“My car” компанийн захирал Ч.Батболд бусдад хорлогдож амиа алдсан хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 03-нд гарсан. Гадны нөлөөтэй буюу шүүх эмнэлгээр бусдад хорлогдож амиа алдсан уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж үзээд “амиа хорлосон” гэх дүгнэлт гаргаж хэргийг хаажээ.
Харин талийгаачийн ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй талийгаачийн эхнэр У нь өв хөрөнгөд шунаж, бусдаар алуулсан байх магадлалтай юм. Тиймээс хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн ч шалгаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа гэжээ. Түүнчлэн түүний эхнэр нь хууль хяналтын байгууллагынхныг удаа дараа хахуулдаж энэ хэргийг хаалгасан байх хэмээн хардаж байгаа ажээ.
Талийгаачийн эгч нь “Талийгаач амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, мөгөөрсөн хоолойгоо тасартал гурав огтлуулсан байсан. Хамгийн сүүлчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоолойндоо ч авсан шарх нь тэр, хэвлийдээ ч авсан шарх нь тэр бүгд үхлийн аюултай, амьд гарах боломжгүй. Хэрэв өөрөө амиа хорлосон бол эхний хэсэгтээ гэмтэл учруулсны дараа дараачийн тус газраа мэс хүргэж амжихгүй гэдгийг дүгнээд гаргачихсан байгаа. Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдсэн гэж бодож байна” гэсэн юм.