Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган эхэллээ

Ази, Номхон
Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган
(АНДЧ)-ы ээлжит 20 дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос хойш АНДЧ-ны бүрэн
эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ны гишүүнчлэлтэй байснаар Хүний
эрхийн Үндэсний байгууллагын хувьд хүний эрхийн хэрэгжилтэд хяналт
тавьж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чадавх бүс нутгийн
түвшинд хүртэл бэхжихэд ихээхэн чухал үүрэгтэй юм. Энэхүү хурлыг зохион
байгуулснаас Монгол Улс 2015 оноос 2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн
ажиллах эрхтэй болох юм.

Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн
бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн
байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай
илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний
байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороог төлөөлөн нийт 160 орчим
зочид төлөөлөгч оролцож байна. Хуралдаан өнөөдрөөс эхлэн энэ сарын
28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллагын
чадавх, хүний эрхийг хамгаалагчдын өмнө тулгамдсан асуудал, эрүү шүүлт
болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх талаар
хэлэлцэнэ. Чуулганы өнөөдрийн хуралдаан хаалттай горимоор эхэлсэн бөгөөд
14.00 цагт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй болох юм. Харин маргааш буюу
энэ сарын 27-нд хаалттай дэгээр хуралдах юм.