Наймдугаар сарын 26-28-ны
өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний
байгууллагуудын ээлжит чуулган Улаанбаатар хотноо болно.
Чуулганд 28 улсын хүний эрхийн байгууллага, иргэний нийгмийн
байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн Нэгдсэн
үндэсний байгууллагын тусгай элч болон хүний эрхийг хөхиүлэн дэмжих,
хамгаалах үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хороог төлөөлөн
нийт 160 орчим төлөөлөгчид оролцох юм байна.
Жил бүр зохион байгуулдаг энэ чуулганаар бүс нутагт хүний эрхийн
тулгамдсан асуудал, зөрчил, тэдгээрийн нөхцөл шалтгаан, тэдгээрийг
шийдвэрлэж буй байгууллагуудын туршлага, боломжийг хэлэлцэж, шийдвэр
гаргадгаараа ач холбогдолтой аж.
Ази, Номхон далайн чуулган нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний
байгууллагыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хамгаалах
зорилготой байгууллага юм байна. Манай улс 2002 оноос эхлэн тус
байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд 2015-2017 онд АНДЧ-ыг
тэргүүлэн ажиллах юм.
Мөн чуулганы үеэр хоёр жил тутамд болдог бага хурлыг “Эрүү шүүлт
болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний
эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр зохион байгуулах
юм байна.
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрүү шүүлтийн эсрэг элчин
сайдаар ажиллаж буй ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг энэ үеэр илтгэл тавих аж.