Categories
мэдээ цаг-үе

Барон Унгерны алт гэдэг шиг нацистуудын алттай галт тэрэг

Сүүлийн үед дэлхий дахинд нацистуудын нуусан алт олдсон талаар мэдээлэл цацагдаж, чихтэй болгоны сонорыг татаж байна. Юун алт тэр дундаа галт тэрэг дүүрэн алт хаанаас олдчихов оо, нээрээ л Дэлхийн II дайны үед хэдэн улс дамнаж түрэмгийлэл үйлдэж байхдаа цуглуулсан алт мөнгө, үнэт эдлэл байж л таарна гэж дор бүртээ шуугив. Бас тэрхүү галт тэрэг дүүрэн алтыг олчих санаатай хүмүүс ч эхнээсээ “анд” гарч эхэлжээ. Манайхан Барон Унгерны нуусан алт хаана байна гээд ил, далд таавар хэлэлцэж, эрж хайсаар байдаг шиг л зүйл болж байгаа юм байна.

Дэлхийн II дайны төгсгөлөөр Улаан армийн цэргээс зугтаж явахдаа нацистуудын үлдээсэн галт тэргийг олсноо өнгөрсөн сард герман, польш гаралтай хоёр хүн мэдэгдэж, юуны өмнө далан жил хадгалагдсан тэр өвийг олсныхоо хувьд олзны 10 хувийг авах хүсэлтэй байгаагаа хуульчаараа уламжлуулсан юм. Ингэснээр энэ хэрэг өрнөсөн билээ. Битүү хуягласан уг галт тэрэг Польшийн баруун өмнөд хэсгийн Валбрзих хотод байжээ. Уг хот нь битүү ой шугуйгаар хүрээлэгдсэн байгалийн онцлогтой бөгөөд германчууд дайны үед ийм газрууддаа газар доорхи хонгил олноор бариулж байсан гэдэг.

Барон Унгерны алт олдлоо гэхэд манайхан тэгнэ ээ тэр гээд шууд итгэх шиг нацистуудын нуусан вагон дүүрэн алт гэсэн яриа гармагц польшууд аргагүй ээ хэмээн хүлээн авлаа. Угаасаа энэ нутгийнхан дунд Вроцлавд /тухайн үед Германы хот Бреслау гэгдэж байв/ улаан армийн цэргүүд орж ирэхэд германчуудын яаран сандран хөдөлгөсөн алт, үнэт эдлэл, зэвсэг дүүрэн ачсан галт тэрэг ор сураггүй алга болсон тухай яриа жаран дамнан яригдсаар иржээ.

Галт тэрэг эртний цайзын дэргэдэх хонгилоос олдсон юм. Ийм хонгилуудыг германчууд уулархаг газрууддаа олноор үхүүлжээ гэж болно.

Харин ийм яриа гармагц алтны ангуучид, дор хаяж үзэж сонирхох гэсэн хүмүүс тэр нутгийнхан гэлтгүй Польшийн өнцөг булан бүрээс, зарим улс орнуудаас шавах болсон тул орон нутгаас хамгаалалт гаргахаас аргагүйд хүрсэн байна. Польшийн соёлын дэд сайд Петр Зучовски мэдэгдэхдээ “Газар нэвтлэгч радараар шалгаж үзээд Вроцлав-Валбрзих” чиглэлийн галт тэрэгний замаас дөрвөн км-ийн зайд уг биет байгааг олж тогтоосон. Энэ бол нөгөө галт тэрэг гэдэгт 99 хувь итгэлтэй байна” хэмээжээ. Судлаачдын баг ч үүнийг нотолж байгаа аж. Оросын цэргүүд хаяанд ирж, агаараас хүчтэй довтолгоон эхлэх үед германчууд хамаг байдгаа цуглуулсан галт тэргийг хотоос хөдөлгөж, хоригдлуудаар ухуулсан хонгилд нуужээ. Харин үүнийг улаан армийнхан мэдэлгүй гаднаас нь битүүмжилсэн бололтой юм. Тийм учраас ийнхүү олон жил ойн энэ жижиг хотод, эзэнгүй хонгилд нам гүм үлдэж чаджээ. Алт, эрдэнэсээс гадна зэвсэг дүүрэн ачсан тул битүүмжээс нь шууд гаргах боломжгүй хэмээж байна. Тэсрэх дэлбэрэх бодисын аюул, бас олон жилийн турш агааргүй орчинд хадгалагдсанаас дагалдах аюул гарч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм байна. Эхний байдлаар их хэмжээний метаны хий хуримтлагдсан гэсэн таамаг бий. Одоо зэвсгийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд үүнд хэдэн долоо хоногийн ажиллагаа хэрэгтэй гэжээ. Гэвч хураагдсан эрдэнэсийг үзэж харах гэсэн хүмүүсийн тоо дийлдэхгүй байгаагаас иргэдийг тийш хүргэхгүйн тулд нэлээд том зайд хамгаалалтыг тавьжээ.

Уг галт тэргийг 100-150 метр орчим урт бөгөөд 300 тонн орчим алт эрдэнэс, зэвсэг бас урлагийн бүтээлүүд ачсан гэж тооцоолж байна. Галт тэрэг байсан газар нь дундад зууны үеийн Ксиас цайзын дэргэд шахам бөгөөд хэн ч олж мэдэхээргүй нууцлаг газар гэж зарим хүн ярьж байгаа аж. Анх энэ мэдээллийг хүргэсэн хоёр хүнд тусгай багаж байсан бөгөөд үүнийхээ тусламжтай олсон бололтой. Гэхдээ тэдний чухам хэн байсан нь тодорхойгүй байна. Магадгүй их хэмжээний хөрөнгөөс хувь хүртэх учраас нууцалж байна гэсэн яриа ч гарчээ. Польшийн хуулиар ийм тохиолдолд олзны 10 хувийг авах ёстой байдаг бөгөөд эхлээд үүнийгээ баталгаажуулж байж зааж өгснийг нь бодоход ихээхэн хашир хүмүүс ажээ.

Гэхдээ 70 жил хадгалагдсан энэ эд хөрөнгөд олон эзэн гарч ирж магадгүй. Орон нутгийн удирдлагууд үүнийг шууд ухаад гаргачихгүй байгаа нь зөвхөн зэвсэг сэлтээс ч болоогүй байж болох юм. Польшийн нутаг дэвсгэрээс олдсон энэ алтны хэрэгтэй зэрэгцээд хуучны олон түүхүүд сөхөгдөж байна. Үүний нэг нь 1945 онд Улаан армийн цэргээс гадна Холбоотны цэрэг тэр дундаа америкчуудын Унгарын алттай галт тэргийг олсон хэрэг юм. Австрийн нутаг дэвсгэрээс 42 вагон бүхий галт тэрэгний цувааг германчуудын гараас америкчууд авчээ. Уг галт тэрэгний цуваанд голдуу Унгарын жүүдүүдээс авсан үнэт эдлэл, уран зураг, урлагийн бүтээлүүд байсан бөгөөд тэр цувааг Унгарын алттай галт тэрэг хэмээн түүхэнд нэршсэн юм. Нийт 200 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө байсан гэх бөгөөд тэрхүү эд, эдлэл унгарчуудын гарт эргэж ирээгүй билээ. Дайны сүүлийн жилд холбоотон болж орж ирсэн АНУ-ын тал уг хөрөнгийг өөрсдөдөө үлдээжээ. Гэхдээ энэ талаарх мэдээлэл олон жилийн турш дарагдаж ирсэн бөгөөд Билл Клинтон Ерөнхийлөгч болсон цагаас хойш олонд дэлгэгдсэн. Унгарын еврейчүүдийн холбооноос Америкийн эсрэг 2000-аад онд гомдол гаргаж, мөнгийг нэхэмжилж байсан ч шийдэгдсэн зүйл үгүй ажээ. Тэр үед алга болсон урлагийн зарим бүтээл, эд хэрэглэлүүд Нью-Йоркийн дуудлага худалдаагаар зарагдсан гэх яриа ч бий. Тэгэхээр тухайн үедээ эзэн нь мэдэгдэж байсан, хэн авсан нь тодорхой хэрэг дээр асуудал ингэж явж ирсэн болохоор 70 жилийн дараа Польшоос олдсон галт тэрэгний алтан дээр ямар хэрэг босохыг хэн хэлж мэдэх билээ. Оросууд лав битүүмжлээд орхисон алтаа авах тухай ярьж магад, польшууд манай хотоос олдсон гэх байх. Иймэрхүү асуудлыг шийдэхэд дайны үеийн хууль тогтоомжийг дагадаг л байх. Гэхдээ хуучин жишээгээр өөр хэн нэгэн авчихаж болдог хойно юу босохыг хэн мэдэхэв. Дайны буруутан гэдгээрээ олон жил яллагдаж яваа германчууд эрхбиш манайх гэж хэлэхгүй байх. Бусад нь ч байр сууриа илэрхийлж магад.

Тэгээд яривал монголчууд ч бас энэ дайнд өгөх зүйлээ өгч, зориулах зүтгэлээ зориулсан билээ. Дайны эхний өдрөөс л дуустал нь улс орноо дайны байдалд шилжүүлж, “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриагаар хүүхэд хөгшидгүй зүтгэж байсан үндэстэн. Монголчуудын үзүүлсэн тусламж оросуудад гаднаас өгсөн нийт тусламжийн гуравны нэг нь байсан гэдэг. Монголчууд тухайн цагтаа “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нэртэй онгоцны эскадриль бэлэглэж явсан. Түүнчлэн манайхан хагас сая агт морьдоо илгээсэн нь дайны уналга болж байсан таван морь тутмын нэг нь монгол болоход хүргэжээ. Тэр ч байтугай Улаан армийн цэргүүдийн таван шинель тутмын нэгийг монгол хонины ноосоор хийсэн талаар баримтат кинонд өгүүлсэн нь бий. Тэгэхээр Дэлхийн II дайны ялалтын төлөө байгаа чадлынхаа хэрээр бид тусалж байжээ. Газар нутагт нь ороод ирчихсэн орнууд эрвийх дэрвийхээрээ байдгаа гаргах бол нэг хэрэг. Гэтэл тиймгүй атлаа идэж уухаасаа хумсалж, улс орноо дайны байдалд оруулж байгаад тусалсан гэдэг бодитоос бодит тусламж болж таарна. Гээд яривал бидэнд бас ярих юм их бий. Алт л болсон хойно элдэв шунал, яриа, хар сэр дагуулна. Тэгэхээр Польшоос олдсон нацистуудын галт тэрэгний тухай яриа удтал хөврөх биз дээ. Ямартай ч дотроос нь юу гарахыг хамтдаа хүлээцгээе.

Ч.БҮЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *