Categories
мэдээ нийгэм

Автобусны картаас болж оюутнууд суулт зарлаж мөн мэтгэлцэв

Нийслэлийн удирдлагууд энэ сарын 1-ний өдрөөс Улаанбаатар смарт картгүй тохиолдолд 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү 3600 төгрөгийн үнэтэй Улаанбаатар смарт карт нь хүүхдийн, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутны болон энгийн гэх төрлүүдтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар оюутнуудад зориулсан карт нь тараагдаагүй байна.

2010 онд батлагдсан “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-аар оюутнууд үнэ төлбөргүй автобусаар зорчдог байсан юм. Тус журмын дагуу 2015-2016 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих 113 мянган оюутны “Эрхийн үнэмлэх” буюу Төрийн банкны смарт картны захиалгыг цахим систем нэвтэрч байгаатай уялдуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 8900 төгрөгөөр авчээ.

Нийт 64000 оюутны смарт карт хэвлэгдэж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тараагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл тэд гар дээрээ аваагүй байгаа тул нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчиж буй оюутнуудыг төлөөлж Монголын оюутны холбооноос өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагын хариу ирээгүй тул яг одоо Монголын оюутны холбоо болон их дээд сургуулийн оюутнууд Чингисийн талбайд суулт зарлав.   

Энэ үеэр Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар хэлэхдээ “Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор оюутнууд тайван суулт зарлаж байна. Улс орны эдийн засаг хүнд байна. Их дээд сургуулийн төлбөр нэмэгдээд байгаа энэ хүнд үед нийтийн тээврийн асуудал бас нэгэн дарамт болж байна. Тиймээс хотын удирдлагууд шийдвэрүүдээ эргэн хараач ээ. Есдүгээр сарын 1-нээс оюутнууд ямар шугамаар яаж зорчих нь тодорхойгүй байсаар өнөөдөр гуравдахь өдөр нь болж байна. Нэг ёсондоо нийслэлийн удирдлагуудын шийдвэрээс болоод оюутнууд нэг талдаа 1000 төгрөгөөр зорчиж байна. Оюутнууд нийтийн тээврээр яаж зорчих нь тодорхой бус байгаа тул бид зайлшгүй суулт хийх хэмжээнд хүрлээ. Өнөөдөр ямар нэгэн шийд авахгүйгээр оюутнуудаа гэртээ хариа гэж хэлэх боломж ч алга. Шийдвэр гхарахыг хүлээнэ гэхээр хугацаагүй ажил болох гээд байна. Өнөөдрийн тайван жагсаалд 150 гаруй оюутан оролцож байна. Оюутнуудын тоо улам бүр нэмэгдэж илүү хүрээгээ тэлсэн ажил болохыг үгүйсгэх аргагүй. Иргэний нийгмийн байгууллагууд бусад холбоод нэгдэхээ илэрхийлээд байгаа. Тиймээс Нийслэлийн удирдлагууд зөв зүйтэй шийдвэр гаргана гэж итгэж байна” гэсэн юм.

Албадан карт захиалуулсан гэв

Чингисийн талбайд оюутнууд суулт зарлаж байхад нөгөө талд Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр нар МУИС-ийн үүдэнд, мэтгэлцлээ. Монголын оюутны холбооноос оюутнуудад ойрын хоёр жилдээ автобусаар үнэгүй зорчуулна гэж 8900 төгрөг хураан авч албадан карт захиалуулсан гэх асуудлаар тэд мэтгэлцсэн юм.

ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр “Өнөөдөр оюутан 3600 төгрөгөөр хөнгөлттэй зорчих эрхтэй байсан. Гэтэл МОХ-ныхон өнгөрсөн жил 8900 төгрөг гэдэг үнэ зохиогоод 700-аад сая төгрөгийг нь авчихсан. Мөнгө нь МОХ-ны дансанд орчихсон. Карт ч байхгүй мөнгө ч байхгүй. Тэр карт нь бидэнд ямар ч хэрэггүй гэдэг нь нотлогдлоо. Одоо 700 сая төгрөг хаана байгаа юм, бүү мэд. Энэхүү 8900 төгрөгийн картнаас болоод оюутнууд өнөөдөр бэлэн мөнгөөр автобусанд зорчиж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асуухаар оюутны холбооны эрхмүүд худал хэлээд яваад байгаа юм. Үнэндээ МОХ оюутнуудын төлөө юу ч хийдэггүй байгууллага. Жилдээ ганц удаа оюутнуудын автобусны картны захиалга авдаг байгууллага шүү дээ. Оюутнуудаа хохиролгүй болгохоор ийнхүү мэтгэлцэх гэж байна” гэж ярьсан юм. 

Харин Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр “Монголын оюутны холбоо ажлыг БСШУЯ-ны ажлыг нийслэлийн Засаг даргын хэдэн орлогч нар хийдэг болж. Бид үүнийг эсэргүүцэж байна. Одоо Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Ухаалаг карт нь тухайн хүнийг оюутан эсэхийг гэрчлэхгүй тул бид ийнхүү зурагтай картыг Төрийн банктай хамтран гаргасан. Одоогоор хэвлэгдээд байгаа” гэжээ. Оюутнууд өнгөрсөн жил 8900 төгрөгөөр карт авсан. Одоо дахиад 3600 төгрөгөөр автобусаар зорчих ухаалаг карт авч чадахгүй. Хэрэв 3600 төгрөгийн картыг авах шаардлагатай бол өнгөрсөн жил хураалгасан 8900 төгрөгөө буцаан авахыг хүсч байна гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Ийнхүү мэтгэлцээн эхэлсэн ч МОХ-ны Ерөнхийлөгч элдэв тайлбар хийхээс зайлсхийж, ШУТИС-ийн Оюутны тэргүүн А.Төгсбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдээд зугтах шахам явсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *