Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй болжээ. Энэхүү төхөөрөмж нь зөвхөн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулахаас гадна сэрэмжлүүлэг дамжуулах, дэвшилтэт олон үйлдэлтэй нийт 162 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж гэнэ. Уг өндөр чадалтай төхөөрөмжийг аймагтаа суурилуулж, болзошгүй гамшиг ослын үед ард иргэддээ богино хугацаанд мэдээллэх, сэрэмжлүүлэх, аврах, хамгаалах аж. БНСУ-ын Эй Энд Ди компаний мэргэжилтнүүд Булган аймагт хүрэлцэн ирж тоног төхөөрөмжийг аймгийн удирдлага, Онцгой байдлын газарт гардуулан газар дээр нь суурилуулж өгсөн байна. Тус төхөөрөмж нь мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд хангалттай бөгөөд үлдсэн 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтой гэнэ. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор тус аймгаас өөр аймагт суурилуулагдаагүй аж.
Э.Анхбаяр