Монгол Улсад Өсвөрийн шатарчдын дэлхийн
олимпиад анх удаа зохион байгуулагдахаар болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд
УИХ-ын гишүүн Монгол Улсын өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион
байгуудлах ажлын албаны дарга Я.Санжмятав, Эрүүл мэнд, спортын сайд
Г.Шийлэгдамба, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов болон
албаны хүмүүс оролцлоо. Тэмцээн энэ сарын 19-29-ны хооронд “Хүннү молл”
цогцолборт болох юм. Дэлхийн 30 гаруй улсаас 170 гаруй баг тамирчид манай оронд
ирээд байгаа аж. Тэгвэл манай улс Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион
байгуулах эрхийг олон оронтой өрсөлдөж авсан байна. Энэхүү тэмцээн нь Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох Дэлхийн шатрын холбоонд харьяалагддаг
том тэмцээн аж. Өсвөрийн 16 хүртэлх настай шатарчид дөрөв, дөрвүүлээ болж
багаар оролцох гэнэ. Манай улсаас нийт 50 гаруй өсвөрийн тамирчин зургаан баг
болж оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж. Өсвөрийн шатарчдын
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд
Солонгос, Америк, Канад гээд 23 орноос баг тамирчид оролцохоор бүртгүүлсэн
байна. Дэлхийн төвшний том багууд оролцож байгаа учраас өрсөлдөөн ширүүн
явагдахаар харагдаж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Мөн тус тэмцээнээр
манай тамирчид дэлхийн шилдгүүдтэй танилцан туршлага солилцох боломж гарч буй
юм. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадаас гадна “Mongolia Open” буюу их
мастеруудад зориулсан тэмцээнийг давхар зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Mongolia Open” нас харгалзахгүй оролцдог бөгөөд жилд нэг удаа болдог томоохон
тэмцээн юм. Тус тэмцээнд түргүүлсэн тамирчин зургаан сая төгрөгийн шагнал
авдаг. “Mongolia Open”-д дэлхийн супер их мастерууд ирж тоглож байгаагүй бөгөөд
энэ жил 20 гаруй орноос 150 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.