Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулагч тал “Оюу толгой”-н ТЭЗҮ-ийг өгчээ

Өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй албаныхан Дубайд айлчлах үеэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г үзэглэсэн. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу?

-Хөрөнгө оруулалт шууд ороод ирнэ гэж байхгүй шүү дээ. “Оюутолгой” төсөл Монгол Улсын эдийн засагт маш их хэмжээний хөрөнгийг татна. Энэ төсөл амжилттай хэрэгжих юм бол хөрөнгө оруулалтыг хангалттай татах боломжтой юм. Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар дэлхий нийтийн хандлага эерэг болсон. Гэхдээ төдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн гэж дүгнэхэд арай эрт байна. Далд уурхайн бүтээн байгуулалт явуулахын тулд багагүй хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тухайн хөрөнгийг олохын тулд гадаад зах зээлээс буюу банкнуудаас мөнгө зээлэх бэлтгэл ажил хийж байна. Төслийн хүрээнд улсын төсөвт энэ онд 350 орчим сая ам.доллар, 2016 онд 1.2 тэрбум ам.долларыг оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төсөл хөдлөөд эхлэх юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж итгэж байна.

-Техник эдийн засгийн үндэслэлийг хөрөнгө оруулагч тал ирүүлсэн гэсэн. Үнэн үү?

-Төслийн техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулагч тал засвараа хийгээд өчигдөр хүлээлгэн өгсөн. Манай мэргэжлийн хүмүүс ажиллаж эхлээд байна.

-“Чалько”-гийн өрийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа вэ?

-“Чалько”-гоос 30 орчим сая ам.долларын авлагатай, 140 сая ам.долларын өглөгтэй гэх мэдээлэл байна. Ингээд тооцохоор 110 сая ам.долларын өрийн үлдэгдэл байна гэсэн үг.

-Нүүрсний экспорт төлөвлөснөөс ямаршуухан байгаа вэ. Төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн хэмжээнээс харьцангуй бага хэмжээний мөнгийг олсон гэх мэдээлэл бий?

-2015 оны эхний долоон сарын байдлаар өссөн дүнгээр биет хэмжээгээр 12.3 сая тонн нүүрс олборлохоос 13 сая тонныг үйлдвэрлэж биелэлт нь 105.6 хувьтай байна. Улсын төсөвт эхний долоон сарын байдлаар 77.4 тэрбум төгрөг оруулахаас 72.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Төлөвлөгөөний биелэлт 93.8 хувийн биелэлттэй байна гэсэн үг. Жилд 21.1 сая тонныг үйлдвэрлэхээс 61.6 хувийг үйлдвэрлээд байна. Улсын төсөвт жилдээ 132 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 54 хувийг нь хэрэгжүүлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *