Categories
мэдээ спорт

Боксчид хатуу болзолтой тивийн аваргыг зорилоо

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар
сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод
болно. Тэмцээнд хүч үзэх ширэн бээлийтнүүд өнөөдөр хилийн дээс алхаж
байна.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тамирчид:

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ
  • 52 кг: А.Нурлан
  • 56 кг: Э.Идэрхүү
  • 60 кг: Д.Отгондалай
  • 64 кг: Б.Чинзориг
  • 69 кг: Б.Түвшинбат
  • 75 кг: Н.Шинэбаяр
  • 81 кг: С.Эрдэнэбаяр
  • 91 кг: Д.Отгонбаяр

Дасгалжуулагч:

  • Д.Батсүрэн
  • Б.Эрдэнэбаяр
  • Н.Мөнхсайхан

Тивийн аварга шалгаруулах тэмцээн боксчдын хувьд тун хариуцлагатай
даваа болж байгаа. Учир нь AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын
холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа
бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн
тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх
болзлыг AIBA тулгаж буй.

Тэгэхээр энэ Азийн аваргаас медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох
хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох
юм. Өмнө нь нэг улсаас бүх жинд тамирчнаа оролцуулах боломжтой байсан
бол ийнхүү болзол тавьснаар Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн,
тамирчдыг одоо нэрлэхэд эрт болж таарч байна. Цаашлаад олимпийн эрх
олгох шалгуур ч бас хатуу болсон гэдгийг боксын багш, дасгалжуулагч нар
онцолж байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ирэх оны хоёрдугаар сард өмнөд хөршид болох
ДАШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд олимпод өрсөлдөх боломжтой болох юм.
Олимпийн наадамд эмэгтэй боксчид 51, 60, 75 кг гэсэн гурван жингийн
ангилалд оролцох бөгөөд 2016 оны ДАШТ-ээс дээрх гурван жинд медаль
хүртсэн тамирчдад буюу тус тус дөрвөн тамирчинд олимпийн эрх хүртээнэ.
Үүний дараа эрэгтэйчүүдийн адил тив тивийн эрх олгох тэмцээнээс олимпийн
эрхээ авах боломжтой. Гэхдээ Ази тивийн тамирчдын хувьд тус тэмцээнээс
жин тус бүрт ердөө ганцхан буюу зөвхөн түрүүлсэн тамирчдад олгох ажээ.

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо аравдугаар сарын 5-18-нд болох билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *