Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Хүний эрхийн асуудлаар Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Бага хурал “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус хурлын /8-р сарын 28/ өнөөдрийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Энд хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай, ноёдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улс Ази, Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг хүлээн авч байгаа нь өндөр нэр төрийн хэрэг юм. Ази, Номхон далай гэдэг бол маш том бүс нутаг. Хүний эрх бол хамгийн чухал асуудал гэж би хувьдаа боддог. Энэ чухал ажлыг хийдэг нэр хүндтэй зүтгэлтнүүд энд хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна.

Манай нэг яруу найрагч “Энэ хорвоогийн хамгийн сайхан мэргэжил бол багш” гэж хэлсэн байдаг. Би хувьдаа хүний эрхийн төлөө ажиллах нь энэ хорвоогийн хамгийн нэр хүндтэй, хамгийн хариуцлагатай ажил гэж үздэг.

Ажил ажлын дундаас хүний эрхийг хамгаалах ажил хамгийн чухал, бас хэцүү ажил. Та бүхэн ажлаа явуулахдаа, өөрсдийгөө хамгаалуулж, хуяглуулсан төрийн байгууллагатай, төртэй, албан тушаалтнуудтай олонтаа тулгарч байгаа байх. Бусдын эрхийг хамгаалахын төлөө ажиллахдаа хүний эрхийг зөрчдөг, зөрчих өндөр магадлалтай байгууллагуудтай нүүр тулдаг. Хүчний байгууллагынхан болон цагдаа нартай, шүүгчидтэй, хорих байгууллагынхантай нүүр тулдаг. Тэгээд зарим тохиолдолд хүний төлөө явсныхаа төлөө өөрсдөө хоригддог, эрхээ хасуулдаг, дарамт шахалтад ордог.

Монгол Улс энэ бүс нутгийн өвөрмөц орон. Магадгүй хүний эрхийн төлөө үгээ хэлж яваад дарамт шахалтад орсон хүн энэ танхимд байгаа байх. Магадгүй ярихаас болгоомжилдог, айж эмээдэг сэдэв ч байж мэдэх юм. Харин манай улсад та бүхэн чөлөөтэй үгээ хэлж болно. Тулгамдаж буй асуудлаа Монголд чөлөөтэй ярь. Та бүхнийг ярьсны төлөө Монголд хэн ч асуудал үүсгэхгүй. Хүний эрхийн төлөө зүтгэх ажлаа чөлөөтэй, зоригтой хийгээрэй гэж хэлье.

Хүний эрхийн салбарт бидний хүрсэн амжилт амаргүй байсан. Цаашид ч амаргүй байх биз. Бид өнөөдөр ч гэсэн хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсаар байна. Бид Үндсэн хуулиндаа хүний эрхийн хамгийн чухал заалт, тунхаглалуудыг хийж өгч чадсан. Мөн Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Монгол Улс олон улс, НҮБ-ын хүрээнд гарсан хүний эрхийн бүх чухал гэрээ, протокол, конвенцэд нэгдэж орсон. Одоо эдгээрийг өөрийн улсын хууль, журам мэт мөрдөн ажиллаж байна.

Хүний эрх хүний амьд явах эрхээс эхэлдэг гэж би боддог. Миний бие Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Монголд цаазаар авах ялыг зогсоох, энэ ялд мораториум тавих санаачилгыг гаргасан. Тангарагаа өргөөд өрөөндөө орж иртэл, ширээн дээр хоёр хуудас шийдвэрийн төсөл байсан. Үүний нэг нь цаазын ялтай хэрэгтнийг уучилж, бүх насаар нь хорих ял эдлүүлэх, нөгөө нь цаазаар авах шийдвэр гаргах төсөл байсан. Тун хэцүү сорилттой би тулгарсан. Тэгээд би тухайн гэмт хэрэгтний амийг уучлах сонголтыг хийсэн. Тэр мөчөөс хойш би Монголд нэг ч хүнийг цаазаар авахгүйн төлөө ажилласан.

Монгол Улс цаазаар авах ялын тоогоор тэргүүлдэг, хамгийн муу данстай орон байсан. Умард Солонгос, Беларусьтай Монголыг харьцуулж жишээ авдаг байсан. Цаазаар авах ялын тал дээр хамгийн зэрлэг, балмад, нууц практикийг хэрэгжүүлдэг улс орнууд бол Монгол, Умард Солонгос, Беларусь гурав гэж Эмнести Интернэшнл байгууллага тухайн үед үзэж байсан. Харин өнөөдөр Монгол Улс цаазаар авах ялгүй улс болсон. Хэрэв цаазаар авах ялыг өөрчлөх үү гэж ард түмнээс асуусан бол “үгүй” гэж хариулах байсан байх.

Зарим нэг асуудал дээр манлайлал хэрэгтэй байдаг. Нэгэнт хүний амь насыг хамгийн эрхэм зүйл гэж үзэж байгаа бол энэ бүх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас бид хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангагдахгүй байгаа хүмүүсийн тухай ярилцдаг болсон. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хуулийг бид санаачлаад парламентад өргөн барьж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа мөн өөрчилж байгаа.

Хамгийн эмзэг, эрх нь зөрчигдөж байдаг хүмүүсийн эрхийг бид хамгаалахын төлөө ажиллаж байна. Монголд өнгөрсөн тавдугаар сард “Онлайн эрх чөлөө” олон улсын уулзалт болсон. Та бүхэн энэ бүс нутагт ийм уулзалт болж байна гээд бодоод үзээрэй. Цахим эрх чөлөө бол маш чухал эрх чөлөө. Цахим ертөнц мэдээллийн салбар, нийгмийн амьдралд маш хүчтэй орж ирсэн. Үүнд ямар ч хориг саад байх ёсгүй. Хэвлэл мэдээлэл, хүний үг хэлэх эрх чөлөөнд ямар нэг хориг саад байх ёсгүй. Хориг саадгүй байх тусам албан тушаалтнууд, удирдагчид хариуцлагатай болж байдаг.Хүний эрхийг жирийн иргэд биш, албан тушаалтнууд, дарга нар л зөрчдөг.

Монгол Улс ирэх есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохоор өрсөлдөнө. Та бүхнийг илгээсэн улс орнууд, Засгийн газрууд Монголыг дэмжинэ гэдэгт найдаж байна.Бид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд та бүхний бодож санаж явдаг, тэмцэж зорьж байгаа зүйлүүдийг ажил болгохын төлөө зүтгэнэ. Та бүхэн дэмжээрэй. Та бүхний дэмжлэгт найдаж байгаа шүү.

Ямар нөхцөл байдлаас Монгол улс өнөөдрийн энэ түвшинд ирэв ээ? Үнэндээ 20-иод жилийн өмнө хүний эрхийн тухай ярихад гайхдаг байсан. “Төрийн эрх гэж байдаг болохоос хүний эрх гэж юу яриад байна? Дарга нарын эрх гэж байдаг. Хэзээ жирийн иргэд эрхтэй байсан юм? Энэ бол зөвхөн өрнөдийнхний ярьдаг зүйл” гэж ярилцдаг байсан.

Харин бид өнөөдөр шүүгчээ томилж байхдаа “Таны хамгийн түрүүнд хамгаалах ёстой үнэт зүйл бол хүний эрх шүү” гэж захидаг. Өнөөдөр бид прокурор, цагдаа нарт “Та төрд, шүүгчид, дарга нарт биш хүнд, нийгэмд үйлчлэх ёстой” гэж захидаг. Бид үүний дагуу хуулиа гаргадаг болсон. Хүний эрхийн зөрчил, хүний эрхтэй холбоотой асуудлууд Монголд бий. Гэхдээ бидний нэг сайн тал бол энэ бүгд олон нийтэд нээлттэй, ил тод байгаад оршино.

Хүний эрх бол тунхаг биш юм. Энэ бол хурал зөвлөгөөн, байгууллага биш. Хүний эрх бол амьдрал, ажил юм. Энэ бол албан тушаалтнуудын хийх ёстой ажил. Манайд өндөр албан тушаал хашиж яваад ажлаа өгснийхөө дараа хүний эрх, шударга ёс ярьдаг хүмүүс бий. Та бүхний төлөөлсөн улс орнуудад ч ийм зүйл гардаг байх.Бид нарын шаарддаг зүйл бол өндөр албан тушаалд очсон үедээ л хүний эрх, шударга ёс ярьдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Хүний эрхийг ажил болго, өдөр тутмынхаа амьдралын хэвшил болго гэсэн зарчмыг л баримталдаг.

Монголд ямар сорилт тулгарч байна вэ? Хамгийн ардчилсан оронд ч хүний эрхийн сорилт бэрхшээл байна. Аюулгүй байдал нэрийн дор хүний эрхийг зөрчсөн явдал хамгийн ардчилсан орнуудад ч гарч байна. Тусад нь шорон байгуулаад, хэдэн арван сар, жилээр хорьдог. Тусад нь шүүх байгуулах гэх мэт зөрчил гарсаар байгаа. Монголд бас л олон хоногоор хорьдог үзэгдэл бий.Хэрэг илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд хорих гэж оролддог. Энэ зүйлийг хууль тогтоомж, хуулийн байгууллагуудаас авч хаях гэж тэмцэж байна. Манай хүний эрхийн байгууллага үүний эсрэг ажиллаж байгаа. Бидний хэлдэг үг бол хүнийг хорьж арга хэмжээ авна гэдэг бол хамгийн сүүлд авах ёстой арга хэмжээ. Та нар хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ болгож хувиргаад байна. Цагдаа нар аа, хууль хяналтын байгууллагынхаан. Ингэж болохгүй. Хорьж хэрэг илрүүлдэг биш мөрдөж, шалгаж, хуулийн бусад боломжуудыг ашиглаж хэрэг илрүүлдэг байя гэсэн зарчмын шаардлагыг тавьж байгаа.

Бид энэ хуулиа өөрчилнө. 25 жилийн өмнө бид нар, 70-аад жил Вишинскийн онолын дагуу хүн өөрөө л хүлээн зөвшөөрсөн бол хэрэгтэн болдог зарчмаар бараг гурван үе дамжуулан явж, тийм нийгэмд амьдарч байсан. Хуулийг өөрчилж болж байгаа. Харин хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол ямар хэцүү гэдгийг харж байна. Өнөөдөр ч гэсэн энэ тэмцэл Монголд үргэлжилсээр байна. Үүнийг бид хийхийн төлөө зүтгэж байгаа.

Хоёрт нь хүн бүр тэгш эрхтэй. Монголд нэг буруу зарчим үйлчлэх гээд байгаа нь аюултай. Хүн бүр тэгш эрхтэй тэгэхдээ мөнгөтэй хүн илүү эрхтэй, өндөр албан тушаалтан илүү эрхтэй гэдэг зарчим үйлчлэх гээд байгаа нь санаа зовоож байна. Өнөөдөр ч хүний эрхийн зөрчил гарсаар байна.

Хүндрэлүүд байгаа ч жирийн иргэдийн тавьж буй гомдол дээр анхааралтай хандаж ажиллахыг хичээж байгаа. Мөн авилгалтай холбогдон хоригдож байгаа өндөр албан тушаалтай байсан тэр хүмүүст ч хүний эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа. Тэрбум тэрбум төгрөгтэй маш өргөн сүлжээтэй өөрийг нь хорьсон ч мөнгө нь гаднаа үлдчихэж байгаа тэр хүмүүсийн асуудал, авилгатай холбогдсон албан тушаалтны хариуцлагагүй байдал гэдэг зүйл Монголд том сорилт болж байна. Үүнийг яаж шийдэх вэ?

Тийм ээ бид бүгд адилхан эрхтэй. Хэдэн зуун тэрбум төгрөг хулгайлаад тэр мөнгөө үлдээгээд, сүлжээгээ байгуулаад, шоронд орсон хүн ч адилхан эрхтэй. Гэхдээ тэр хүн өөрийгөө илүү сурталчилж, хууль хяналтын байгууллагуудад илүү дарамт үзүүлж байгаа. Эндээс бид яаж гарах вэ? Энэ бол Монголын хувьд том асуудал. Үүнийг бид ялгаж салгах ёстой.

Бид хүний эрхийг хамгийн чухал зүйл гэж үзэх ёстой. Чи дарга ч бай, цэрэг ч бай, жирийн иргэн ч бай адилхан л эрхтэй гэж үзэх ёстой. Эрхийг нь бид дээдлэх ёстой. Энэ улаан шугамыг энэ бодлогыг манай хуулийн байгууллагууд өндөр хэмжээнд барьж явах ёстой. Бид эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг хуулиуддаа өөрчлөлтийг бүрнээр нь оруулж байгаа. Мөн шүүхийн тухай хууль прокорорын тухай хууль, цагдаагийн зэрэг нэлээн өргөн хүрээнд хуулиудаа өөрчилсөн. Хүн бүрт үйлчилдэг болгохыг зорьж байна.

Хүний эрхийг хангадаг байгууллагуудынхаа хараат бус байдлаар ажиллах боломжийг бид хангах ёстой гэж үздэг. Хүний эрхийн байгууллагын боломж, ажиллах чадвар сайн байгаа. Үнэхээр бүхий л бололцоогоороо ажиллаж байгаа. Тиймээс би хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль монголд байх хэрэгтэй гэж үзсэн. Энэхүү хуулийг бид шинэчлэн найруулж санхүүгийн хувьд ч томилгооны хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх шинэ хуулийг Ерөнхийлөгчийн хувьд өргөн барихаар хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллаж байна. Бид ийм болгохын төлөө явна. Ганцхан хүний эрхийн комисс Монголд ажилладаг биш, хүн бүхэн анхаарлаа хандуулдаг, ажилладаг байж гэмээнэ Монголд хүний эрхийг дээдлэх нөхцөл бүрдэнэ.

Дээрээс нь албан тушаалтнуудын хариуцлага. Харицлагагүй байдалтай тэмцэх ёстой. Авлигалын хэргийг бид албан тушаалын хэрэг гэж хараад байгаа. Явж явж хүний эрхийг хөсөрдүүлж байгаа хэрэг шүү дээ. Энэ бол хүний эрхийн эсрэг үйлдэл юм. Нөгөө авилгач хэдэн тэрбумаар нь мөнгө завшсан бол тэр иргэн хүнд очих байсан цалингаас хумсалж байна гэсэн үг. Өнөөдөр тэр авлигчдаас манайхан шаардаж байх ёстой. “Миний мөнгийг буцааж өг” гэж. “Миний цалин хүрэхгүй байна. Та аваад явчихсан юм байна. Надад зээл олдохгүй байгаа та аваад явчихсан юм байна” гэж шаарддаг байх ёстой. “Таныг урамшиж дагаад байгаа бусад авилгачид чинь авч яваад байна. Тийм учраас би танаас мөнгөө нэхмээр байна” гэсэн сэтгэл зүй, ийм идэвхи Монголд хэрэгжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид анхаарлаа хандуулдаг байх ёстой.

Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Төгсгөлд нь хэлэхэд хүний эрхийн төлөө ажиллаж байгаа үйл ажиллагааг урамшуулах ёстой. Энэ тэмцлийг, энэ хэцүү ажлыг төр засаг дэмжих ёстой. Ази, Номхон далайн бүс нутагт энэ үйл ажиллагааг бид бий болгох ёстой. Монголд хүний эрхийн сэдвээр зохион байгуулагдах гэж байгаа олон улсын бүх төрлийн хурлыг бид нээлттэй хүлээн авна. Өөрийнхөө оронд хүний эрхийн тухай ярьж чадахгүй байгаа бол Монголд ирээрэй. Бидэнд ололт амжилт сайн тал бий. Монголчууд бид та бүхэнд заах ямар ч бодол алга. Сайн муу сургамжаа хуваалцая. Монголын ардчилал сайн зүйл авчирсан. Гэвч муу зүйл бас бий. Сайн, муу зүйл, сорилт, бэрхшээлийг маань хараарай.

Бид энэ бүс нутагт хамгийн хэцүү замаар нь явж байгаа. “Хүний эрхийн хувьд монголчууд бүс нутагтаа өөрчлөлт шилжилт хийсэн болоод хийгээгүй орнуудтай харьцуулахад өмнө нь явж байгаа” гэж ярилцдаг. Өмнө нь явж байгаа хүмүүст бас зовлон байдаг. Өмнө нь яваа учраас арагшаа эргэж харахгүй, урагш дандаа харж явах ёстой. Тэгээд үлгэр жишээ,загвар болж явах ёстой. Тийм учраас та бүхний санаа бодол бидэнд маш чухал байна. Энэ хурлаар ярилцсан, хэлсэн бүхнийг тэмдэглэн гарын авлага болгож Монголын төр засаг болоод та бүхний ирсэн орнуудын төр засгийн төлөөлөлд хүргэхийн төлөө ажиллана. Та бүхний илэрхийлсэн санал, дүгнэлтүүдийг бид хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Энэ хурал хоёр өдөр болоод өнгөрөх ёсгүй юм. Энэ хурал ажил болох ёстой. Энэ бол яриад өнгөрдөг сэдэв биш чухал асуудал. Хүн бүхэн хүний эрх гэж ярьж чаддаг болжээ. Хамгийн чухал нь хүний эрхийг амьдралынхаа хэв маяг болгодог байх ёстой. Ингээд та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэнд маш их баярлалаа. Манай оронд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Та бүхний ярьсан зүйлүүдийг бид хүлээн авах болно. Хүний эрхийн асуудал дээр Монгол Улс үргэлж “за” гэж хэлэх болно. Монгол Улсад тавтай морилоорой. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *