Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа” 1 хороолол өнгөрсөн онд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авсан. Тус хорооллын дотоод зохион байгуулалтад нийт 120 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтад орсон байгаа билээ. Өнгөрсөн даваа гаригт Улсын комисс цэцэрлэгийн барилгыг хүлээн авч, энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болжээ.
ХУД-ийн 16-р хорооны 223-р цэцэрлэг нь хоёр барилгаас бүрдэж байгаа бөгөөд тус бүр хоёр давхар юм. Давхар тус бүрдээ хоёр бүлэгтэй. Нэг бүлэгт 15 хүүхэд хүмүүжих хүчин чадалтай юм. 223-р цэцэрлэг хүүхдүүдээ хэзээ хүлээж авахад бэлэн болох талаар ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгээс тодруулахад “Хүүхдүүдээ наймдугаар сарын 25-нд албан ёсоор бүртгэж эхэлнэ. Бусад цэцэрлэгийн адил есдүгээр сарын нэгэнд үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.