Categories
мэдээ цаг-үе

Монголын хөрөнгийн бирж түүхэн дэх хамгийн дээд арилжаагаа хийжээ

Монголын Хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5041 дэх ээлжит арилжаагаар 10 тэрбум төгрөгний арилжаа хийгдсэн нь 2015 он гарсаар хийгдсэн нийт арилжааны дүн 356 тэрбум төгрөгт хүрсэн нь Монголын Хөрөнгийн биржийн 25 жилийн түүхэн дэх хамгийн дээд арилжаа болсон байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч оргилдоо хүрээд байсан 2011 онд Монголын Хөрөнгийн бирж нь 350.3 тэрбум төгрөгийн арилжаа хийснээр түүхэндээ хамгийн өндөр арилжааг хийж байсан бол үүнээс хойш 3 жил дараалан арилжаа нь буурч, үйл ажиллагаа нь доголдсоноор системийн эрсдэлд орж Монголын Хөрөнгийн бирж нь дампуурлын ирмэгт тулаад байв. Сүүлийн гурван жил лангуун дээрээ бүтээгдэхүүнгүй, унтаа байдалд байна хэмээн шүүмжлэгдэж байсан Хөрөнгийн биржийг Сангийн Яамны мэдэлд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш зах зээл дэх итгэлцлийг нэмэгдүүлэх талаар шинэ олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлснээр хөрөнгийн зах зээлд сэргэлт гарч эхэлжээ.

Тухайлбал өмнө нь Монголбанкаар дамжуулан зөвхөн цөөн тооны арилжааны банкуудад хаалттай байдлаар арилжиж байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг нээлттэй ил тод болгож зарим хэсгийг нь Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж эхэлснээр олон нийтийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо огцом нэмэгдэхийн хирээр сүүлийн 9 сарын хугацаанд 24 орчим тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар хүртэх боломжтой болжээ. Мөн Монголын Хөрөнгийн бирж Засгийн газрын үнэт цаасны арилжаанд орж эхлэснээс хойш бондын хүү 1.5-2 орчим хувиар буурсан нь улсын төсөвт хэдэн арван тэрбум төгрөгний хүүгийн зардлын хэмнэлт гарах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн энэ он гарсаар 12 мянга орчим хөрөнгө оруулагчдын данс зах зээлд шинээр нээгдсэнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны үнийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгджээ.

Монголын Хөрөнгийн биржийн зүгээс Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 1 дүгээр сард олон улсын стандарт жишгийн дагуу үнэт цаасны итгэмжлэгдсэн дилер (market makers)-ийн тогтолцооны хамт хэрэгжүүлж эхлэснээр хөрөнгө оруулагч нар Засгийн газрын үнэт цаасыг хүссэн үедээ хоёрдогч зах зээлээс худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж мөнгөжүүлэх боломжтой болжээ.

Мөн Монголын Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоо хэмжээг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын сонголтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд олон ажлыг зорьж эхлүүлснээс Бинсэ ХК-ийн анхдагч зах зээлд нэмэлт хувьцаа гаргах болон Эрчим Инженеринг ХХК-ийн даатгагдсан корпорацийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхлээд байна. Хөрөнгө оруулагчдын итгэлцэл нэмэгдэж Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сэргэж эхлэхийн хирээр зах зээлд бусад шинэ бүтээгдэхүүн нэвтрэн орж ирэх таатай суурь бүрдэж буйг онцлоод Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар “Энэ онд 10 орчим хуулийн этгээдийг хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгуулах зорилт тавин ажиллаж байгаа, цаашдаа Монголын ТОП-100 компаниуд бүгдээрээ дотоодын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, харилцагч байх нөхцлийг бүрдүүлж ажиллана” гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монголын Хөрөнгийн биржийн зүгээс компанийн засаглалын асуудлыг чухлаар авч үзэж мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, компанийн санхүүгийн тайланг үнэн зөв, хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох, бусад холбогдох мэдээллийг хөрөнгө оруулагчдад цаг алдалгүй хүргэж байх зорилтыг тавьснаар хувьцаат компаниудын тайлангаа биржид ирүүлэх ирц өмнөх онуудтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгджээ. Мөн төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг, улсын төсвөөс татаас авдаг гэсэн ойлголтыг халж Монголын хөрөнгийн бирж нь сүүлийн 3 жил дараалан санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны эхний хагаст үндсэн үйл ажиллагаагаар 200 орчим сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 19.8 сая төгрөгийн татвар төлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *