ЕБС-ийн багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах боллоо. Өнөөдөр БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо хамтран энэ тухай санамж бичиг үйлдлээ. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 300 гаруй цэцэрлэгт ЕБС-ийн багш нарын 3000 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг ийнхүү шийдэж байна. Боловсролын яаманд гарын үсэг зурах үед салбарын сайд Л.Гантөмөр “3000 хүүхдийг нэг жил төлбөр аваад сургавал зургаан тэрбум төгрөг болох нь. Үндсэндээ хувийн цэцэрлэгүүд зургаан тэрбум төгрөг хандивлаж байна гэсэн үг. Харин эдгээр хүүхдийг хамруулах 30 цэцэрлэг баривал 30 тэрбум төгрөг болно. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүд 36 тэрбум төгрөгийн сайн үйлс хийж байна” гэсэн юм. Нийслэлийн боловсролын газар дүүргийн хэлтсүүдтэй хамтарч аль сургуулийн багш нарын хүүхдийг аль цэцэрлэгт хуваарилахыг шийдэх аж.