Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 27-нд тэнгэрт хоёр сар үзэгдэх үү?

Хүмүүс сошиалаар “Энэ сарын 27-нд тэнгэрт хоёр сар гарах уу. Марс гэдэг чинь сартай ижил хэмжээтэй юм уу” гэж бие биенээсээ асууж байна. Ийм мэдээлэл түгээд 14 хонож байгаа юм. НАСА-гийн зүгээс “Тэнгэрт хоёр сар үзэгдэхгүй. Ямар нэгэн гариг манай дэлхий рүү ойртон ирэх үед нарны туяа тусч тэр нь бидэнд сар мэт харагдаж болно. Маш том хэмжээтэй гаригууд манай дэлхийгээс алсад өнгөрөх үед ийнхүү гэрэлтэж ч болно. 2015 оны наймдугаар сарын 27-нд дэл­хийд хоёр сар гарна гэдэг нь цуурхал. Харин Ангараг гариг дэл­хийтэй ойртож ирээд өнгөр­нө” гэсэн тайлбар хийжээ.

Нэлээд хэдэн жилийн өмнө 2015 оны наймдугаар сарын 27-нд тэнгэрт хоёр сар гарна гэсэн мэдээлэл таржээ. Тэр мэдээлэл сошиалаар жил бүрийн өдийд сэргэж “Тэнгэрт хоёр сар гарна” гэж цуурцгаадаг. Ер нь аль нэг гариг манай дэлхийтэй ойртон ирээд өнгөрөх үзэгдэл мэр сэр тэмдэглэгддэг. Асар холуур өнгөрсөн өөр гариг шөнийн тэнгэрт тод гялалзсаныг хүмүүс сар мэтээр төсөөлж хүлээж авсан тохиолдол баруунд олон ажиглагджээ. Тэр үед лалын шашинтай орнуудын хувьд уг үзэгдлийг байгаль, сансрынх гэхээсээ илүүтэй ямар нэг ёр бэлгэ тэмдгийг агуулсан гэж үзэн нууц зан үйл хийж байжээ. Харин азичуудын хувьд хоёр сар үзэгдэх нь өсч дэвжихийн бэлгэдэл гэж эерэгээр хүлээж авдаг ч тэнгэрт ганцхан байдаг эрхэс ихэрлэх нь дайн самуун эхлэхийн дохио гэж цээрлэдэг юм байна.

Фэйсбүүкээр тархсан мэдээллүүдэд задаргаа хий­­хэд хэд хэдэн алдаа ажиг­лагджээ. Нэгдүгээрт олон нийтийн сүлжээгээр түгсэн хоёр сар бүхий фото нь хуу­рамч байжээ. Хоёрдугаарт, Ангараг гаригийг сартай адил хэм­­жээтэй мэтээр ташаарчээ.

Энэ сарын 27-ны 00:30 цагт Ангараг гариг дэлхийд ойртож ирэх юм байна. Наса-гийн судлаачдын мэдээлснээр тус гариг дэлхийд маш ойрхон буюу 3465000 км-ийн зайтай өнгөрөх гэнэ. Энэ үзэгдэл нь 272 жилд нэг удаа тохиодог юм байна. Дараагийн ийм үзэгдэл 2287 онд болох юм.

Наймдугаар сар гарснаас хойш “Google”-д “Хоёр сар” гэсэн хайлтыг сая гаруй удаа хийж, хайлтын үр дүнд 136 сая мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс үзвэл байгалийн энэ ховор үзэгдэл хүн төрөлхтний хувьд ихээхэн анхаарал татаж байгаа нь ойлгомжтой. Шөнийн тэнгэрт сарнаас өөр гариг түүн шиг гялалзан цацрах нь ховор үзэгдэл яалтгүй мөн бөгөөд хүний биед сансрын ямар нэг сөрөг нөлөөгүй юм байна. Сансар судлаачдын хувьд “Тэр үдэш хоёр сар гарахгүй. Нэг л сар харагдана. Харин хоёр дахь гээд байгаа сар нь Ангараг гариг байх болно. Гэхдээ сар шиг тийм тод байхгүй. Ангаргийг нүдээрээ харах боломж хүссэн хүн бүхэнд олдохгүй. Энэ бол ховор тохиол” гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ сарын 27-нд хуучны тооллоор 12 байх бөгөөд сар харьцангуй том харагдана гэсэн үг.

Ангараг гариг нь Нарны аймгийн дөрөв дэх гариг. Хоёр дагуултай, хөрст гариг. Нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай, туйлууд дээр нь мөс байгаа нь тогтоогдсон гариг билээ. Уг гаригийн радиус нь дэлхийн радиусын хагастай тэнцэх бөгөөд жингээрээ дэлхийгээс арав дахин хөнгөн. Ангараг гаригийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой. Ангаргийг олон улсад Марс гэх нэрээр нь илүүтэй тэмдэглэдэг. Энэ нь эртний Ромын дайны бурхны нэр. Харин монголчууд Ангаргийг “Улаан нүдэн гариг” гэж нэрлэсээр ирсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *