“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар арванзургаан нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Манай сонины нэгдүгээр нүүрт УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан есдүгээр сарын 6-ны дотор сайд нарын нэрсийг өргөн барих ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлснийг нийтэллээ.
Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “хар даваа гариг”-ийн талаарх нийтлэл нэгдүгээр нүүрээс арвангуравдугаар нүүрт хэвлэгдсэн юм.
Түүнчлэн нэгдүгээр нүүрээс зургадугаар нүүрт “Өдрийн сурвалжлага” багтсан бөгөөд энэ удаа шинэ ногооны үзэсгэлэн худалдаан дээрээс сурвалжлагаа бэлтгэжээ.
Улс төрийн хоёрдугаар нүүрт цаг үеийн мэдээлэл багтсан бол дөрөвдүгээр нүүрт Засгийн газрын хуралдааны тойм мэдээллийг унших боломжтой. Харин тавдугаар нүүрээс арваннэгдүгээр нүүрт Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн ярилцлага багтлаа. Лхагва гаригт манай улсад олон улсын хүний эрхийн томоохон хурал болох гэж байгаа билээ. Түүний хувьд өнөөдөр Монгол Улсад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар болон ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн гомдлын дагуу очиход түүнийг эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй талаар өгүүлжээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны сүлжээ ресторанаар үйлчлүүлж байсан Б-гийн гар утсыг хүүхдүүд дээрэмдсэн талаарх мэдээлэл манай сонины долдугаар нүүрт хэвлэгдлээ. Сэтгүүл зардаг насан хүрээгүй хүүхдүүд сэтгүүлийг нь худалдаж авахгүй гэсний төлөө түүний анхаарлыг сарниулж байгаад гар утсыг нь аваад одсон аж. Олон улсын сүлжээ хэмээн нэрлэгддэг байгууллагууд бохь, сэтгүүл гэх мэт зүйлс зардаг хүүхдүүдийн тал дээр анхаарал хандуулахгүй бол цадигаа алдаад байгаа гэнэ. Насанд хүрээгүй хүүхдүүдэд ял оноох нь бага гэж үздэг тул иймэрхүү дээрмийн шинж чанартай гэмт хэргүүдийг бага насны хүүхдүүд үйлддэг юм байна.
Арванхоёрдугаар нүүрт спортын мэдээлэл багтсан бол 15 дугаар нүүрт У.Цасжин охин, зураач Н.Эрдэнэбаяр нарын ярилцлага хэвлэгдсэн юм.