Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 1,138 аж ахуйн нэгж бүртгүүлжээ

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239
дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол
Улсын нутаг дэвсгэрийн 19.9% буюу 31 сая гектар талбайд олгохоор
шийдвэрлэсэн. Үүнээс 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон
шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь
өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай юм.

Ашигт малтмалын газар нь Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уртрагийн 104 градусаас
баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг
хүссэн өргөдлийг 2015.01.26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж
эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.

Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн
104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст
үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн
өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Иймд 2015 оны
наймдугаар сар 24-ний өдрийн Даваа гарагаас цахим дугаар олгож эхлэнэ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1,138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байна гэж Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *