МУИС, АШУҮИХ-иуд төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд байгаа билээ. Тэгвэл БСШУ-ны сайд Л.Гантөмөр дээрх сургуулиудын Удирдах зөвлөлд сургалтын төлбөрөө 10 хувь бууруулах үүрэг өглөө.
Дээд боловсрлын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт ихээр ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгөөд байна. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.
Одоогийн нөхцөл байдлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа юм.
АШУҮИС-ийн хувьд нэгдүгээр курсийн оюутны төлбөр 20-30 хувиар, хоёроос дээш курсийн төлбөр 11 хувиар нэмсэн. Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж, төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын Удирдах зөвлөл гаргах юм.