбөгч хөвгүүдтэй, хөгжөөн дэмжигч охидтой ангийнхан

Найрамдлын районы сургууль буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1972-1982 оны 10 “г” ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Офицеруудын ордны урд байрладаг дөрвөн давхар сургуулиа тэд “Гадна талбайд мод тарьдаг ургамлын туршилтын талбайтай, хажуудаа мөсөн каток, урдаа хөлбөмбөгийн модон стадионтой Баянзүрх дүүрэгтээ хамгийн том сургууль нь байсан” гэж ам уралдан магтав. 10 ”г” ангийнхан энд тэндээс цуглажээ. Амгалангийн 27, Шавь цогцолбор буюу 69, Төр хурахаас шилжиж ирсэн нөхөд нэг анги болж. Эдний ангийн 36 хүүхдээс 18 нь хөвгүүд байжээ. Анги дааж төгсгөсөн ачтан нь физик, математикийн Х.Дашдулам багш. “Ангийн багш маань хал нь гаднаа хайр нь дотроо байсан шүү. Биднийг нууцхан их өмөөрнө өө. Тухайн үед ухамсрын шанаа өгдөг багш нараас хүүхдэд ахадсан хатуу үг сонсгохгүй санаатай нь үйлдэл бүрээс нь анзаарагддаг байлаа” гэж ярьцгаалаа. Ангийн хөвгүүд сахилгагүйтэж нэг багшийнхаа уурыг хүргэж л дээ. Өнөө багш “Анх хэрэг тарьсан нөхрийг шийтгэнэ. Тэр нөхөр урагшаа алх” гэхэд нь 18-уулаа урагш алхаж байж. Уурлаж бухимдсан багш хөвгүүдийг зодохоор цагаа тайлаад бэлдэж байтал ангийн багш нь ороод иржээ. Багш нь сахилгагүй шавь нараа шууд өмөөрөөгүй ч харж зогссоор байгаад ууртай багшид зодуулаагүй аваад гарчихсан гэнэ. Хөвгүүд нь энэ явдлыг хөгжилтэйгөөр ярьцгаав.

Эрдэнэцогт буюу Самка “Тухайн үед есдүгээр ангийнхан аравт орох жилээ дайчилгаанд явдаг байсан юм. Батсүмбэрийн сангийн аж ахуйн Үдлэгийн гол дээр бригад гарч намрын ногооны дайчилгаанд явдаг байлаа. Хүнсний ногоо хураана л даа. Тэр үеэр ангийнхантайгаа илүү ойр дотно танилцаж байсан. Жаахан хүүхдүүд ядарна гэх биш. Гитар тоглоод л бусад нь бүжиглэдэг байлаа. Цэргийн жижиг майханд бүжиг хийгээд байвал яах нь тодорхой. Тоос босоод жигтэйхэн юм болно биз дээ” гэж дурсамж сөхөхөд өнөөдүүл нь ч бас намрын хөгжилтэй хөөртэй агшнуудаа ам булаалдан ярьцгаав.

10 “г”-гийнхэн коллективтой гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар ангид нь ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой. Ангийн дарга А.Лхагвадорж нэгдүгээр ангиасаа одоог хүртэл ангийнхнаа командалж иржээ. Ангийн даргын үгнээс нэг ч хүүхэд гардаггүй гэнэ. А.Лхагвадорж “Нэг жил кросс уралдаан боллоо.

Хамт олноор нь дүнг нь гаргана гэдэг юм. Хотын бүх сургуулийн хүүхдүүд оролцлоо. Хамгийн эхэнд орсон хүүхдийн цагийг сүүлд ирсэн хүүхдийн цагтай дундажлаад ангиар нь байр эзлүүлж байсан юм. Жуковын музейгээс Багшийн дээд хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйнэ гэлээ. Бүгдээрээ ярилцаж байгаад цанын спортоор хичээллэдэг А.Цогбаярыг эхлээд гүйлгэлээ. Бусад нь гүйдэггүй охидоо дундаа хийж чадахгүйг нь чирч гулдарч байж барианд орсон. Гэтэл бусад ангийн хүүхдүүд амиа бодоод гүйчихсэн. Манай ангийн эхний хүүхэд тасархай түрүүлээд барианд орчихож байгаа юм. Бусад ангиас эхэнд орсон хүүхэд өчнөөн ч гэлээ гүйж чаддаггүй нь бүр хойно үлдчихэж байгаа юм чинь. Цагийн дараа орж ирсэн охин ч байсан. Тэр уралдаанд манай анги түрүүлж воллейболын сетк, бөмбөгөөр шагнуулсан. Шагналаа сургуульдаа өгч байлаа” гэж ярилаа.

Хөвгүүд нь хөлбөмбөгт нугасгүй байж. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг бараг л эдний ангийн хөвгүүдээс бүрддэг байжээ. Сургуулиар тогтохгүй 1982 оны идэрчүүдийн шигшээд голлосон гэхээр мундаг хөлбөмбөгчин хөвгүүдтэй анги байсан нь илэрхий. Арвын “г”-гийн хөвгүүд өнөө л нийтэч зангаараа дөрөвдүгээр ангийнхнаа бэлджээ. Өнөө хүүхдүүдээс нь лигийн дасгалжуулагч, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс ч бий гэнэ.

Хөвгүүдийн хөлбөмбөгт дурласан түүх их сонин юм. 1982 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Герман, Бразилийн баг өрсөлдөж байсныг хараад л энэ спортод хорхойсчихсон гэж байгаа. Ангидаа Бразил, Германы баг болж хуваагдаад тоглож эхэлжээ. Сургуулийнхаа модон стадион дотор өнөө Бразил, Германы “мундаг” багууд өглөө хар үүрээр ирээд цаг хэртэй тоглочихдог байж. Дараа нь хагас цаг хичээлээ уншчихаад хичээлдээ ордог байжээ. Тэрнийхээ хүчээр хөвгүүдийн сурлага сайжирсан гэнэ. А.Лхагвадорж тэр үеэ “Одооны хүүхдүүдийн тоглодог шиг бөмбөг байгаагүй. Хаймар үлээж арьсаар боож үдээсээр үдчихсэн бөмбөгтэй. Бас Чехийн гала гээд хаймеран бөмбөгтэй байсан юм. Үдээстэй хэсэг нь нүцгэн биен дээр цохих үед их өвдөнө. Аравдугаар ангиа төгсөх жил 100 төгрөг гээд анхны одтой бөмбөг нийтийн худалдаанд гарсан юм. Тухайн үед тэр бөмбөгөөр тамирчид л тоглоно. Бидэн шиг нусан буу нарт юу гэж олдох вэ дээ. Манай ангийн хөвгүүд тав таван төгрөг гаргаж, үлдсэн 10 төгрөгийг нь охид өгч байж одтой бөмбөг авч байлаа” гэж дурслаа.

Б.Гантөмөр “Алтанбаганын аав хэвлэх үйлдвэрт байсан юм. Ааваас нь угаахад арилдаггүй будаг авч майкан дээрээ яг хөлбөмбөгчдийнх шиг дугаар тавина аа. Тэр үед Оросын сэтгүүл дээр Америкийн NBA-ийн ганц нэг зураг гарч байсан юм. Дуурайж байгаа нь тэр. Номерийг нь сүүдэртүүлээд будна даа, харин ч нэг. Бусад ангийнханд тийм будаг олдохгүй. Хамгийн гоё хувцастай нь бид” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөлбөмбөгийн өмсгөл хувцасны яриа дуусахгүй шинжтэй.

Цогбаяр “Тэр үед бас кет байхгүй. Вьетнам кет гээд хөл нүцгэн байгаагаас ялгаагүй нэг юм өмсөнө. Тэгж байтал шанхай кет гараад ирдэг юм. Их дэлгүүр дээр анх удаа албан ёсоор шанхай кет зарна гэж дуулдлаа. Өглөө долоон цагт Их дэлгүүрийн гадаа очоод зогслоо доо. Зөндөө хүн байна. 09:00 цагт дэлгүүрийн тор дээшээ онгойнгуут хар эрчээрээ гүйлдээд орчихлоо. Дөрвөн давхраасаа нэг давхар хүртэл улаан олс татчих­сан, оочир гэж аймаар. Алаан болж байгаа юм. Баахан оочирлож дөр­вөн давхар хүрэхэд жижиг цонхоор 60 төгрөг авав уу, үгүй юу холбоотой кет чулуудчихлаа. Юун тэр размер. Авч явах замдаа л өөрсдөөсөө размераа асууж кетээ авцгааж байгаа юм. Маргааш нь манай баг дан “шанхай”-тай мундаг хүүхдүүд. Нийгэмлэгийн шигшээ шиг л юм харагдаж байгаа юм чинь. Шанхай кетний нэг хэцүү юм нь угаахаар шарлачихна. Тоглолтын өмнө шүдний оогоор будаад ордог байсан” гэж ярив. Спортоор хичээллэх дуртай ангийнхнаас спортоор явсан хүн байхгүй гэнэ. Бүргэдээ нь л хөлбөмбөгийн “Алдар” нийгэмлэгийн тамир­чин байжээ. Б.Гантөмөр “Тэр маань бурханы оронд очсоон” гэж нам дуугаар хэлж байна.

Охид хөлбөмбөгт ямар рольтой байсныг сонирхоход хөвгүүд “Охид маань хамгийн сайн хөгжөөн дэмжигч байсан. Тэмцээнд орохоор багаар нь үнэлдэг. Бид нэг, хоёрдугаар байрт ороход эд маань явахгүй. Сүүлдээ их гэмшсэн. Яагаа ч үгүй хожигдчихоод хоол унд бэлдэж биднийг нэгнийдээ хүлээдэг болсон. Хожигдсон гэмээ цайруулаад төгрөг 20 мөнгөний жижигхэн торт аваад тавьчихна аа бас” гэж нөгөөдүүлээ цаашлуулав.

Эдний ангийнхан сайн багш нараар хичээл заалгаж байснаа байсгээд л дурсах юм. 14 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж байсан анхны алтан үеийн багш нараар хичээл заалгаж байж. Л.Доржсүрэн, Б.Баатар, Я.Болд, Г.Болд, Шархүү, Ц.Ичинхорлоо, Х.Бадрах, Т.Даваахүү, Б.Алтангэрэл гээд урсгаж өгөв. Мэдээж хамгийн хайртай багш нь ангийнх нь Х.Дашдулам багш.

Хөлбөмбөгч хөвгүүд баг, багаараа сургуулиа төгсөтлөө байлдаж тоглодог байж. “Дан” гэж амаараа буудаад чи үхсэн шүү гээд дараагийнхаа хүнийг буудахаар явдаг байснаа ярьж баахан инээлдэв. 10 дугаар ангийн хүүхдүүд байж тэгж тоглоод байхдаа яахав дээ гэж зарим нь мушилзана. Ангийн дарга “Манай сургууль дөрвөн давхар байсан. Дээд хоёр давхарт нэг баг нь гарчихна. Доод хоёр давхраа нөгөө баг нь авчихна. Дөрвөн давхраа эзэлтэл эсвэл подволоо эзэлтэл байлдана. Нуугдаж байгаад нэгийгээ хараад “Дан” чи үхсэн шүү гэхээр тэр нь тоглоомоос хасагдах дүрмээр тоглодог байлаа” гэж сонирхуулав.

Эдний ангийнхан урлагт ч муугүй байж. Цогбаяр “Урлагийн үзлэгийн үеэр манай ангийн хөвгүүд найрал дуу дуулсан юм. “Ну погоди”-гоос санаа авсан байх. Бүгдээрээ хажуу тийшээ жишүүлдэж зогсч байгаад гараа хөдөлгөж дууллаа. Хөвгүүдийн хоороос гадна Бүргэдбаатар, Энхбаяр хоёр гитартай дуулж, үндсэндээ хоёр номер бэлдсэн юм. Тэгсэн чинь бидний тэр номер Монголын радиогоор явдаг болсон. Тэр үеийнхээр бол од болж байлаа шүү дээ. Их л сайн номер болсон юм” гэж ярилаа. Тэгсэн Б.Гантөмөрийн сэтгэл нь хөдөлсөн бололтой, босч ирээд “Яг ингэж дуулдаг байсан юм” гээд “Хаврын нуур шиг дөлгөөн нүдтэй орос нөхөр минь, хайрт эцгийн минь адил уужим санаат анд найз минь” гээд дуулж гарлаа. Тэр дуугаар сургуулийн хөвгүүдийн шилдэг хоор дуугаар шалгарч байжээ. “Талийгаач Бүргэдэй маань гитар сайн тоглодог байсан. 10 жил төгсөхдөө бид өөрсдийн дуутай төгсөж байлаа. Талийгаач аяыг нь хийсэн юм. Яруу найрагч Эрдэнэцогт буюу Самка үгийг нь бичсэн” гэж ангийн дарга ярилаа.

Тэд хичээл болгоныг хөгжилтэйгөөр өнгөрүүлдэг байжээ. Шинэ кино, ном гарсны дараа ангиараа ярилцдаг байсан гэнэ. Б.Гантөмөр, Самка хоёр утга зохиолын дугуйланд явдаг байж. Ер нь эдний ангийнхан ном их уншдаг байсан аж. “Говийн зэрэглээ” киноны талаар хэрэг болгож маргаан өрнүүлж байснаа дурсав. Лхагвадорж “Нэг хэсэг нь Номинг доош нь хийж захирлаар Арслан шиг хүн ирсэн ч суух байсан, нөгөө тал нь захирал Номин хоёрын харилцааг гэгээн хайр гэж маргаад хөгжилтэй байжээ. Энэ маргаанаас болж бараг зодолдоод тарж байсан шүү” гэхэд ангиа төлөөлж цугласан хэд бөөн инээдэм болов.

Эдний ангиас Лхагвадорж Эрхтуяа, Оюун-Эрдэнэ Түмэнжаргал гэх хоёр хос төржээ. Тэд сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа ч одоо болтол байнгын холбоотой байдаг гэнэ. Тав хоноод л уулздаг дотно харилцаатай юм байна. Энэ жил сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа аж. Тиймээс гадаадад байгаа ангийнхаа хүүхдүүдийг уулзалтдаа ирээрэй гэж урьж байгаагаа манай сониноор дамжуулсан юм.

Тэд өөрсдийгөө “Манай ангийнхан дунд эрдэмтэн мэргэд, Улсын их хурлын гишүүн, компанийн захирал байхгүй ч нэг байгууллагад насаараа ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй хүмүүс бий шүү” гэж даруухнаар үнэлсэн. Ирээдүйд хийх ажлаа төгсөх ангид байхдаа л шийдэцгээсэн “хашир” сурагчид юм байна. Гаалийн ерөнхий газарт Цогтбаатар, Энхбаяр, Г.Оюунчимэг нар ажилладаг. Б.Гантөмөр Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийн найруулагч. А.Лхагвадорж Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга. Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрт насаараа ажиллаж байгаа В.Оюунгэрэл, төв шуудан холбоонд ажиллаж байгаа Түмэнжаргал гээд салбар бүртээ л сайн ажиллаж байгаа гэнэ. Наранчимэг гэхэд л “Улаанбаатар” ресторонд 1982 оноос хойш тогооч хийж байгаа аж. Л.Эрдэнэцогт яруу найрагч бөгөөд зарим нь тэтгэвэртээ гарчихсан байгаа ажээ.

Ангийн дарга А.Лхагвадорж “Батсүх Белгид Элчин сайдын яаманд ажиллаж байгаа, Ганболд Германд, Өнөр Америкт, Солонгост Эрдэнэцогт бий. Гадаадад байгаа нөхөд минь хурдан ирээч ээ гэж анги хамт олон чинь хүсч байна” хэмээн ярив. Нэг ангийнхан гэдэг дарга цэрэг гэлгүй насаараа л найзууд байх нь сайхан юм гэцгээж байлаа. Тэгж ярьж байх зуур Гантөмөр талийгаач болсон найз “Бүргэдбаатар, Энхбаяр, Болдбаатар, Цогтбаатар” нартаа гүнээ эмгэнэл илэрхийлье хэмээн хэсэг чимээгүй суусан юм.

Энэ ангийн хамгийн хөгжилтэй хүү болох Цогбаяр төгсөлтийн баярын талаар яриа эхлүүлэв. Тэрээр “Биднийг төгсдөг жил нэг их хонхны баяр тэмдэглүүлэхгүй гэж хорьсон юм. Нэгэнт л уламжлал юм чинь ангиараа хуйвалдаж байгаад тэмдэглэсэн. Тэр үед 25 төгрөгөөр нийлсэн юм. Туулын ах 30 дугаар баазад ажилладаг байсан учраас нэг паз автобус аваад явж байлаа” гэж ярив. Ангийн дарга нь “Манай ангийнхан монтажны зураг муухай гарсан гээд эсэргүүцэл илэрхийлээд бүгдийг нь устгачихсан юм. Тэгээд түүнийгээ нөхөж Ленин багшийн хөшөөний өмнө ангиараа зургаа авахуулж байсан. Түүний дараа Зөвлөлтийн дайчдын хөшөө буюу Зайсан толгой дээр гарчихаад ангийнхаа Энхтуяагийнд очсон. Тухайн үед аав, ээж нь эзгүй байсан юм. Манай нийллэг сэтгэлээс гарахгүй сайхан болж байсан” гэх зуур Гантөмөр “Нийллэгтээ Алтантуяагийн танилуудаар “Москва” ресторанд арын хаалгаар ширээний тал шиг том баярын мэнд хүргэе гээд биччихсэн шоколадан торт хийлгэсэн. Гоё гэж жигтэйхэн. Тэр үед торт байхгүй “Хотол” бялуу гээд хааш хаашаа 20х20 харьцаатай бялуу байсан юм чинь. Би тэрийг нь “Москва” ресторанаас аваад л автобусанд суугаад ангийнхан дээрээ очиж байсан юм. Хүмүүс автобусанд суусан чинь ханарч хараад л хажуунаас өргөөд суудал тавьж өгч байсан” гэж ярив. Цогбаяр “Хамгийн сонин нь 40-50 авдар шилтэй ундаа авчихсан. Тэрийгээ нийллэг дууссан ч ууж дуусахгүй маргааш нь харих замдаа шилийг нь тушаах гээд автобусандаа ууж байсан” гэж сонирхуулав. Эрдэнэцогт “Нийллэгийн дараа ангийн багшид байцаагдаад ангиараа зохион байгуулалттайгаар хэргээ хүлээхгүй гүрийчихсэн. Уг нь биднийг автобусанд явж байхыг ангийн багш харчихсан юм. Автобусанд явж байхад нэг нь багш гэж орилоод бүгд пэр хийж доошоо нуугдаж байсан даа” гэв.

Ангийн дарга нь “Саяхан Алтанбагана маань чихрийн шижинтэй болчихсон гээд үхэхээ хүлээгээд шийдчихсэн хэвтэж байсан. Тухайн үед манай найз мөнгө муутай байсан юм билээ. Бид очоод эм тариаг нь аваад өгье, группт оруулаад өгье, нийгмийн даатгалыг чинь хөөцөлдье гэж ятгалаа. Сүүлдээ “За чамд одоо хоёр сонголт байна нэг нь бидний үгэнд ороод арай илүү удаан амьдрах, нөгөө нь чи өөрийнхөө сонголтоор хурдан үхэх. Алийг нь ч сонгосон бид чамайг оршуулчихна” гэсэн чинь нөгөөх маань инээсэн. Очоод сэтгэл санаагаар өргөөд ярилцаж байгаад бидний үгэнд орсон шүү. Саяхан ярьсан чинь гагнуур хийгээд хэдэн төгрөг олчихоод ангийнхаа айл болгонд цайны цацлын хусуур хийж өгнө гэж байсан. Сэтгэлээрээ сайхан санагдаж байгаа. Нэг анги гэдэг одоо ч нэгнээ түшихдээ чухал шүү дээ” гэж ярьсан юм.

С.Ариунжаргал

Н.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *