Categories
мэдээ нийгэм

“Үй цай” сургуулийн төгсөгчид олуулаа цугласан нэг өдөр

“Үй цай” сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан төгсөгчид нь Спортын төв ордонд “Үй цайг”-гийн нөхөрсөг нэг өдрийг зохион байгуулж, сагсан бөмбөгийн тэмцээнээр хүч сорив. Есөн төгсөлтийн 12 ангийн 360 гаруй төгсөгч хүрэлцэн ирсэн болохоор энэ үнэхээр дурсамж сэргээсэн өдөр байлаа. “Үй цай” хятад хэлний сургалттай бүрэн дунд сургууль анхны төгсөлтөө 2006 онд хийжээ. Спортын ордонд ирсэн залуус захирал Д.Баяраа, Д.Цэцэгмаа нарт үнсүүлэх юм. Монголд ирэхээрээ “Үй цай“ сургуульдаа ирж хоёр багшдаа үнсүүлээд буцдаг гэж нэг төгсөгч эмэгтэй ярьсан. Д.Цэцэгмаа захирал хүүхдүүдээ хараад багынх нь хөгжилтэй дурсамжуудыг хуучилж сууна. Д.Баяраа захирал ч бас дэргэдээ суугаа Г.Гантүвшингийн түүхийг ярьж байна аа. “Ээж нь Москвад аспирантурт сурч байсан, аав нь төрийн ажилтай. Хичээл тараад авах хүн нь оройтдог. Манай хүн коридорт жижигхэн цагаа гаргаж тавьчихаад даалгавраа хийгээд байна. Хэтэвчээ бас цагныхаа хажууд тавьчихна. Хэтэвчнээсээ мөнгө аваад доошоо уруудаж, мөхөөлдөс авч иднэ. Ийм л хүү Тайваньд олон улсын хуульчаар төгссөн. Одоо хувийн хууль зүйн фирмтэй” хэмээн тэрбээр бахархалтайгаар зарлав.

Д.Баяраа захирал “20 жилийн ойгоо тохиолдуулаад манай 2014 оны төгсөгч Б.Эзэнбат, Г.Буянхишиг нар нөхөрсөг нэг өдрийг санаачилсан юм. Өнөөдөр сайхан дурсамжтай, баяртай өдөр байна. Дахиад нэгдэж, мэдээлэл сонсч байна. Төгсөгчдийн холбоогоо шинэчилж байна.Тэр нэг жижигхэн охин чинь Хятадын алдартай Чинхуа их сургуульд сурдаг юм шүү дээ” хэмээн хүүхдүүдээ танилцуулангаа сурч байгаа сургууль, эзэмшсэн мэргэжлээр нь гайхуулна. Сагсан бөмбөгчний хувьд захирал сайн биш тоглогч байсан ч жин ихтэй тэрбээр гүйх нь хүртэл үзэгчдийг хөгжөөнө. “Бөмбөг шидэх боломж гараагүй, харин шүргэх боломж гарсан” гэж Д.Баяраа захирал наргиа болгосон. Мань сагсчны үнэнч фэн нь гэргий Д.Цэцэгмаа байлаа. Тэрбээр барагтайхан сагсчин нөхрөө үзэгчдийн суудлаас дэмжиж, хазайхад нь дуу алдаж, чангаар инээх нь танхимд ялгарч сонсогдоно. “Үй цай”- сургуулиа хорин жилийн турш үүрч ирсэн энэ хосууд төгсөгчдийнхөө амжилтаар бахархах нь аргагүй. Бага насанд нь зааж чиглүүлж ирсэн сурагчид нь өдгөө том эрчүүд, ялдам бүсгүйчүүд болжээ. “Үй цай”-гийн сурагчдыг эцэг эх нь юм шиг л үглэж сургаж ирсэн тэднийг сурагчид нь инээмсэглэн сонсох юм. “Үй цай”-гийн сурагчдын даруухан, чих зөөлөнтэй зан орчин үеийн хүүхдүүдээс ялгардаг. Д.Цэцэгмаа багш хүүхдүүдийнхээ энэ чанараар гайхуулахаа мартсангүй. “Манай хүүхдүүдийн нэг онцлог төлөвшилт сайтай. Ирсэн хүн болгон магтдаг” гэнэ. “Та хатуу гараар хүмүүжүүлсэн байх нь ээ” гэхэд хажуугаас нь анхны төгсөгчдийн нэг Ж.Баасангарьд өмгөөлж “Хатуу гараар биш ээ. Өдөржингөө л хамт байдаг болохоор зөвхөн хичээл ном сургахаас илүү бие хүн болж төлөвшихөд анхаардаг. 9.30-аас 15.10 цаг хүртэл хичээл хийгээд, үргэлжлүүлээд хоёр цагийн давтлага авдаг. Нэмэлт хэрэгтэй бол дахиад ч авдаг. Сургууль дээрээ л өнждөг байсан. Хоёр багш маань, бусад багш нар маань ч хажууд байдаг. Яг л дэргэд нь өссөн дөө” гэж тайлбарлав. Сагс тоглохын зэрэгцээ хэн хаана сурч, ажиллаж амьдарч байгааг мэдэлцэж, дурсамжаа хуучлах нь бүгдэд сонин байлаа. Тоглолтын үеэр төгсөгчидтэй хэдэн хором ярилцав.

Хэл сурахад цээжлэх арга тустай

“Үй цай” сургуулийн анхны төгсөгч Батзаяагийн Батмагнайгаар багш нар нь ихэд бахархдаг. Сургуулиа төгсөөд, БНХАУ-ын Бээжин хотод Гадаад хэлний хоёрдугаар их сургуульд олон улсын эдийн засаг худалдааны мэргэжлээр сурч төгссөн. “Оюу толгой” төсөлд захиргааны ажилтан, орчуулагч мэргэжлээр ажиллаж байгаад жил гаруйн дараа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд орж, яамныхаа нэр дээр БНХАУ-ын тэтгэлэгээр Гонжоу хотноо Бизнесийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад ирсэн гэж тэрбээр өөрийгөө танилцуулав.

-“Үй цай” өгөөжтэй сургууль. Дунд сургуульдаа Шанхайд байдаг Багшийн их сургуульд хэдэн сурагчийн хамт зургаан сарын хугацаатай сурч, хэлээ сайжруулах боломж олдсон юм. Хэл сайжрахаас гадна гадаад орчинд бие дааж, хүмүүстэй харилцаж сурсан. Түүнийхээ хүчинд оюутан болоод гадаадад суралцахад түүртээгүй. Хэлийг насаараа суралцаад бардаггүй гэдэг. Хэл гэдэг мэргэжил мэргэжлээрээ ондоо хэллэгтэй байдаг. Би Гадаад харилцааны яаманд улс төрийн харилцааны чиглэлээр нэлээд суралцсан. Түүнээс биш “Үй цай” сургуульд суурь маань бүрэн тавигдсан байв. Анх “Үй цай” сургуулиа төгсөөд хятад хэлний түвшин тогтоох шалгалтад есөн зэрэг авч байсан. Анхан дунд дээд шат гэж байдаг. Тэгэхэд дээд шатыг авч байсан. Ахиад Хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгөх шаардлага гараагүй гэнэ.

-Хятад хэлийг сайн сурахын тулд юунд анхаарах ёстой вэ?

“Үй цай” сургуульд сурч байхад цээжлүүлдэг байсан. Бид нэг улиралд нэг ном цээжилдэг. Шалгалтын үеэр гучин сэдэвтэй бол гучин сэдвээсээ сонгоод эхнээс нь дуустал цээжээр дуржигнатал уншдаг байсан. Хэл сурахад цээжлэх хэрэгтэй. Цээжилж байж тухайн хэл өөрийн болдог. Сүүлд англи хэл сурч байхад нэр үг эзэн бие нь хаанаа орох билээ гэж боддог бол хятад хэлээр төрөлх хэлээрээ ярьж байгаа юм шиг бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг.

-Хятад хүмүүсийн хувьд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Хятад хүмүүсийн уйгагүй хөдөлмөрлөдөг чанараас суралцах хэрэгтэй гэж бодогдсон. Оюутанууд нь ч өглөө эрт босоод номоо уншиж байдаг. Урд сурдаг байхад нэг буузны газар байв. Буузны газрынхан үүрээр босч, үдэш 10 цаг хүртэл ажиллана. Амралтын өдөр ч ажиллаж л байна. Ажилласныхаа хэрээр амьдрал нь болоод байдаг. Хятад зан заншил соёлд уйгагүй хөдөлмөрлөх, шантарч болохгүй гэсэн утга агуулга явдаг шиг байгаа юм. Хятад хурдацтай хөгжиж байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог. Хятадууд хүнээс суралцаж, буруугаа засч чаддаг. Соёлын хувьд 56 бага үндэстэнтэй болохоор биенээ хүлээн зөвшөөрөх, юмыг хүлээж авахдаа сайн гэв.

“Мундаг эмч болоод Монголдоо ирнэ”

“Үй цай” сургуулийн 2012 оны төгсөгч Б.Оюунномин Бээжингийн их сургуульд анагаахын чиглэлээр сурдаг. Одоо дөрөвдүгээр курст орно. Анагаахын чиглэлээр есөн монгол оюутан сурч байгаа. Бээжингийн их сургуульд “Үй цай”-гийн сурагч байсан таван монгол оюутан суралцдаг. Манай 2012 оны төгсөгчдийн ихэнх нь Зам тээврийн их сургуульд инженерээр суралцаж байгаа гэж тэр сонирхуулав.

-Анагаахын мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Бага ангидаа би Бээжинд сурдаг байлаа. Тэгэхэд манай өвөө өвдөөд Бээжингийн хятад эмч нар аварч байсан болохоор багын мөрөөдөл байдаг. Бээжинд очоод боломж гарахаар нь анагаахыг сонгож суралцсан.

-Хятад эмнэлэг алдартай байх аа?

-Үнэхээр мундаг юм билээ. Хятад хүмүүсийн хөдөлмөрч зан нөлөөлдөг ч юм уу эмч нар нь сэтгэлээсээ ханддаг. Үнэхээр чанга школтай байдаг болохоор мэдлэг нь ч сэтгэл нь ч сайхан.

-Хятад Дорнын анагаах ухаанаар алдартай. Тэр нь мэдрэгддэг үү?

-Европын анагаах ухаан өндөр хөгжсөн ч хажуугаар нь Хятадын уламжлалт анагаах ухаан, өв соёлоо хадгалж байдаг. Бид Европын анагаах ухаанаар суралцаж байгаа ч нэмэлт мэдэгдэхүүн болгож, уламжлалт анагаах ухаанаа давхар зааж өгдөг. Уламжлалт анагаах ухаанаар суралцдаг оюутануудад ч бас Европын анагаах ухааныг хослуулж заадаг юм билээ.

-Мөрөөдөл, төлөвлөгөөнүүд байгаа байх. Зах зухаас нь дурдвал?

-Сайн суралцаж, сургуулиа төгсөөд, мастер доктор хийгээд мундаг эмч болсоныхоо дараа Монголдоо ирж, хүмүүсийг эмчилнэ гэж боддог.

-Тэтгэлэгээр суралцдаг уу?

-Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр сурч байгаа. Тэр нь маш боломжийн тэтгэлэг.

-Танай ангид гадаадын оюутанууд олон байдаг уу?

-Бээжингийн их сургуулийн анагаахын сургууль нь хятад бүлэг, гадаадын оюутануудын бүлэг гэж хуваагддаг. Манай ангид япон, солонгосчууд олон. БНХАУ-д сурч байгаа нийт гадаад оюутны 80 хувийг солонгосчууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Бээжин дэх монгол оюутны холбоо гэж байдаг. Тэр холбоогоороо дамжуулаад бараг сар болгон уулзалдана. “Үй цай”-гийнхан бол багаасаа цуг өссөн болохоор одоо хүртэл холбоотой байдаг гэв.

“Хятад хэлний од” болжээ

“Үй цай” сургуулийн 2007 оны төгсөгч Г.Батсанаа саяхан Бээжингийн Хэл, соёлын сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа Хятад хэлний түүх, соёлтой холбоотой гучаад тэмцээнд орж, ихэнхид нь тэргүүн байрт шалгарчээ. Төгсөхийнхөө өмнө Монголын ЭСЯ-наас оны шилдэг оюутан, Хятад Улсад Монголынхоо нэрийг сайнаар гаргасан хэмээн шагнуулсан аж.

-Өөрийг чинь “Хятад хэлний од” болж байсан гэж сонссон?

-“Хятад хэлний од” гэж тэмцээн жил бүр болдог. Бээжингийн бүх их дээд сургуулийн гадаад оюутануудын дунд явагддаг тэмцээн. Дөрвөн үе шаттай. Шалгарсаар байгаад нэгдүгээр байрт орж байлаа. Магистрт сурах тэтгэлэг авсан учраас удахгүй явна.

-Хятадад тэтгэлэгтэй сурахын тулд ямар бэлтгэл хангасан байх талаар дүү нартаа зөвлөөч?

-Тэтгэлэгтэй суралцахын тулд Хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх шаардлагатай. Миний хувьд тэтгэлэг авахад маш олон тэмцээнд оролцсон маань нөлөөлсөн. Сургуулийнхаа олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байсан. Тийм болохоор манай сургуулийн профессорууд үргэлжлүүлж сурахыг дэмжсэн юм. Идэвхитэй хүүхдүүдээ Хятадад маш сайн дэмждэг. Өмнө нь бакалаварт хувийн зардлаар сурч байсан. Сурч байх хугацаандаа тэмцээнд амжилт үзүүлсэн болохоор хоёр жил дараалан тэтгэлэг авсан л даа. Идэвхитэй байгаарай. Би чадахгүй гээд хойшоо суух хэрэггүй. Би анх тэмцээнд орж байхдаа их сандардаг байлаа. Олон хүний өмнө байтугай ангийнхныхаа өмнө ч юм ярьж чадахгүй байсан. Бага багаар дасдаг юм билээ. Өөрийгөө голохгүй, юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй.

Хятадын зуун болно гээд ээж аав маань “Үй цай”-г сонгосон

Ж.Баасангарьд анхны төгсөгчдийн нэг. Төгсөөд Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр Шанхай хотын Тунжин их сургуулийг архитектур мэргэжлээр төгссөн. Одоо Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Онцгой байдал, гамшгийн менежмент хариуцсан архитектороор ажилладаг.

-“Үй цай”-тай яаж холбогдсон бэ?

-XI зуун Хятадын зуун болно гээд аав ээж маань биднийг хятад хэл сургасан. Манай ээж, аав хоёр автын инженерүүд. “Үй цай”-г шилж сонгоод намайг чанга хатуу гарт өгнө гээд энэ сургуульд өгсөн. Багш нар маань ээж, аав хоёрыг орлодог. Намайг сайн хүн болоосой гэж өсгөж хүмүүжүүлж “Ингэж явах ёстой шүү, миний хүү” гэж зааж зөвлөж явдаг болохоор хоёр багштайгаа уулзах дуртай. Манай ангийнхан анх “Сурагчдын өдөр”-ийг санаачилж байлаа. Сурагчид нэг өдрийн багш болж, бага ангийнхандаа хичээл зааж байсан.

-Ангиас олон мэргэжилтэн төрсөн байх?

-Ангийнхан хуульч, нисэхийн удирдагч, эдийн засаг, олон улсын харилцааны мэргэжилтэн гээд олон мэргэжил эзэмшиж бүгд амжилттай яваа. “Миний хүүд ийм мэргэжил зүгээр юм биш үү” гэж Д.Баяраа багш маань зөвлөсний хүчинд би архитектор болсон. Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулах гэж байна гэв.

“Үй цай” миний сурах гол суурийг тавьж өгсөн

Жанцангийн Азжаргал. “Үй цай”-гийн 2011 оны төгсөгч . Тайванийн Тайпей хотод үндэсний их сургуульд сурч байгаа. Тайваньд нэг номерт, дэлхийд чансаагаараа 49-т ордог сургуулийн оюутан юм байна.

-Гадаадад сурдаг ч Монголынхоо хуулийг судалж байдаг уу?

-Судлалгүй яахав төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Монголынхоо хуулийг судлахгүй бол явахгүй шүү дээ.

-Яагаад хуулийн ангийг тэр тусмаа Тайванийг сонгосон бэ?

-Хэд хэдэн шалтгаан байдаг. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд Тайваний хууль Монголынхтой ч төстэй юм байна гэж үзсэн. Тайваний хууль Монголтой адил Германаас хуулж авчирсан байдаг. Японы бага зэрэг нөлөө байдаг л даа. Манай гэрийнхэн тэр үед Тайваньд томилогдож очсон нь ч нөлөөлсөн. Манай аав одоо Үндсэн хуулийн Цэцийн орлогч даргаар ажиллаж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодсон. Аав мэдээж мэргэжил сонгоход миний санаа сэтгэлийг асуусан. Багаасаа л аавыг харж өссөн учраас надад ч сонирхол байсан. Тайвань өртөг өндөртэй газар. Маш их мэрийж хичээхгүй бол болохгүй гэв.

М.Төмөр хятад сургууль төгссөн ч Орост сурдаг

2011 оны төгсөгч Мөнхтамгын Төмөр. ОХУ-ын Дотоод явдлын яамны Хууль зүйн дээд сургуульд сурдаг.

-Үй цай төгссөн хятад хэлтэй хүүхэд хятадад сурвал дөхөм байж магадгүй. Яагаад Орост сурахаар сонгов?

-Нэгэнт хятад хэлийг сурсан болохоор өөр хэл судлах бодол байсан. Хамгийн гол нь миний сурч байгаа сургууль хуулийн сургалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Цагдаагийн зарим мэргэжлүүдийг зөвхөн тэр сургуульд эзэмшиж болдог учраас энэ сургуулийг сонгосон. Хууль сахиулах ажилтан, мөрдөн байцаагчаар мэргэшнэ.

-Багаасаа мөрдөгч болох мөрөөдөлтэй байсан гэсэн үг үү?

-Миний аав Мөнхтамга гэж хүчний байгууллагад ажилладаг, хурандаа хүн байдаг. Аавынхаа нэрийг гаргахыг хүсдэг учраас энэ мэргэжлийг сонгосон. Цагдаагийн ажлын уур амьсгалыг багаасаа мэдэрч өссөн л дөө.

-Хятад хэлтэй хүүхэд орос хэлээр сурахад хэлний бэрхшээл байсан байх?

-Зуун хувь цэрэгжилттэй газар болохоор эхэндээ хэцүү. Хатуу дэг журамтай. Бүх юм даргын хэлснээр явдаг, цэрэг бол үүрэг гүйцэтгэдэг. Одоо дөрөвдүгээр курс болохоор дассан гэв.

“Нөхөрсөг нэг өдөр” сагсан бөмбөгийн тэмцээнд 2011 оны төгсөгчид нэгдүгээр байр, багш нарын баг хоёрдугаар, 2012 оны төгсөгчид гуравдугаар байр эзэлжээ. Шилдэг довтлогч 2011 оны төгсөгч М.Төмөр байлаа. Багш нарын багынхан шагналын мөнгөө “Үй цай” төгсөгчдийн холбоондоо хандивлажээ. Сагсан бөмбөг тоглох завсар чөлөөгөөрөө төгсөгчдийн холбооны удирдлагыг сонгох хурал халуухан болж, Э.Сундарыг, тэргүүнээр сонгов. “Үй цай” хэмээх брэндээр ижилссэн залуус Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах цаг айсуй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *