Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төвдийн тэмдэглэл

Now I shall go far and far

Into the North, playing the

Great Game

Rudyard Kipling, Kim

1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Хожмын түүхэнд ил болсноор англичууд Төвдийг эзлэх гэсэн юм биш байж. Орос улсын зорилго нь зүүн урагшаа Монгол, Шинжаан, Төвдийг, баруун урагш Ираныг өөртөө нэгтгэх гэж, ингэснээр Британийн өмнөд Ази дахь колончлолтой хил нийлэх, улмаар хилээ Энэтхэгийн далай хүргэх санаатай Англитай 150 жил шөргөөцөлдсөн юм. Үүнийг алдарт найрагч Кипплинг “Их тоглоом” гэж нэрлэсэн.Англичууд ч колонио арагш Афганистанаар өргөтгөхөөр дайн хийж байв. Төвдийн тэргүүн XIII Далай лам нь Оросын тагнуул Агваан Доржиевийн нөлөөнд их оржээ.Энэ тохиолдолд Ян Хазбэндийн цэрэг Лхаст орсон нь нэгдүгээрт Төвдийн Бирм, Энэтхэгтэй залгах хилийг тодорхой болгох, хоёрдугаарт Оросын нөлөөнд орох нь аюултайг ойлгуулах, гуравдугаарт хэрэв Далай лам зөвшөөрөх юм бол Англи улс Төвдийг хамгаалалтдаа авах гэсэн даалгавартай аж. Харин Далай лам нь Агваан Доржиевийн ятгалгаар Санкт Петрбург орж Оросын хаанаас тусламж гуйхаар умар тийш зугтаан Монголд хүрээд иржээ.

Газар нутгаа Энэтхэгийн далай хүртэл тэлэх оросуудын санаархал ХХ зууны турш санааны мухарт нь байсаар ирсэн. 1940 онд Молотов Гитлертэй уулзан ирээдүйн дэлхийг хуваахдаа СССР-ийн мэдэлд Энэтхэгийн далай хүртэл авахаар тохирч байв. 1979 онд Афганистанд цэргээ оруулдаг нь коммунизмыг өргөтгөх гэхээсээ Зөвлөлтийн эзэнт гүрнийг Энэтхэгийн хойг руу тэлэх гэсэн алсын зорилготой. Шинэ Оросын гадаад бодлогын салхич шувуун Жироновский “Орос цэрэг Энэтхэгийн далайн бүлээн усанд гутлаа угаах тухай” шуугиант ном бичиж байсан нь гэнэн тэнэглэл биш, биелж болох алсын төлөвлөгөө юм. Тэрээр сүүлийн хорин жилийн турш Оросын ирээдүйн гадаад бодлогыг урьдчилан тааж (төлөвлөж) явсаар ирсэн.

Далай ламыг Хүрээнд ирэхэд нь Богд түүнийг тосоогүйгээр үл барам ерөөс уулзсангүй. Тэр хоёрыг сүсэгтний өргөл барьц булаацалдсан, эсвэл бүр эсрэгээр сэм уулзалдсан гэх мэтийн таамаглал байдаг нь үнэндээ гэнэн тайлбар юм. Үүнээс өмнө Богдоос шанзав Бадамдоржийг Орос руу илгээн Манж Чин гүрнээс салахад нь туслаач гэсэн бичиг шийтгэсэн байв. Монголчууд хэдэн зуун жил үргэлжилсэн Төвдийн оюун санааны дарангуйллаас салах гэж оролдох болжээ. Иймээс “Умрын бурханы шашин” гэсэн нэр томъёо гаргаж “Миний сургаал ирээдүйд умраас умарт түгэх болно” гэсэн Буддагийн үгийг ишлэх нь их болсон. Хожим Ерөнхий сайд Бадамдорж Чэнь И-тэй 64 зүйлт хэлэлцээр байгуулахдаа “Умрын Бурханы шашин” гэдгээ ихэд онцолж, Төвдөөс үл хамаарсан шашны тусдаа төвлөрөл буй болгох, түүний удирдагч нь Төвдөөс биш Халхаас тодрох, Жавзандамбын дараагийн дүр нь Далай лам, Банчинбогдын дараа эрэмбэлэгдэх ёсыг халж бүр салангидаар Умрын Бурханы шашины толгойлогч байх гэдгийг хэлэлцээрт тусгахаар чармайж байв. Богд хаан нас барсны дараа Монголын шашны мяндагтнууд IX Богдыг одоогийн Сэлэнгэ аймгаас тодруулж байлаа.Ийм л шатгаанаар 1904 онд VIII Богд нь XIII Далай ламыг хүлээж аваагүй бололтой.

Үл хүндлэгдсэн Далай ламыг Халхын чинван Ханддорж нутагтаа залан Вангийн хүрээнд өвөлжүүлжээ.Далай ламыгаа хордуулж алах гэсэн хэсэг төвдийн хэрэг илчлэгдэж Ханддорж тэдний хатуу шийтгэсэн байна. Үүнд өсөрхсөн төвдүүд Ханддоржийн Бээжинд байх хүүг хууран хааны ордонд зөвшөөрөлгүйгээр дагуулж орон хууль зөрчүүлчихээд ордныхонд зааж өгөн цаазаар авахуулжээ.

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан авч үүнийг нь хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй.Харин 1913 онд Төвдийн төлөөлөгчид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхээр ирсэн тул хоёр орон харилцан хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээа. Чин улсын харъяанд байсан энэ хоёр үндэстний цаашид тусгаар тогтнолоо олох болон хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл нь шал өөр замаар явсан юм. Монголчууд Хятадын өөдөөс Монголыг булаацалдах Орос улсыг монголчууд хань татан сөргүүлэн тавьсан юм. Төвдүүд болохоор Хятадтай сөргөж чадахуйц англичуудаас зугтаажээ. Монголчууд өөрснөө зарласан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж гуч гаруй жил махран хөөцөлдсөн. Төвдүүд хаалгаа тас хаагаад ертөнцөөс тасарсан. Монголчууд дэлхийг шинээр хуваасан II дайнд ялагч гүрнүүдийн талд зогсон Японд хүртэл дайн зарласан.Харин төвдүүд Дэлхий шинээр хуваагдаж байгааг бараг сонсоо ч үгүй нүд чихээ таглан өнгөрөөсөн. Ялтын гэрээгээр монголчуудын өдий хүртэл явж ирсэн статус квог их гүрнүүд хүлээн зөвшөөрсний дүнд 1946 оны эхээр Хятад, Зөвлөлтийн аль алин нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 1952 онд Хятадын чөлөөлөх арми Лхаст орж ирэхэд Төвдийг хэн ч өмөөрөөгүй, учир нь дэлхийн шинэ дэг хуваагдлаар их гүрнүүд долоон жилийн өмнө Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг мөн гээд тохирчихсон байлаа. Энэхүү өнгөрсөн 59-иад жилийн турших XIII Далай ламын хөөрхийлөлтэй бодлогыг XIV Далай лам хожим нь ихэд харамсан дурсдаг аж.

Хүчинд автсан XIV Далай лам “чөлөөлөгдсөн” Төвдийг төлөөлж бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хуралд дэд даргаар “сонгогдон” ажиллаж байсан. Гэвч тэснэ тэснэ гэхэд арай ч барахаа болиод 50-иад оны сүүлчээр Энэтхэг рүү дүрвэн зугтаж тэндээ Төвдийн орогнолын Засгийн газар байгуулж өөрөө тэргүүн нь болжээ. Төвдийн тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцэж дэлхий даяар асар их нэр хүндтэй болсон авч нэгэнт хуваагдсан ертөнцөд эх орондоо тусгаар орон зай гаргаж чадсангүй. Бодит байдалтай эвлэрсэн тэрээр 1988 онд Штутгардтад Төвд нь Хятадын автономит муж байхыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ. Ердөө жилийн дараа коммунизм сөнөнө гэж мэдсэнгүй. 1990 онд тэрээр коммунизмын дараах чөлөөт ардчилсан Монголд яаран ирж хоёр жилийн өмнөх Штутгардтын мэдэгдлээсээ татгалзаж байгаагаа зарлалаа. Төвдийн буддизм нь Төвд, Бутан, Энэтхэгийн Ладаг, Оросын Буриад, Тува, Халимагт шүтэгчидтэй. Харин энэ шашин тусгаар тогтносон Монголд 70 жил хориглогдож байгаад эргэж сэргэж байсан учир ийм мэдэгдлийг Улаанбаатарт зарлах нь улс төрийн хувьд маш ач холбогдолтой байсан бололтой.

XIV Далай лам үүнээс өмнө Монголд ганц удаа л ирсэн юм. Зөвлөлтүүд Хятадын эсрэг үзэл суртлын өдөөн хатгалга хийж түүндээ Далай ламыг ашиглахын тулд Азийн буддистуудын энх тайвны байгууллага гэдгийг Улаанбаатарт байгуулуулжээ. 1979 онд энэ хуралдаа Далай ламыг урин оролцуулсан юм. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр гадагш нь үзэл суртал хийх гэж байгаад монголчуудын мартагдаж буй шүтлэгийг нь сэргээчих вий хэмээн болгоомжилсон нам засаг Далай ламын айлчлалыг НАХЯ-ны нарийн хяналтын дор явуулж, түүнийг сүсэгтнүүдтэй аль болох уулзуулахгүй байх дээр онцгой анхаарсан. Лам хувцас өмссөн нууц цагдаагийнхан болон тэдэнд элссэн туршуул лам нар Гандангаар нэг байлаа.Далай лам ч үүнийг ажигласан, хожим коммунист Монголд айлчилснаа хачирхан бичсэн байдаг.

Далай лам Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзэл байсан, тиймээс ч 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь энэ талаар Төвдийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн байсан юмсанж. Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч нь төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэрэгт байхдаа нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ.

Энэтхэг, Хятад хоёр 1962 онд хилийн будлианаас болж байлдсан юм. Түүнээс хойш энэ хоёр орны харилцаа олон жилээр хөрсөн ба үүнийг нь ч зөвлөлтүүд Энэтхэгийн эрх баригч Конгресс намаар дамжуулан Хятадын эсрэг идэвхтэй ашиглаж байлаа. 1980-аад оны сүүлч гэхэд Хятадад Дэнгийн нээлттэй хаалганы бодлого ихэд амжилт олон энэ орон үсрэнгүй хөгжлийнхөө гарааг тавилаа. Зэрэгцээд СССР-т коммунизмыг засварлан сайжруулах Горбачёвын перестройка шуугиулж гарах нь тэр. Энэтхэгт ч Конгресс намын олон жилийн эзэгнэл сулраад иржээ. Энэтхэг нь Хятадтай харилцаагаа сэргээх шаардлагатай болов. Энэ хоёр хүчирхэг хөршүүд эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтарч байж л дэлхийн зах зээлд гарч ирнэ. Түүнээс гадна Энэтхэгийг оросууд, дайсан нь болох Пакистаныг хятадууд “өмчлөөд” авчихсан энэ эвгүй байдлаас гарах шаардлагатай. Хятадтай сайжиръя гэсэн хүсэлд нь дүрвэж орж ирсэн 100 мянга гаруй төвдүүд, нутагт нь байгуулагдсан Төвдийн орогнолын Засгийн газар хамгийн том саад болж байв. Ардчилсан орны хувьд тэднийг хөөгөөд гаргаж чадахгүй.Дарамт болсон хоноц.

Олон улсын байдал ийнхүү орвонгоороо өөрчлөгдөх өнгө ороод эхлэнгүүт энэтхэгчүүд Ладагийн төвд үндэстэн ренбүүчи гэгдэх шарын шашны лам хүнийг Монголд суух Элчин сайдаар томилон явуулав. Түүнийгээ Улаанбаатарт бүхэл бүтэн 13 жил байлгасан. Төвдийн Энэтхэг дэх орогнолын Засгийн газрыг Монгол руу нүүлгэх бэлтгэл ажлыг л мөнөөх ламаар хийлгэсэн хэрэг. 70 шахам жил шашнаа хориглуулж, буддизм байтугай ерөөс сүсэг бишрэлийн утга учрыг ч ойлгохоо больсон, эсвэл марксист шашны фанат мухар сүсэгтэн болсон ард түмэн ладагийн төвд ламыг хуйлран дагаж ардчилсан төрийн томчуудаас эхлээд жирийн мөргөлчид хүртэл шавь нь боллоо.

Үргэлжлэл бий.

2015.8.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *