Categories
мэдээ нийгэм

”Ланд круйзер 200” маркийн машин дүрэм зөрчсөнөөс осол гарчээ

Цэргүүдийг
тээвэрлэж явсан автомашин осолдож, хоёр цэрэг газар дээрээ амиа алдсан
хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр
ЗХЖШ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Оюунгэрэл “Хэргийг Замын
цагдаагийн газарт шалгаж байгаа. Одоогоор ослын шалтгааныг эцэслэн
тогтоогоогүй байна. “Ланд круйзер 200” маркийн машин дүрэм зөрчсөнөөс
осол гарсан гэх дүгнэлт эхний байдлаар гарсан. Зэвсэгт хүчний 084 дүгээр
ангийн алба хаагчид хуваарьт дадлага сургуулилтдаа оролцоод явж байх
үеэр осол гарсан.

Хоёр алба хаагч ослын газарт амь насаа алдсан. Одоогоор нэг алба
хаагчийн биеийн байдал хүнд Батлан хамгаалах хууль сахиулахын эмнэлэгт
хэвтэн эмчлүүлж байна. Мөн үзлэг оношлогоонд орж, ослын шокноос гарсан
алба хаагчдыг гадуур эмчилж байна” гэсэн юм.

Хэргийн
талаар тодруулбал, осол өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 21-ний
21:15 цагийн үед гарсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр буюу
“Говь ресорт” амралтын газрын эсрэг талын замд гарчээ.

Тухайн
үед Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хуваарьт
дадлагынхаа дагуу Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж
явжээ. Ингэхдээ цуваа үүсгэн зургаан автомашинаар зорчиж явсан байна.
Цувааг Зил 131 автомашин тэргүүлж явсан бөгөөд тэнд нийт 23 алба хаагч
зорчиж явжээ. Тэдний хоёр нь кабинд, 21 нь тэвшин дээр зорчиж явсан аж.

Гэтэл эсрэг
урсгалаас “Ланд круйзер 200” маркийн авто машин гүйцэж түрүүлэн, маш
хурдтай гарч ирсэн гэнэ. Энэ үед Цэргүүдийн цувааг толгойлж явсан Зил
131 автомашины жолооч хурдаа сааруулж, баруун тийшээ шахаж зам тавьж
өгчээ. Гэтэл өнөөх “Ланд круйзер 200” маркийн автомашин хурдаа
сааруулалгүйгээр Зил 131 автомашины арын дугуйг хүчтэй мөргөснөөр осол
болсон гэнэ.

ЗХЖШ-ийн
Ажиллагааны удирдлагын газрын дарга Бригадын генерал Б.Ганзоригийн хэлж
буйгаар “Ланд круйзер 200” маркийн автомашин цэргүүдийн цувааг тэргүүлж
явсан Зил 131 маркийн автомашины арын дугуйг хүчтэй мөргөхөд тэнхлэг нь
хугарч улмаар замын хажуу руу онхолдсон аж. Ослын улмаас тэвшин дээр
зорчиж явсан 21 цэргийн алба хаагчийн хоёр нь газар дээрээ амиа алдаж,
арав гаруй хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Осол болсон
даруйд Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгээс хоёр
түргэний автомашин ослын газар руу очсон байна. Харин тэднийг очихоос
өмнө Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн 5-6 автомашинтай эмч нарын
баг ослын газар дээр ажиллаж, хохирогчдод анхан шатны тусламжийг цаг
алдалгүй үзүүлж, эмнэлэг рүү зөөвөрлөх ажилллагааг хийж байжээ.

Ослоор амиа
алдан А нь 26 настай, ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084
дүгээр ангид ажилд ороод удаагүй байсан бол 24 настай М нь өнгөрсөн
хавар Ахлагчийн сургууль төгсөөд тус ангид ажиллаж байсан байна.

Түүнчлэн
осолд орсон цэргүүдийн гурвынх нь биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний
тасагт байсан бол тэдний нэг нь өчигдөр тархины хагалгаанд орж, хоёр нь
энгийн тасаг руу шилжээ. Одоо Батлан хамгаалах Хууль сахиулагчдын
нэгдсэн эмнэлэгт 12 алба хаагч хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь
гэрээрээ байгаа аж.

Энэхүү
осолтой холбогдуулан “Ланд круйзер 200” маркийн машины жолоочид Эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайн үед тус автомашинд жолоочоос гадна
хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, жирэмсэн бүсгүй, хоёр хүүхэд
зорчиж явжээ. Тэдний биеийн байдал харьцангуй сайн, жирэмсэн эмэгтэй нь
ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *