Улс үндэстэн болгон өөрийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Нэг хотод нэлээд хэдээрээ ч бий. Хот нь тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шиг нь ч бий. Цэцэрлэгт хүрээлэнд нь очиход яг л диваажингийн нэгээхэн хэсэгт зочилсон юм шиг санагддаг. Цэцгийн хүлэмж, архитектурын гайхалтай шийдлүүд, усан оргилуур, ресторан, төгөл, хүлэмж, спортын цогцолбор, тоглоомын газрууд, амьтны хүрээлэн тэр байтугай саун амралтын газартай нэгэн цогц байдаг. Урлаг соёл, спортын арга хэмжээ, шоу үзүүлбэрүүд тасрахгүй. Өөр өөрийн онцлогоороо дэлхийд танигдсан. Тэрийг нь очиж үзэх гэсэн жуулчдын хөл тасрахгүй.
Улаанбаатарт дэлхийн хотуудын жишгээр иргэдээ амарч зугаалж, чөлөөт цагаа зөв, аятай тухтай өнгөрөөж байх газартай болгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болсон нь сайн хэрэг. Орчин үеийн хот ийм л байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг арван жилийн хугацаанд 95 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн байгуулахаар ТЭЗҮ нь гарч 2013 он гэхэд 1,9 тэрбумыг зарцуулаад байсан. Дараа нь гадны хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбумыг цэцэрлэгт хүрээлэнд зориулсан. Жил жилээр хөрөнгө оруулалт хийгээд л байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Нэг ёсондоо нийслэл өөрийн өмчдөө хяналт тавина гэсэн үг. Амралт чөлөөт цагаа өнгөрөөчих олигтойхон газар ховор болохоор хүүхэд, хөгшин залуу гэлтгүй тийш очих юм. Ялангуяа зуны дэлгэр цагт.
Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд оруулан уг цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилд хөрөнгө мөнгө зарцуулах шийдвэр хотын дарга гаргаж Нийслэлийн иргэдийн хурлын Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг цэцэрлэгт хүрээлэнг удирдах болсон. Тэрээр хувиасаа 40 гаруй га-д нь хөрөнгө оруулалт хийхээр санал гаргаж байсан юм билээ. 2009 онд цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэлж, 2012 оноос иргэдэд үүд хаалгаа нээсэн. 960 га газрыг хамарсан энэ том талбайд юу эсийг хийж болох билээ. Нью-Йоркийн алдарт цэцэрлэгт хүрээлэн ердөө л 43 га. Гэвч цэцэрлэгжүүлэлт ландшафтаараа дэлхийд алдартай. Манай цэцэрлэгт хүрээлэн ландшафтаар дагнаагүй ч иргэдэд хүрэх үйлчилгээ нь үүргийн наймаачдаас хэтрэхгүй. Дугуйн замаар нь зорчигсод дэндүү цөөхөн. Гүйлтийн зам тавьсан ч гүйж байгаа нь тун ховор. Харин эцэг эхчүүд хаяахан бага насны хүүхдээ дугуй унуулж явах нь л харагддаг. Хоосон байснаас ямар ч байсан эхлэл нь тавигдаад явж байгаа. Түмний хөл хөлхсөн газар болох нь болж. Харамсалтай нь цэцэрлэгт хүрээлэнд хөл тавиад л урд хөршийн хоолны гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл л төрнө. Азийн орнууд үндэснийхээ хоолны онцлогийг таниулах хоолны гудамжуудтай. Гэтэл манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэр хоолны гудамжны тааруухан хувилбар болж орхисон шиг.
Үдэш орой болсон хойно хуушуур бууз, шорлог, хорхог, таван цулын шөл, хонины чанасан толгой гээд аль л шингэц муутай, хүнд хоолнуудыг зардаг. Эрүүл ахуйн тухай яриад ч хэрэг байхгүй. Дүүргийн хэдэн цагдаа сайн дурын тогооч нарт шаардлага тавихаас хэтрэхгүй. Үгийг нь сонсч байгаа хүн ч алга. Жижигхэн сүүдрэвч шиг юм босгоод л дор нь хуушуураа хайрч зогсоно. Хажууд нь хуучин автобусны бололтой сандал тавьчихаж. Утаа, үнэрт нь толгой мансуурам. Хоолны үлдэгдэл, хог гэж учир тоймгүй их. Шарилж нь харшилтай хүмүүсийг дахиж очихгүй болтол хашраадаг. Хэрэгтэй хэрэггүй олон бараа, хүүхэд хуурах тоглоом, эрүүл мэндэд хор болохоор хоол зарж, бооцоот, мөрийтэй тоглоом тоглодог газар болж хувирчээ, өнөөх цэцэрлэгт хүрээлэн маань. Утаа май тавин шөнөжин хоол үнэртүүлэн зарах хэрнээ спортлог талын юм тун ховор. Дугуйн зам, 2.5 км гүйлтийн зам, өвөлдөө цанаар гулгах зам тавьсан ч гүйж байгаа хүн ховорхон. Хөлбөмбөгийн, теннис, сагсан бөмбөгийн талбайтай ч үйлчилгээ, үйлчлүүлэгч хоёрын ая дан таардаггүй юм уу, нэг л явц муутай. Олонхи нь спортоор хичээллэхгүй болохоор эндхийн гүйлтийн замаар гүйж яваа хүн бусдын нүд хужирлаж, санаа зовно. Спортоор хичээллэж, явган алхаж явъя ч гэсэн өнөөх түмэн янзын шаардлага хангаагүй хоол ходоод ажиллуулж худалдаж авахаас өөр аргагүйд хүргэнэ. Ингээд юун зугаалга, амралт, юун спорт болоод явчихна.
Хоёр, гурав, дөрвөөрөө сууж жийдэг үхэр тэрэг шиг дугуй нь ганц тойрохдоо мөнгө төлөхийг эс тооцвол спортлог гэхээсээ мөнгө олох гэсэн ядмаг арга. Тийм дугуйгаар ганц тойроод хүний биед сайн нөлөө үзүүлэх нь юу л бол. Спорт сонирхогч залуус Эрх чөлөөний талбай, Чингисийн талбайд дугуйт тэшүүр, гулгадаг тавцан, дугуйгаа унана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх том нэртэй газар залуусыг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, фитнесс, дугуйт тэшүүр, гулгадаг тавцан, эрүүлжих, хөдөлгөөнтэй байх дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлээ сэргээж нэг сайхан юм үзчихье гэсэн ч гялайх юм алга. Олны хөлийн газар гэхэд ядаж л нэг ч мөнгөний машин байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнг эргэн тойронд торлосон нь торны ирмэгүүд хүүхдүүдийн нүүр, гар урчихаад байна гэсэн эцэг эхчүүдийн гомдол сонсов. Гоёмсог хашаатай байна гэж зураг нь гарсан л гэдэг. Таван хуруунд хүрэхгүй тоотой ариун цэврийн газрынх нь хажууханд хуушуур зарж байдаг. Угтаа ариун цэврийн шаардлага хангасан, хөнгөн зууш, ус ундаа, хөөсөн чихэр төдийхөн байхад л хангалттай. Мэдээж зориулалтын мухлагт. Иргэд тэнд амрах гэж, чөлөөт цагаа өнгөрөөх гэж очихоос хоол идэж наймаа хийх гэж очдоггүй. Гэвч нэгэнт зарж байгаа болохоор ядаж л хүүхэд нь нүдэнд нь харагдаж, хамарт нь үнэртээд байгаа хоолноос авна л гэнэ шүү дээ.
Дэлхийн хотуудын дайтай болохыг хүсч байгуулсан ганц цэцэрлэгт хүрээлэн маань нэг иймэрхүү л дүр зурагтай. Оройн цагаар Дүнжингарав худалдааны төв нүүгээд ирчихсэн юм шиг л болдог. Дашрамд хэлэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр эгч нь дүүгийнхээ худалдааны төвийн наймаачдыг цэцэрлэгт хүрээлэндээ ажиллуулаад шөнийн Дүнжингарав болгочихдог юм уу гэлтэй. Дэлхийн нийслэлүүдийн жишигт хүрье гэвэл байгуулсан ганц цэцэрлэгт хүрээлэнгээ тэдний зиндаанд л аваачъя. Японд гэхэд маш олон цэцэрлэгт хүрээлэн байдаг. Цэцэрлэгжүүлэлт, архитектурын шийдэл нь өөр өөр, зориулалт нь ч өөр. Үэно цэцэрлэгт хүрээлэн гэхэд л амьтны хүрээлэнтэй. Томоохон баяр, ёслолын үеэр хоол хийж зарна уу гэхээс бусад үед чихэр, бэлэг дурсгалын зүйлс, ундаа ус л зарна. Алхам тутамд үзэж харах юмтай. Нүд хужирлаж, сэтгэл баясгана. Манайхны хамгийн их очдог Хонконгийн Диснейлэнд ч зориулалтын мухлагт хөнгөн зууш, бэлэг дурсгалын зүйлс зарж, ирсэн хүний тав тух, үзэх харах зүйлээр уйдаахгүй. Үйлчилгээний ажилчид хаа сайгүй байх бөгөөд үйлчилгээ нь тэр олон хүнийг гомдоохгүй, бас сэтгэл хангалуун явуулдаг. Гэхдээ тэр хэрээр ашигтай ажилладаг. Харин манай цэцэрлэгт хүрээлэн эзгүй юм шиг үйлчилгээтэй, эзэд нь наймаачид болж. Гэтэл солонгосчууд хогийн цэгээ өөд татаад цэцэрлэгт хүрээлэн болгосон байна лээ шүү. Бусад улс орнууд дотоодынхоо байтугай гадаадын иргэдийг цэцэрлэгт хүрээлэнгээрээ даллаж байна. Нүд сэтгэлийг нь баясгасныхаа оронд мөнгө төгрөгийг нь аваад үлдэж чадаж байна.
Дэлхийн хотууд шөнийн цагаар ч бужигнаж байдаг. Гэрэлтэй, хүнтэй, үйлчилгээний газруудтай, амьд. Эл хуль харанхуй, айдас төрүүлэм болдог нь манай нийслэл. Хотынхоо төвд байдаг Чингисийн талбай маань харанхуй, гэрэлтүүлэггүй, байсаар нэлээд олон жилийн нүүр үзлээ. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зам дагуух гэрлээс ангид харанхуй байдаг нь хачин. Харанхуй талбайд нь харанхуй улсууд цугладаг. Тэд юу хийдэг нь мэдэгдэхгүй. Өглөө болоход тэрэг тэргээр хог овоорсон л харагддаг. Жанжны нэр гологдож байна гээд Чингис хааныхаа нэрийг өгөөд ч төв талбай нь гэрэлтэхгүй бол, ганц байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ хар зах шиг болгох юм бол ямар юмных нь нийслэл байх билээ.