Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно

УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ны өдөр хуралдах юм уу. Гишүүдийн зүгээс тов зарлагдсан тухай ярьж байна?

-Одоогоор ээлжит бус чуулган хуралдах тов зарлагдаагүй байна. УИХ-ын дарга Засгийн газрын гишүүний нөхөн томилгоог 30 хоногийн дотор хийх хуулийн дагуу энэ сарын 6-ны дотор огцорсон зургаан сайдын нэрийг өргөн барихыг Ерөнхий сайдаас албан тоотоор хүссэн. Ээлжит бус чуулганы тов хэлэлцэх асуудал, үргэлжлэх хугацааг тодорхой зааж зарладаг. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд сайдуудын нэрсээ өргөн бариагүй байна.

-УИХ-ын дарга З.Энхболд дэлхийн парламентын спикерүүдийн уулзалтад оролцохоор АНУ явсан. Есдүгээр сарын 7-ны орой эх орондоо ирэх юм биш үү. Тэгэхээр Их хурлын даргыг орлож үлдсэн хүн байгаа юм уу?

-Тийм. Одоо УИХ-ын даргыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж орлож байгаа. Хэрэв сайдын нэрс өргөн барьсан тохиолдолд Р.Гончигдорж дарга ээлжит бус чуулганы товыг зарлаж 7-нд нээнэ. Нээлтийн дараа холбогдох Байнгын хороод хуралдаж сайдуудын асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдээ гаргах учиртай. Есдүгээр сарын найманд УИХ-ын дарга хурлаа удирдаж эцсийн шийдвэрийг чуулганы хуралдаан гаргана гэж төлөвлөж байгаа. Ер нь цаг алдмааргүй л байна шүү дээ.

-Ерөнхий сайд яагаад сайдуудын нэрсээ өргөн барихгүй намрын чуулган хүртэл хойшлуулаад байгаа юм бол, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санал зөрөлдөөд байгаа гэсэн мэдээлэл яваад байх юм?

-АН-ын бүлэг хуралдаж нэр дэвшигчдийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал тул өөрөө сонголтоо хийгээд оруулж ирэх чиглэл өгсөн. УИХ-ын дарга ч Ерөнхий сайдын мэдэх асуудал гэж байсан. Мэдээж сонголтоо хийхэд Ерөнхий сайдад түвэгтэй байгаа юм болов уу даа.

-Ерөнхий сайд хэ­рэв зур­гааны дотор сайдуудынхаа нэрсийг өргөн барилгүй хууль зөрчвөл яах юм. 1998 онд мөн сайд нараа оруулж ирэлгүй үүрэг гүйцэтгэгчид долоон сар явсан байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Есдүгээр сарын зургаанд хугацаа дуусах гээд байгаа тул Ерөнхий сайдын зүгээс зургааны дотор өргөн барихаас өөр аргагүй. Ерөнхий сайдыг энэ сарын дөрөвний өдөр сайд нарынхаа нэрсийг өргөн барина гэсэн чиг яригдсан юм билээ. Гэхдээ өргөн барих уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Есдүгээр сарын зургаанд сайд нарын нэрс өргөн баригдахгүй, долоонд ээлжит бус чуулган хуралдахгүй бол хууль зөрчсөн үйлдэл болно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг тухайн үед нь шийдэх байх.

1998 онд үүрэг гүйцэтгэгчид долоон сар болж байсан, өнөөдрийн нөхцөл байдал хоёр ялгаатай. Учир нь сая огцорсон зургаан сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй тул заавал нөхөн томилгоо хийх болчихоод байгаа юм. Гэтэл хуулиар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд орон гарсан тохиолдолд 30 хоногийн дотор нөхөн томилох ёстой гэдэг заалтын дагуу асуудал явж байна. 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед огцорсных нь дараа дараагийн Засгийн газар орж иртэл үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тухайн сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байлаа. Энэ удаа МАН-ын зургаан сайдыг огцруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр томилсон бол яваад байж болно. Ийм тохиолдолд 30 хоногийн хугацаа хамаагүй байдгаараа ялгаатай.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс намрын чуулганаар сайд нарынхаа асуудлыг шийдье гэж зөвлөхөөрөө дамжуулан мэдэгдсэн. Их хурлын дарга зургааны дотор оруулж ир гэсэн. Хэрэв энэ хугацаандаа амжихгүй бол ямар хариуцлага хүлээдэг юм?

-Хэрэв хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно. Тиймээс Ерөнхий сайдыг зургааны дотор өргөн барьчих байх гэж бодож байна. Мэдээж Ерөнхий сайдад хүндрэлтэй асуудлууд байгаа л байх. Бүлгээс гарсан шийдвэр, УИХ-ын даргын байр суурь Ерөнхий сайдыг нэрсээ оруулаад ир гэсэн байгаа. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ийм мохоо байгааг гайхаж л сууна. Түүний хувьд “Би ийм хүмүүсийг томилно” гээд нэрсээ шууд оруулаад ирвэл маргах юм байхгүй. Одоо бол энэ хүн миний фракци, тэр хүн түүний фракци гэсэн юм л яваад байгаа болов уу. Тэр ч утгаараа шийдэж чадахгүй байна гэж бодож байгаа. Улс төрийн нөхцөл байдал хүндрэх байх гэж бодоод байгаа юм болов уу.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Манайхан чинь аливаа асуудал дээр өөрийнх нь үгэнд ороогүй бол төр засгийг самардаг, дураараа тонгочдог үзэгдэл хэвийн болчихлоо. Хаа сайгүй л тийм болчихсон байна. Ер нь бол хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ажлаа хийж сурмаар байх юм. АН фракцигүй нам боллоо гэдгээ зарласан. Фракцигүй нам болсон ч юм уу, үгүй ч юм уу. Эсхүл фракциуд нь дарамтлаад байдаг юм уу, бүү мэд. Цаашид шударгаар явахгүй бол Монголын төр төр биш болчих гээд байна шүү.

-Үнэхээр фракциудын оролцоо бий юу?

-Фракциуд оролцсон болоод л өнөөдрийн ийм байдалд хүрч байгаа шүү дээ.

-Есдүгээр сарын зургаанд багтан сайд нарынхаа нэрсийг өргөн барихгүй бол сөрөг хүчин болсон МАН-ын улс төрийн тоглолт болох уу?

-Ингэж удаашрах нь МАН-ын улс төрийн тоглолт л болж хувирна. МАН-ынхны хийх ажил нь тэр болсон. Сөрөг хүчний байр сууринаас хандаад л явчихна. Алдаа оноон дээр нь тоглоод явна. АН-аас томилогдсон хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. 1996-2000 оны хоорондох гашуун сургамжаа давтаж огт болохгүй.

-Тэр замаараа яваад байгаа юм биш үү?

-Арай ч тийм замдаа орчихоогүй байна. Хэрэв бид энэ Засгийн газраа солих юм бол 1996-2000 оны зам руу тэр чигээрээ орно гэсэн үг. Дараагийн Засгийн газар нь тогтвортой байх эсэх асуудлыг хэн ч таашгүй. Маш хүчтэй сөрөг хүчинтэй болчихсон. Улс төрийн тоглолтууд хаа сайгүй явж байна. 1996-2000 оны хооронд тийм ч олон нам өрсөлдөөгүй үед бид тоглуулж явсан шүү дээ. Тэр тоглоомонд орж яаж зовж, зүдэрч байлаа. Тэр түүх л өнөөдөр 25 жилийн түүх болон яригдаж байна. Бид түүхийг давтаад байж болохгүй. Харин ч түүхээ засч сайжруулан, алдаа оноогоо дэнслээд явбал болно. 1996-2000 оны хооронд тийм том алдаа гаргаж сургамж авчихаад ийм байдалтай цаг хугацаа өнгөрөөгөөд байх нь намын болоод ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүй. Би тэр талаас нь шүүмжлэлтэй хандаж байгаа. 1996-2000 оны түүхийг давтах үгүйг АН, АН-ын бүлэг л шийднэ.

-Тодорхой хүмүүс дотроос кабинетаа бүрдүүлээд явах боломжийг Ерөнхий сайдад олгочихсон гээ биз дээ. Мөн дэд сайдаар томилогдох хүмүүсийн нэрс гээд гарчихсан байна лээ. Хүмүүсийн хандлагыг ч та анзаарч харсан байх…

-АН-ын бүлэг болон АН-ын дарга ийм хүмүүсийн нэр яригдаж байна гээд тодорхой гишүүдийн нэрийг Ерөнхий сайдад санал болгосон. Тэдгээр нэрс дундаасаа Ерөнхий сайд зориг гаргаад оруулаад ирэх хэрэгтэй. Харин дэд сайдуудын асуудал намын Гүйцэтгэх зөвлөлд хамааралтай болчихдог. Гүйцэтгэх зөвлөл нь шийдвэрээ гаргаад өгчихсөн байна лээ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг томилгоон дээр анхаарч үзэх ёстой юу гэвэл, тийм.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх үү?

-Хэлэлцэх байх. Ер нь УИХ-ын чуулган завсарласан үед хориг тавигдсан тохиолдолд дараагийн чуулганы эхний асуудал болж хэлэлцэгддэг хуультай. Гэхдээ Өршөөлийн хууль бол олон хүнд хүлээлт үүсгэсэн онцгой хууль учраас хоригийг яаралтай хэлэлцэж эцэслэх ёстой гэж үзэж байгаа.

-Саяхан УИХ-ын дарга байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан хийх тухай захирамж гаргасан байна. Ямар зорилгоор ийм захирамж гаргав?

-Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсан. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам дөрөв, Монголын Үндэсний Дэвшлийн Нам гурван суудал тус тус авч байсан. Энэ бол түүх. Тийм учраас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх үед хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно гэж заасны дагуу захирамж гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *