Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг хөлөөр биш махаар нь гаргая

Улсын онцгой комисс хэд хоногийн өмнө хуралдахдаа дотоодын хэрэглээнээс илүү гарч байгаа амьд мал, махыг экспортлох асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгосон. Нэг ёсондоо монголчууд малыг амьдаар нь гадагш гаргаж болно гэж үзлээ. Ингэж болохгүй. Дэлхийн бусад орнууд махыг үйлдвэрлэлийн технологид оруулаад, боловсруулаад, эрүүл ахуйн шаардлага хангасан үед нь зах зээлд нийлүүлдэг. Манайх шиг амьдаар нь экспортолно гэх сэтгэлгээ байхгүй. Махаар нь гаргавал бидэнд ямар ч ашиггүй. Хөлөөр нь гаргахдаа зөвхөн махаар нь тооцоолж үнэлээд гаргавал түүн шиг хэрэггүй зүйл байхгүй болно. Малд ашиггүй эд эрхтэн, үс ноос гэж нэг ч байдаггүй. Баас нь хүртэл бүтээгдэхүүн болно. Хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын мал шиг бат бөх арьс, ширтэй газар хаа ч байхгүй. Жишээ нь, хүмүүсийн төдийлөн анзаардаггүй сарлаг байна. Монгол сарлагийн шир дэлхийн гутлын үйлдвэрүүдийн сонгодог түүхий эд болдог. Чоно ч мэрээд дийлэхгүй тийм бат бөх ширийг монгол сарлагаас л авна. Түүнтэй адил монгол үхрийн ширийг сайтар боловсруулчих юм бол хүйтэн нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй. Гутлаар зогсохгүй техникийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн туузан дамжлага, жийргэвч, тоноглолын сур гээд олон зүйлд өргөн хэрэглэх боломжтой. Бэлчээрийн үхрийн шир бусад улсынхтай харьцуулбал таваар, технологийн шинж чанар сайтай байдаг гэсэн. Түүгээр ч үл барам чийг 63.3 хувь, уураг 30.1 хувь байдаг нь бусад улс орныхтой харьцуулшгүй өндөр үзүүлэлт гэх юм билээ. Зөвхөн арьс, шир гэлтгүй эд, эрхтнээр нь эм бэлдмэл хүртэл хийдэг гэсэн. Тэгэхээр төрөл бүрийн ашигтай монгол малыг гадагш хөлөөр нь гаргаж хэрхэвч болохгүй. Амьд мал экспортлохыг түргэн шийдэх талаар яригдсаны дараахан Дорнодын “Хавирга-Ар хашаат” боомтоор адуу гаргаж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсан байна лээ. Гаргахдаа голдуу шүдлэн, хязаалан насны адуу ачсан байх бөгөөд нэгийг нь 500 мянган төгрөгөөр үнэлэн урд хөрш рүү нийлүүлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татсан. Иймэрхүү маягаар үнэлэн малаа амьдаар нь экспортод гаргана гэдэг нүүрсээ хямд зарж байгаатай адил зүйл. Монголчууд мал аж ахуй дээрээ нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж гадны зах зээлд нийлүүлбэл уул уурхайгаас дутахгүй ашиг олно. Зөв бодлогоор ажиллаж чадвал “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларыг хэд нугалсан ашиг олох боломж бий. Малыг боловсруулж гаргахад бидэнд ашигтай. Түрүүн хэлсэнчлэн амьсгалаас бусдад нь нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн гаргаж авах хэрэгтэй. Ингэж бид мөнгөтэй болох юм. Монголчууд түүхийнхээ турш малыг амьдаар нь гаргадаг байлаа. Тийм ч болоод бид баян байж үзсэнгүй. Чингисийн үед л дайны олзоор баян, хангалуун амьдарч байсан байх. Тэрнээс хойш дутмаг амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар малаа амьдаар нь гаргаж байжээ. Гадныхан манайхаас мах авч буй нэрийдлээр амьдаар нь импортлоод тэндээ өсгөж, үржүүлээд байдаг. Монгол малынхаа генийг гадны улс орнуудад алдаж байхаар хурдхан шиг малын арьс, шир, түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдээ өргөжүүлмээр байна. Байгаа хэдэн үйлдвэрээ өөд нь татаж, шинэчлэл хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн зөв бодлоготой болбол амьд мал гаргахаас хэд дахин илүү орлого олно. Тэгээд ч Хятадаас бусад улс боловсруулаагүй мах худалдаж авахгүй л болов уу. Учир нь олон улсад эрүүл ахуйн стандартын шаардлага өндөр байдаг. Манайхаас мах авъя гэсэн бүхэн эрүүл малын мах авна гэх ганцхан зүйлийг шаардах нь тодорхой. Саяхан Вьетнам улс манайхаас мах нийлүүлэх сонирхолдоо хөтлөгдөн шинжээчдээ ирүүлсэн байна лээ. Ямар үнэлгээ тавьсан нь өнөөдөр тодорхойгүй байна. Энэ зуурт зүүн хилээр малыг амьдаар нь гаргаад эхэллээ. Мал, амьтнаас гаралтай халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хилээрээ ч давуулах ёсгүй. Гэтэл урд хөршийнхөн маань амьд мал авах санал тавьсан нь цаанаа учиртай юм. Тэд малын юуг, яаж ашиглах вэ гэдгээ мэднэ. Түүхий эдийг нь боловсруулж, үнийг нь хэд дахин нэмээд эргээд манай улсын зах зээлд нийлүүлнэ.

Хэд хоногийн өмнө Зуунмод хотын гутлын үйлдвэрийн дарга зурагтаар ярьж байна лээ. Манайхан арьсаа гүйцэд боловсруулж чаддаггүй болохоор ашиглахад тохиромжгүй байдаг. Түүний оронд хятад арьс хамаагүй сайн байдаг тухай ярьж байсан. Бас нийлүүлэлт бага байгаа талаар ярьж байв. Импортоор орж ирсэн арьсыг өндөр үнээр худалдаж аваад байхаар түүнийгээ дагаад бүтээгдэхүүнээ үнэтэй зарахаас өөр аргагүй болно. Өнгөрсөн жил “Чингис бонд”-ын хөрөнгөөс зээлж авч хэд хэдэн үйлдвэр шинэчлэл хийсний дотор гутлын үйлдвэрүүд байсан. Тэд түүхий эдээ бас л гаднаас авч байгаа. Гаднаас өндөр үнээр аваад байгаа боловсруулсан арьс нь угтаа бол Монголынх. Биднээс хямд үнээр худалдаж авсныхаа дараа боловсруулаад эргээд бидэнд зах зээлийн үнээр зардаг. Энэ нь нэмүү өртөг тэдэнд шингэж байна гэсэн үг. Хэрэв бид малаа боловсруулаад бүтээгдэхүүн хийж гадны зах зээлд гаргавал гурав дахин их ашиг олно гэх тооцоо бий.

2015 оны эхний хагас жилийн байдлаар 66 сая мал зусч байгаа гэсэн тоог салбарын яамнаас гаргасан. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гадаад, дотоодын зах зээлд нийт 20 сая малын мах нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Одоогоор найман компани нийт 4051 тонн мах экспортлох эрх аваад байгаа. Үүн дээр амьд малын тоо нэмэгдэнэ. Тэгэхээр Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлбэл бид мөнгөө алдаж эхлэх юм. Хэрэв боловсруулах үйлдвэртэй болчихвол мал аж ахуйг түшиглэн орж ирж буй мөнгө гурав дахин нэмэгдэнэ.

Хөдөө аж ахуй бол ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг салбар. Бас стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгээрээ уул уурхайгаас давуу талтай. Эдгээрийг бодолцож боловсруулах үйлдвэр барих ажлыг хурдхан эхлүүлэхгүй бол амьдаар нь гаргаж байгаа малынхаа тоогоор алдагдалтай ажиллах нь ээ, бид.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *