Categories
мэдээ цаг-үе

“Ирээдүй-XXI” зуун сургуулийн амь нэгтэй ангийнхан

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Ирээдүй-XXI зуун” ахлах цогцолбор сургуулийг 2007 онд төгсөж байжээ. Сургууль маань 2000 онд ЗДТГ-ын ард талын урт цагаан байшинд байгуулагдаж байсан болохоор ингэж нэрлэсэн байх л даа. Өнгөрсөн зун 15 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Сургуулийн ууган сурагчдын нэг гэгдэх ер нь сайхан шүү. Анх байгуулагдахдаа бусад сургуулиудаас нэг нэг анги татаж авсан юм. Тийм болохоор ч зургаа болон гуравдугаар хорооныхон III арван жилд, дөрөв, хоёрдугаар хорооныхон II арван жилд, долоо, наймдугаар хорооныхон I сургуульд сурдаг байтал манай ангийнхан Мөрөнгийн төвийн өнцөг булан бүрт гэртэйгээрээ онцлог. Тал талд гэртэй шиг өөр өөр сонирхолтой хүүхдүүд байжээ. Өнөөдөр Н.Бямбабаяр Анагаах ухааны үндэсний их сургуульд багш, А.Нандинцэцэг NTV телевизэд найруулагч, Ч.Чойжамц “Хас” банкинд эдийн засагч, Ж.Лхагважаргал Мөрөнгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучин, П.Ууганбаяр аймгийн ЗДТГ-т жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Ж.Даваахүү Арбулаг суманд газарзүйн багш, Г.Эрдэнэбаатар Гэмтлийн эмнэлэгт эмч гээд үргэлжилнэ. Энд тэнд төрөл бүрийн л ажил хийцгээж байна. Бүгдийг нь бичвэл дэндүү нуршуу болох байх л даа.

Манай ангийнхны хамгийн их хүлээдэг зүйл нь спортын тэмцээнүүд байж. Б.Мөнхсүлд, Пүрэв-Очир, Н.Түмэнцэнгэл, Д.Ганзориг гээд ангийн хөвгүүдийн бараг тал нь сагс, волейбол, жүдо, чөлөөт бөхийн дугуйланд явна. Хаана л тэмцээн уралдаан болно сайн оролцдог болохоор ангийнхан спортын уралдаануудыг алгасалгүй үзнэ. Бүүр бардаад бусад багийнхны хөгжөөн дэмжигчид дунд очиж суудаг л байлаа. Аминдаа илүүрхэж байгаа юм. Өнөөдүүлийн дэмжиж байгаа багийг хожиж байхад нь ганцаараа орилж дэмжээд л, баахан хорссон харц өөр дээрээ тусгаад сууж байна. Одоо бодоход ичмээр ч хүүхдийн л зан байж дээ. Спортод дуртай болцгоосон нь ч учиртай. Жүдогийн дугуйланд манайхан ч тавдугаар ангиасаа ихэнх нь явсан даа. Учир нь Цэрэннадмид багш хичээл заадаг байсан болохоор тэр байх. Бэлтгэл хийхээр очих бүрт л хавчуургатай гурилан боов өгнө.

Идэх юм өгдөг байсан нь ч биш ерөөс тэр сэтгэл нь татаад байдаг байсан юм. “За жаахан юм идчихээд биеэ халаа. Өлөн ходоодтой бэлтгэл хийвэл олигтой болохгүй. Тэгээд булчин чинь ч томрохгүй” гэнэ. Өнөөхийг нь идчихээд хувцсаа солиод гүйж өгнө дөө. Үнэхээр л хүч чадал ороод ирэх шиг л санагддаг байсан юм. Бид жүдогийн дугуйланд явахын тулд комиссын бараан дээрээс таеквондогийн кимоно авч өмсдөг байжээ. Тэр үеийн зурагнууд байдаг л юм. Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл тавьж чаддаг багш ганцаар тогтохгүй л дээ. Монгол хэлний Хишигжаргал багш байна. Бүгдийг нь ном уншуулж байж санаа амардаг хүн байсан байх аа. Сургуулийн байтугай аймгийн төв номын санд карт нээлгээд ном уншихыг шаардана. Өөрөө долоо хоног бүр аймгийн номын сан дээр очиж картыг нь шүүж биднийг ямар ном авч уншсаныг үздэг байж билээ. Бид ч багшийн хичээлийг тасална гэж үгүй. Хэн ямар ном уншсаныг хэлээд тэр номных нь тухай яриулна. Өөрөө уран зохиолын талаар хачин гоё ишлэлүүд хэлэх. Үүнээс ч үүдсэн үү монгол хэлний бүсийн олимпиадад манай анги ангиараа гуравдугаар байрт шалгарч байсан юм. Одоо ч идэх юм зөөж, амралтынхаа өдрөөр номын сангийн тэр олон картыг шүүж, тэмдэглэл хийж суугаа биз дээ, багш нар маань.

Тавдугаар ангиас наймдугаар анги хүртэл Нарангэрэл багшийн удирдлага дор суралцсан. Багш орос хэлний хичээл заана. Бие жаахан муутай хүн л дээ. Тийм болохоор ангийнхан чив чимээгүй л сууцгаадаг байсан. Хэрвээ шуугилдаад багшийг орилуулбал ухаан алдаад уначихна гэж айдаг байсан юм. Нэг удаа ухаан алдаад сэргэхгүй хэдэн минут болоход нь ангиараа бөөн уйлаан майлаан болж байлаа. Тэгж хаширсан хүмүүс ер нь үймүүлэхгүй л дээ. Сонин нь багшийн биеийг бодож үймүүлэхгүй суух нь хичээлийн ахицад нөлөөлж байлаа. Харин наймдугаар ангиас технологийн Дүүрэнжаргал, шугам зургийн Уужимбаяр, газарзүйн Батлхагва, Уранбилэг гэж баахан анги даасан багш нар солигдлоо. Тэгсээр нийгмийн ажилтан Ю.Цэнгэлмөрөн багш дээр тогтсон.

Бид чинь наймдугаар ангиас аравдугаар ангид шууд ороод арваннэгдүгээр анги гэж төгсөж байсан юм. Сүүлийн хоёр жилд нь Цэнгэлмөрөн багш л биднийг чиглүүлнэ. Чанга дуугаар ярьдаггүй, сайхан инээмсэглэдэг багш. Багш шавь гээд баахан ёс суртахуун дамжихгүй амар хүн дээ. Сурагчдынхаа найз шиг л явж байна. Нөгөө хэдийнхээ дурлалын асуудлыг ч сонсоод л зөвлөөд явдаг байсан байх. Өнөө Боловсролын яамныхны яриад байдаг “Багш хүн сурагчтайгаа найз, зөвлөгч байх ёстой” гэсэн үг багшийг л санагдуулаад байдаг юм. Тийм ч болохоор нэг л мэдэхэд үгэнд нь орчихсон элдвийн ажил хийгээд явж байдаг байлаа. Мөрөнгийн төвийнхөн нүүрс түлнэ гэж үгүй. Намар болохоор дэнэгэр дэнэгэр нойтон гуалингууд “Зил-130” машины тэвшээр аваад хашаандаа хураачихдаг байлаа. Одоо энэ ойн байцаагчид харвал бараг цус харвах байх. Тэр түлээнээс хөрөөдөцгөөнө дөө. Хүүхдүүд л болсон хойно цугларах боломжийг алдахыг хүсэхгүй. Ангиараа хэн нэгнийхээ эмээ, өвөөгийн түлээг хөрөөдөж, хагалж, хурааж өгнө. Мөн зарим айлд очиж тогтсон хөлсөөр түлээг нь янзална. Гэр гэрээсээ цүдгэр хөрөө, сүх, балт авчраад нэг л амралтынхаа өдөр түжигнүүлж орхидог байлаа. Түүнээс авсан мөнгөө ангийн дарга Нандинцэцэгт хадгалуулна. Өнөөх нь баасан гариг бүр хичээлийн дараа болдог ангийн хурал дээр “Ангийн угаалтуурын хагарсан толийг сэлбэж тэдэн төгрөгөөр авлаа. Тэрийг эмнэлэгт хэвтэхэд нь ангийн өмнөөс эргэж ийм ийм гурилан боовыг тэдэн төгрөгөөр авч аваачиж өгсөн. Одоо тэд үлдээд байна” гээд тайлагнана. Түүнийгээ “ангийн мөнгө” гэж нэрлэнэ.

Хичээл бүртээ сайн сурагчтай. Бямбасүрэн гэхэд монгол бичгийн аймгийн гурван удаагийн аварга. Ердөө гурван удаа л орсон гэж байгаа. Өнөртогос, Чойжамц нар алгебрын хичээлийн аваргууд гэгдэнэ. Аваргуудыг харин Ууганбаяр, Бямбабаяр, Хосбаяр нарын нөхөд зөвшөөрдөггүй байсан байх аа. “Өөнөөгийн ард сууж л хуулахгүй бол алгебрын шалгалтад балрах байх” гээд хамаг нууцаа ярихад өнөө амбангийн Жигмэд “Молиго Очир, молиго Очир гэнэ. Ямар гар зөрүүлж үзсэн биш” гэдэг шиг хариу хэлнэ.

Хоч нэр ч зөндөө. Бүр бүтэн өгүүлбэрээр ч хоч өгчихнө. Бор царайтайгаа Цагаанаа гэж дуудна. Үүрийнтуяагаа “хүүрийнтуяа” гэж байж баахан гомдоогоод больцгоосон юм. Нэг хэсэг Д.Отгонбаяр “крант” гэдэг хочтой болчихвоо. Мөрөнгийн тал бүрд гэртэй хүмүүс байдаг болохоор яахав гэрийн зүг явдаг явдгаараа л үлдэж ангиа цэвэрлэдэг байлаа. Цэвэрлэхдээ сургуулийн өлгүүрийн дэргэдэх паарнаас усаа авна. Гэтэл нэг удаа паарнаас ус авдаг крантны түлхүүрийг жижүүр аваад явчихаж. Ёрдойсон нарийхан шон нь үлдчихсэн хэрэг. Ангиа цэвэрлэхээр үлдсэн баахан хүүхэд шаваастай. Тэгтэл манай Отгоо хувингаа барьж очоод мойног хуруугаараа өнөө шонг нь мушгиж усаа авчихаад буцааж хаагаад явчихсан гэж байгаа. Ангийн үүдэнд баахан охидууд дагаж ирээд “ус авах гэсэн юм” гээд зогсчихсон байж билээ. Булчин шөрмөс сайтай хэрнээ уяхан гэж жигтэйхэн. Түмэнцэнгэл нэг удаа цуг явж байгаад болжмор алсан байгаа юм. Өнөө “крант” маань “Энэ болжмор алчихаад нис нис гээд шидээд байсан” гээд уйлчихсан явсан юм даа. Гэхдээ нунж дорой, маанаг эр ч биш шүү. Аливаа юм болоход Отгоогийн амыг дагах нь олон байсан даа. Одоо харин ангийн охин Уранчимэгтэй хуримлаад хоёр хөөрхөн хүүхдийн ээж, аав болоод хувиараа бизнес хийгээд л гялалзаад явж байгаа.

Зугаалга хийх гэж хавар бүр л юм юм болно. Ээж, аавууд тэр бүр явуулахгүй дээ. Багш ч “Эцэг, эх чинь дургүйцнэ” гээд халгаахгүй. Өнөө хэд нь гэр гэртээ очоод “Надаас бусад нь явах гэж байна” гэж гоншгонодог. Тэгээд өөрсдөө хуйвалдаад эцэг, эхийнхээ өмнөөс багшдаа захиа бичсэн гээд цаас авчирцгаана. Багш юу гэж итгэх вэ дээ. Гэхдээ л эцэг, эхчүүдийн төлөөлөл, багш зэргээ аваад явцгаадаг байлаа. Дандаа л дөрөв хоног зугаална гэж гараад үсрээд хоёр хоночихоод ирдэг байсан юм. Одооных шиг бүхээгтэй машинууд ч ховор байж. “Зил-130” машинтай л явцгаана. Бороо орвол норцгоогоод л, дуулалдаад л. Наранбумбатын рашаан дээр нэг удаа зугаалгаар оччихоод байж байтал хоригдол шоронгоос оргоод ууланд бүгчихсэн гэсэн яриа гарчихваа. Хөвгүүдэд баатарлагаа харуулах алтан боломж шүү дээ. Майхнуудын өмнө сүх барьчихсан ээлжээр жижүүрлээд л. Уул руу ганцаараа явангуут араас охидууд бөөнөөрөө хашгиралдахад нь “Намайг яаж л чадав гэж” гэж хариулах гэх мэт. Өнөө оргодол нь ирсэн бол яах ч байсан юм. Галын наадам хийж байгаа нь энэ гээд баахан мод овоолж шатаагаад тэр хавиар нэг оч үсэргээд салхи майхан руу эргээд баахан цоохор, цоорхой майхантай болж байлаа. Гэнэт бороо орж л баярлуулсан даа. Хамаг майхнаа шатаачихсан бороонд эрүү шүдээ зодолдуулсан хүмүүс гал тавиагүй азтайгаа гайхацгаагаад гэртээ харьтлаа л ярилцсан юм даг.

Дурлалын явдлууд ч бишгүй. Өнөө хэд чинь хоорондоо дурлалцаад л байна. Аравдугаар ангид Ж.Азжаргал гээд охин шилжээд ирэв ээ. Хөвгүүд их сонирхоно. Охидууд ч гадуурхах маягтай. Золжаргалын төрөл юм болохоор өнөөх нь л хамт явж харагдана. Бүр Мөнхсүлд далан дээрээ “Азжаргал” гээд шивээс хийлгэчихсэн байсан юм. Хамгийн сенсацитай дурлал тэр байсан байх. Сүүлд нь дурлал нь бөхөөд шивээсээ дарах гээд баахан эрээччихсэн нь бэхтэй алгаар дарчихсан мэт дал мөртэй болгосон доо. Тэгээд ч удаагүй хөвгүүдийн сонирхол буурч ангид ад үзэх асуудалд ч цэг тавигдаж байлаа.

Жил бүрийн намар “Алтан намар” кросс уралдаан гээд Дулаан хан уулын өвөр лүү сурагчдыг жагсаалаар гүйлгэнэ. Замдаа бахардсаныгаа чирээд л гүйлддэг байлаа. Тэндээ очоод төрөл бүрийн спортын арга хэмжээнүүд байгуулна. Нэг сургуулийн 2000 шахуу сурагч очихоор наадам болж байгаа дайны л зүйл болно. Хуушуур, ундаа зардаг хүмүүс ч оччихсон байх. Анги бүр өөр өнгийн хувцсаар жигдрэх ёстой. Манай анги нэг жил улаан хувцсаар жигдэрвээ. Яагаад ч юм улаан хувцас их цөөхөн байж. Ингээд Мөрөнгийн захыг тойроод харьж байгаа юм. Маргааш нь Ганзориг нээх том улаан ноосон, хоолойтой цамц нүцгэн бие дээрээ өмсчихсөн ирлээ. Тэгээд бүх л тэмцээнд түүнтэйгээ оролцоод их төвөгтэй харагдаж байж билээ.

Сургуулиа төгсөцгөөгөөд монтаж хийлгэхдээ яагаад ч юм арван жилийн хойно буюу “2017 онд төрөлх ангидаа уулзацгаая, найзууд аа” гэсэн бичигтэй байсан. Одоо хэд гурваараа тааралдах болгонд л “Ямар тэнэг нь арван жилийн дараа уулзах тов бичүүлчихсэн байна аа” гээд шогширцгоодог юм. Арай наана уулзаад сунгаад явах байсан юм байна л даа.

Энэ мэтээр үргэлжлүүлээд байвал ангийнхны тухай дурсамж хөврөөд л байх болов уу. Нэгийгээ эмнэлэгт хэвтвэл ээлжээр эргэдэг. Нэг нь шүлэг бичвэл бусад нь хуулаад цээжилдэг. Сайхан дуулдгийгаа тэмцээн бүрт оруулж дэмжих гэдэг. Спортын тэмцээнүүд дээр алгасалгүй очиж дэмжицгээдэг. Амь нэгтэй анги явжээ. Сайхан байгальтай газар, сайн багш нарын нөлөөн дор хүүхэд нас өнгөрсөн нь эргээд бодоход үлгэр мэт аятайхан.

Өнөө ч гэсэн аливаа хэрэг гараад юм асуухад хэн нэг нь түүнийг мэддэг мэргэжлээр ажиллаж байгаа нь сайхан байдаг юм. Ангийнхаа андуудын нэрсийг бүгдийг нь оруулж ч чадсангүй. Үлдсэн нь сэтгэлийн өвөрт дурсамжийн дотор байж байг дээ. Мөрөнгийн хөндийд мөр мөрөө түшиж явсан найзуудаа дурсахад ийм байна. Сургууль маань байраа сэлгэж Дэлгэрмөрөнгийн хөвөөн дээр дөрвөн давхар дэнхэр цагаан байшинд суурьшсан байна лээ. Өнөө 2017 он ч одоо ойрхон байна даа.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *