Орчин үеийн барилгын салбар үүсч, хөгжсөний 89 жилийн ой энэ онд тохиож өчигдөр баяраа тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаярыг өдрийн зочин буландаа урив. Тэрээр гавьяат барилгачин, манлай уяач гээд олон гуншинтай. Гэвч барилгын салбарт нэр нь брэнд болсон “Авзага трейд” компаниараа овоглогдон олноо танигджээ. Авзагын Мэндбаяр л гэж ярих. Тэрээр Булган аймгийн Баян-Агтад төрсөн хүн аж. Багадаа эцэг эхээсээ өнчирсөн талаараа ярьсан байдаг. Тиймээс ч наймдугаар ангиа төгсөөд Дарханы барилгын ТМС-д суралцжээ. Өнчин дүү нараа тэжээхийн тулд бригадын хэвлэл тараах, айлын хонь хариулах зэрэг ажилд нухлагдсанаа хожим нь ихээхэн хэрэг болсон хэмээн дурссан нь бий.
П.Мэндбаяр “Намайг төлөвшүүлж, өдий зэрэгтэй явах эхлэлийг тавьсан газар бол Хилийн цэргийн 0119 дүгээр анги” гэж хэлдэг. 1976 онд цэрэгт татагдаж, энэ ангид хуваарилагдсанаар шинэ цэрэг Дарханы ТМС-д сурсан мэдсэнээ бодитоор нь хэрэгжүүлж, өрлөг, шавар, мужаан гээд бүхий л чиглэлд туршлагажиж, 0119 дүгээр ангийн төдийгүй энэ салбарын урдаа барьдаг мэргэжилтэн болж чадсан байна. Ийм ч учраас халагдах болоход нь ахлагч цол олгож, барилгачдын даргаар шууд улираан ажиллуулах тушаалыг нь гаргачихсан байсан гэнэ. Тухайн үед цэрэгт улираах хүмүүсийг НАХЯ аль эрт судалж, хурлаар оруулан баталдаг байж. Тэгэхээр хүний нүдэнд өртөхөөр нэлээн сэргэлэн, авхаалжтай эр явсан бололтой.
Хилийн цэрэгт ажиллах хугацаандаа тэрээр 700 гаруй шавь бэлтгэж, олон цэргийг барилгын мэргэжилд сургасан байна. Тэднийх нь дундаас VII таван жилийн гавшгайч 28, “Цэргийн алдар” алтан медальтан хоёр, “Тэргүүний ажилчин залуу” алтан медальтан гурав төрсөн байна. Мэдээж бригадын дарга байсны хувьд ажилчид, цэргүүддээ үлгэр болохуйцаар биеэ авч явах учиртай. Ийм л шалтгаанаар Монгол Улсын хэмжээнд зарласан ажил мэргэжлийн уралдаанд улсын рекордыг гурван удаа эвдэж аваргалсан байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн Алтайн отрядаас зарласан социалист уралдаанд Хөдөлмөрийн баатар, барилгачин Б.Цогоо өдөрт зургаан мянган ширхэг тоосго өрж байхад П.Мэндбаяр 12 мянган ширхэг тоосго өрж байсан гэж домог мэтээр яригддаг.
Энэ хэмжээний тоосго бол хоёр машины тэвш дүүрэн гэсэн үг. Үүнийг нэг хүн өдөрт шавар зуураад өрлөгт ашиглана гэдэг туйлын хөдөлмөрчийн илрэл. Мөн хилийн цэрэгт алба хаахдаа Монголын олон тусгай объектод үүрэг гүйцэтгэжээ. Буйрын заставын 25 метр өндөр яндантай барилгыг өргөгч ашиглалгүйгээр өрчихсөн гэдэг. Энэ талаар гэрчлэх хүмүүс хожим нь ярьсан нь мөн л домог шахуу болжээ.
Буйрын заставын тэр яндан Монгол Улсын хилийн 365 дугаар багана дээрээс тодхон харагддаг гэнэ. Түүнчлэн П.Мэндбаярын цэрэгт байхдаа суудаг байсан сандлынх нь дугаар 365 байсан аж. Тиймээс ч гар утасныхаа дугаарын төгсгөлийг зориуд 365 болгон тааруулсан юм билээ.
Нийгэм солигдох үед арми ч цомхотгол явуулж байлаа. Яг л энэ цаг үед өрлөгөөр улсын рекордыг шинэчилж байсан П.Мэндбаяр компани байгуулахаар шийджээ. Түүний байгуулсан компанид хамт алба хааж байсан хүмүүс нь ирж нэгдсэн гэдэг. Үүнээс хэр итгэл даах, тулхтай эр байж вэ гэдэг нь харагдана. Ингээд 1992 онд байгуулагдсан компани нь хаалга, цонх суулгах, шил зүсэх зэрэг барилгын аливаа ажлыг гололгүй хийж явсаар үндэсний томоохон үйлдвэрлэгч болжээ. Өдгөө “Авзага трейд” компанийг нь мэдэхгүй хүн үгүй. Компаниа байгуулаад удаагүй 1993 онд “Авзага” дэвжээг байгуулж явсан эр.
Гэхдээ болоогүй зөвхөн Булган гэлтгүй бөхийн спортод сонирхолтой олон залуусыг дэмжиж байсныг нь өдгөө олон хүн дурсдаг. Өөрөө морь уях дуртай Манлай уяач гэж байгаа. Хурдан морь сонирхдог, үндэсний бөхдөө шимтдэг, жирийн байлдагчаас ажлаа эхлүүлж топ компанийн захирал болтлоо дэвшсэн гавьяат барилгачны талаар өгүүлэхэд ийм байна.
Ж.БАЯРСАЙХАН