Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид “Нарантуул” худалдааны төв орчмын гэр хорооллын гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилжээ. Тус шинжилгээгээр хөрсөнд хүнд металлын бохирдолгүй ч хог хаягдлаас үүдэлтэй нянгийн болон гадаргын бохирдолт их байсан аж. Тодруулбал, хөрсөнд агуулагдах нянгийн нийт тоогоор хөрсийг 4 зэрэгт хуваадаг бөгөөд нянгийн тоо 1-1.5 сая байвал цэвэр, 2 сая бол бага зэрэг, 2.5-3 сая байвал дунд зэрэг, 3-5 саяаас дээш бол их бохирдсон гэж үздэг юм байна.
Шинжилгээ хийсэн дээжнүүд нянгийн тоогоор их бохирдолттой (2.9-7.3 сая) дээж байсан бөгөөд гэдэсний савханцрын титр 0.01-0.001 буюу их бохирдолттой байсан аж. Тиймээс хатуу хог хаягдлыг тогтмол цуглуулж зайлуулах, хог хаягдал байсан газрыг хөрсжүүлэх, зүлэгжүүлэх, иргэдийн зүгээс гараа тогтмол угааж хэвших, бохир орчинд хүүхдийг тоглуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж хэвших, стандартын бие засах газрыг бий болгож, бохирын цооногтой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс анхааруулжээ.