Categories
мэдээ нийгэм

Урт автобус окей, одоо давхар автобус хэрэгтэй байна

Нийслэлийн
нийтийн тээврийн 600 гаруй том оврын автобусны эдэлгээний хугацаа аль эрт
дууссан тухай мэдээлэгддэг байлаа. Гэвч үйлчилгээндээ явсаар. Хэдхэн хоногийн
өмнө хүртэл эдгээр хуучин автобусны нэгнийх нь тоормоз гэнэт ажиллахгүй
болсноос зогсоол дээр байсан иргэдийг хамж алах шахсан. Бүхээгтээ 40, 50 хүн
чихчихээд үйлчилгээнд давхиж явдаг иймэрхүү хүннү сүннүгийн үеийн шахуу нийтийн
тээвэр манайхаас өөр газарт байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Үүнд л цэг тавьж
эхэлж байгаа нь энэхүү урт автобуснууд гэж ойлгож байгаа. Гэтэл өнөө урт
автобус нь бас дундуураа салаад унасан шуугиан гарлаа. Нэг хэсэг нь “тэгнээ
тэгнэ” гэж бааллаа. Би ч мөн адил. Тэгсэн гэмтсэн хүн ч гарч ирсэнгүй, салаад
унасан автобусыг ч сэтгүүлчид олсонгүй. Ингэхээрээ энэ мэдээлэл хий хоосон
шуугиан байх нь. Үүнээс үүдэн бодогдож байна л даа. Үнэндээ нийслэлчүүд бид
Улаанбаатартаа сайхан амьдармаар байна шүү дээ. Аюулгүй, эрүүл, тав тухтай,
соёлтой орчинд ажиллаж амьдармаар байна. Түүний нэг хэсэг нь энэхүү урт
автобуснууд биздээ. Таван шараас Офицер хүртэл төвийн шугамд энэхүү 18 ширхэг
урт автобус явж байгаа юм байна.
Автобусны үйлчилгээнд хоёр зүйл хамгийн эхний шаардлага байдаг. Цаг хугацаандаа
зогсоолдоо ирэх, хоёр дахь нь хаана хүрэхээ мэдээлж байх. Энэ дүрэм журмаа бол
эдгээр автобусууд яс баримталж байгаа юм билээ. Дээр нь монголын нөхцөлд урьд
явж байгаагүй урт гэдгээрээ түгжрэл үүсгэхгүй байх. Хүнээ дүүргэх гээд зогсоол
дээр удаан зогсох зэрэг хүндрэл лав гарсангүй. Тэгэхээр энэ автобус шаардлага
хангасан, цаг үеэ олсон үйчилгээ болж таарлаа.

Эдийн засгийн утгаар
нь энэхүү урт автобусыг харья. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус
нь 120 орчим хүний багтаамжтай. Өмнө нь явж байсан дөрвөн автобусны үйлчилгээг
нэг урт автобус дангаараа үзүүлж эхэлжээ. Монгол улс жилд 1,2 тэрбум
ам.долларын бензин шатахуун гаднаас хэрэглэдэг. Үүнээс хэмнэж эхэллээ,
нийслэлийн нийтийн тээвэр. Монголын нийт хүн амын талаас илүү нь амьдарч буй
хот ингээд ажиллахад улс орны хөгжилд том хувь нэмэр болно. Дээр нь нийтийн
тээврийн компаниудыг ажлынх нь гүйцэтгэлээр цалинжуулж эхэлж байгаа юм билээ.
Энэ нь иргэд хүссэн үйлчилгээгээ хүртэж чадна гэсэн үг. Цонх нь цантдаггүй,
тохилог, чанартай автобус хаана ч өндөр үнэтэй байх нь цэвэр зах зээл. Урт
автобусан дээр смарт картын үйлчилгээг нэмэхээр санхүүгийн шударга байдал,
аюулгүй үйлчилгээ цогцоороо нийслэлийн нийтийн тээвэрт мөрдөгдөх нь. Энэ
чиглэлээрээ нийтийн тээврийн компаниуд хоорондоо өрсөлдөх нөхцөл бүрдлээ гэж
харж байна. Орлогын төлөө бус, үйлчилгээгээрээ уралдах цаг ирсэний тод жишээ
энэ болов уу. Үйлчилгээ муутай компанийн автобусанд суухгүй байх эрх нь иргэдэд
нээлттэй. Ийм л нөхцлийг бүрдүүлж эхэлж байгааг нийслэлчүүд бид харж байна.
Дэлхийн бүх хот ийм системд шилжээд байхад бид юугаараа дутах билээ. Нийтээрээ
нэг үзэл бодолтой байж гэмээнэ нэг сарын дотор энэ бүх үйлчилгээ төлөвшинө.
Нийтийн тээвэр дэх шинэчлэлийг хурдацтай ургашлуулах алхам болно.

Э.Бат-Үүл өөр
олон шинэ бүтээгдэхүүнийг Монголын нийслэлд нийлүүлж байх шиг байна. Гудамж
төслийн хүрээнд хийгдсэн замын шинэ уулзваруудын бүтээн байгуулалтын үр дүн, ач
тусыг өнгөрсөн цагаан сараар л нийслэлчүүд мэдэрлээ. Хүн бүр аав ээждээ, ахмад
настнууддаа золгохоор цагаан сараар л нэг сайн хөдөлдөг, хот дотроо холхидог юм
байна л дээ. Тэгсэн өмнөх 20 жил нь түгжирч гацаад явдаггүй байсан уулзвар
замууд нь барууны хотууд шиг зохион байгуулалттай, толигор сайхан болчихож.
Тэгээд л “Хотод чинь “юм” хийсэн байна шүү дээ, зам уулзварууд чинь ямар сайхан
болчихоо вэ” гэж шуугилдан буузаа идэцгээж байх жишээтэй. Зуны гурван сард
монголчууд их зугаалдаг, аяладаг болчихож. Энэ зун Хөвсгөл рүү шинэ засмал
ашиглалтад оронгуут яаж давхилдав. Зүүн тийшээ Алтан-Овоо, Шилийн богд, Буйр
нуур руу аялацгаахдаа толийсон засмалаар давхиж хүрэхдээ бас бүтээн байгуулалт
хийгдсэнийг биеэрээ мэдэрч хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгж биеэр үзээгүй үедээ
сошиал ертөнц дэх зорилтод мэдээллүүд, мэдээллийн сувгууд дахь сөрөг хүчний
зохион байгуулалттай мэдээллүүдэд автаж энэ улс оронд болж бүтэж байгаа юм огт
байхгүй юм шиг ойлгоцгоож явж. Одоо ч нийслэлийн нэг хэсэг иргэд тийм
ойлголттой явж байгаа байж мэднэ. Гэтэл урт автобус шугамд явснаар бидний
хүсээд байдаг барууны хөгжилтэй хотуудын стандарт нийтийн тээврийн үйлчилгээнд
мөрдөгдөж эхэлсэн хэрэг биш үү. Урт автобус ядаж урд нүүрэндээ хаана хүрэх
буудлын мэдээллээ цахим дэлгэцээр зарлах юм. Доторх багтаамж яг барууны
хотуудын стандарт хэмжээ. Наад зах нь ордог гардаг хаалганы үйлчилгээнд
суралцаж байна. Урьд яадаг байлаа, гарах хүмүүсийн өөдөөс орох хүмүүс нь
дайраад… тэрнээс болж автобусны дугуйн доогуур орж амиа алдах тохиолдолд ч
гарч байв. Ингэж эмх цэгцэндээ орж байгаа нь том хотын соёл, цаг хэмнэлт,
стрессгүй явах орчин нөхцөл юм.

Тэгэхээр ийм
байна, урт автобус бол ОКЕЙ, болж байна. Одоо хоёр давхар автобус хэрэгтэй
байна, Бат-Үүл дарга аа. Саяас дээш хүнтэй хотод дандаа давхар автобус явдаг нь
дэлхийн жишиг болчихсон стандарт юм шүү дээ.

П.Хашчулуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *