Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо
өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг,
эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медаль
авлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж,
шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх
барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд
Хорватын жүдоч Марияна Мисковичийг хожсон. Улмаар манай бөх медалийн
төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт
Израилийн жүдоч Ярден Гербиг вазари үнэлгээгээр яллаа.