Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ариунболд: Тариалан эрхлэх хууль, эрхзүйн орчин таатай байгаа

Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

-Өнөөдөр “Монголын газар тариалангийн холбоо”-ноос энэ жилийн ургацын 70 хувийг алдсан гэж мэдээллээ. Яамнаас хийсэн судалгаа байна уу?

-Жил жилийн ургацын баланс наймдугаар сарын дундуур гардаг. Энэ жилийн ургацын баланс энэ долоо хоногийн сүүлээр гарна. 70 хувь гэдэг судалгаанд үндэслээгүй мэдээлэл байна.

-Ерөнхийдөө 70 хувь гэдэг нь бодит байдалтай нийцэх үү. Яг энэ 70 хувь гэсэн тооцоолол хүмүүсийг их бухимдуулж байгаа шүү дээ?

-Энэ нь баланс гарсны дараа тодорхой болно. Ямар ч байсан урьдчилсан байдлаар үзэхэд 70 хувь алдахгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ нь зүгээр л зохиомол хомсдлыг бий болгох, бүтээгдэхүүний үнэ өсгөх бодлого явж байгаа байх гэж харж байна.

-Тариаланчид төрийн зүгээс зээлийг хойшлуулах арга хэмжээ авах, бензин, түлшин дээр хөнгөлөлт өгөх зэрэг арга хэмжээ авахыг шаардаж байна. Энэ нь хэр боломжтой юм бол?

-Зөвхөн энэ жилийн тухайд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалтад зориулан ургамал хамгаал­лын бодис, бордоо, үрийн будаа, шатахууны зээлийн дэмжлэгт зориулан 13.8 тэрбум төгрөгийн хүүгүй зээл, техник тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлд 7.4 тэрбум төгрөгийг олгосон. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сая ам.долларын техник тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд олгож эхлээд байна. Хамгийн гол нь энэхүү зээлийн эргэн төлөлт нь чанарын шаардлага хангасан буудай байх юм. Энэхүү нөхцөлд тариаланчид маань сэтгэл хангалуун байгаа. Тиймээс гэрээний хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой.

-Газар тариалангийн холбооноос зургадугаар сараас эхлээд ган болж болзошгүй гэдгийг анхааруулсаар байтал яамнаас дорвитой арга хэмжээ аваагүй гэж ярьж байна. Өнгөрсөн зуны хувьд яамнаас ямар ажил хийсэн бэ. Зунжингаа байхгүй байж байгаад мянган сум оруулж ирээд бороо оруулсан гэж яриад байгаа юм?

– Үүлэнд зориудаар нөлөөлөх аргаар хур тунадас оруулах арга хэмжээг Байгаль орчны яамны харьяа Ус, цаг, уур орчны шинжилгээний газар хариуцдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчны мэргэжлийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага нь энэ хавар, зун өөрийн нөөц бололцоогоо дайчилж ажилласан. Харин хур тунадас ихээр орох үүл төдийлөн хуримтлагдахгүй байсны улмаас хур тунадас тариалангийн бүс нутгаар харилцан адилгүй орсон. Дээр хэлсэнчлэн энэ асуудал өөр яамны харьяаллын асуудал боловч үүлэнд зориудаар нөлөөлдөг сумны нөөц зургадугаар сарын дундуур дууссан тул Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэн нэмж мянган сум авахаар болсон.

-Яамны бодлогоор тариалангаа нэмэгдүүлсэн гэж яриад байгаа?

-Энэ жил улсын хэмжээнд улаанбуудай 359.7 мянган га-д тариалалт хийсэн. Өнгөрсөн жил 300 мянга орчим га-д тариалалт хийсэн. Яагаад ингэж тариалалт нэмэгдсэн бэ гэхээр энэ нь нэг талаас сайн талтай. Учир нь тариаланчдын маань техник, санхүүгийн чадамж сайжирсан. Нөгөө талаас тариалан эрхлэх хууль эрхзүйн орчин таатай байгаа нь газар тариалангийн бизнест шинэ аж ахуйн нэгжүүд орж байгаатай холбоотой.

-Тариалангийн үнийг төрөөс бариад байна. Бидний зах зээлийг чөлөөл, урамшууллаа больё гэх яриа гарч байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Бид 1990-ээд оноос чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. Тариалангийн бүтээгдэхүүний үнийг төрөөс хатуу барих эрхзүйн орчин байхгүй. Тариалан эрхлэгч маань тариалсан бүтээгдэхүүнээ хэдээр хэрхэн борлуулах өөрсдийнх нь асуудал байдаг. Харин урамшуулалд хамрагдах эсэхээ тариаланч маань өөрөө шийдвэрлэх эрхтэй.

-Импортоор буудай оруулж ирдэг гэж ярьж байна. Импортын буудайны талаар яриач?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамгийн чухал чиг үүрэг бол хүн амын хүнсний хэрэгцээг тогтмол, аюулгүй, зохиомол хомсдол бий болгохгүй, үнийн зохиомол өсөлтгүйгээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Хэрэв тухайн жилийн хэрэгцээт хэмжээнд ургац авахгүй бол импортын буудай оруулж ирэх шаардлага үүснэ. Гэхдээ бид эхлээд тариаланчдын хураасан ургацыг гурилын үйлдвэрүүд худалдаж авч дууссаны дараа уг асуудлыг шийдвэрлэдэг.

О.Амаржаргал: Улаан буудайн импорт ярих нь дөнгөж босч буй энэ салбарыг унагахад хүрнэ

“Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ноос өчигдөр тариаланчдын дунд үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тус хуралд “Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн, О.Амаржаргал болон албаны хүмүүс оролцсон юм.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн “Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад байгаа мэдэгдэл бол үндэслэл муутай зүйл болсон. Яагаад гэвэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга нь “30 хувийн ургац алдаж 70 хувийн ургац авна гэж ярьсан. Мөн маргааш нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд нь 40 хувийн ургац авч 60 хувийг алдана гэсэн бол нийт тариаланчид 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэсэн олон тооны зөрүү яваад байгаа юм” гэсэн бол тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал “Өнгөрсөн жил бид 290 мянган га-д улаан буудай тариалж, 489 мянган тонныг хурааж авсан. Энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 300 мянган га-д улаан буудай тарина гэж төлөвлөснөөс 359 мянган га-д тариалсан. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 600 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой байсан гэсэн үг. Одоо хамгийн ихдээ 200 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой байгаа. Яагаад гэвэл энэ жил гантай байсан. Зарим аймаг, сумд олон жилийн дунджаас 99 хувиар бага хур тунадас орсон гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээ өгсөн. Бид 600 мянган тонн улаанбуудай авах байснаас 200 мянган тонныг авлаа гэхэд хамгийн багадаа 70 хувиа алдсан байна. Бурмаа сайдад ургац хураалт алдагдалтай байна гэхээр “Бид нар ингэж төлөвлөөгүй, 359 мянган га-д улаан буудай тариад 360 мянган тонныг хурааж авна гэж төлөвлөсөн” гээд хавар ярьж байсан төлөвлөгөөгөө одоо бууруулж яриад байна. Тариаланчид хавар төлөвлөснийхөө дагуу улаан буудайгаа тариад хөрөнгө мөнгөө бүгдийг нь газарт хийчихсэн шүү дээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт 1000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс тариалалт эрхэлдэг. Бүгд 150 тэрбум гаруй төгрөгний зардал мөнгийг хавар тариалалтад зарцуулсан байгаа. Үүнийхээ 70 хувийг алдчихаад байна гэдэг гамшиг болж байна. Сайдаа бид нар цаашдаа яах вэ, эрсдэл багатай яаж давж туулах вэ гэж ярихаар “Та нар 70 хувиа алдаагүй, 20-30 хувиа л алдсан, энэ бол асуудал биш” гээд байгааг бид нар гайхаж байгаа. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурилын үйлдвэрүүдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон. Эндээс ердөө хоёр, гуравхан компани нийт зээлийнх нь 60-70 хувийг нь авчихсан юм. Энэ асуудал шударга биш байна Бурмаа сайд аа, энийг ямар ч иргэн хардах эрхтэй шүү. Үүнийх нь дагуу асуудлыг нь ярихаар тэр ярьсан хүнийг нь шүүх цагдаад өгчихдөг. Энэ асуудлын улмаас манай холбооны ерөнхийлөгч хэвлэлийн хуралд оролцох боломжгүй болсон. Ямар нэгэн мэдээлэл, яриа өгөх боломжгүй шүүх цагдаагийн хаалга сахиад байж байна. Тийм учраас бид байгаа нөхцөл байдлыг та нарыг үнэн зөвөөр ойлгооч гэсэн үүднээс ийм яриа өглөө” гэв.

Тэрээр “Хавар зургадугаар сараас эхлээд ган болох нь, тариалалтаа алдах гээд байна гэдэг мэдээг яаманд удаа дараа анхааруулсаар байхад ямар нэг арга хэмжээ аваагүй байж одоо үүл бууддаг сум 1000 ширхгийг оруулж ирсэн. Сүүлийн үед бороо татрахгүй байгаа шүү дээ. Одоо оруулсан бороо ургацын хэмжээг бүр багасгана уу гэхээс дахиж нэмэгдүүлэхгүй. Энийг мэргэжлийн биш сайд, огт ойлгохгүй байна. Одоо бид энэ алдагдлаа аль болох эрсдэл багатайгаар яаж даван туулах вэ гэдгээ ярилцъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс нийт тариаланчдаасаа яг хэдэн га-д тариалалт хийсэн. Хичнээн төгрөгний зардал гарав. Хэдэн га-гаас нь ургац авах боломжтой байна гэдгийг нь нэг бүрчлэн тодруулж байна. Хохирлын хэмжээ алдагдлаа өөрсдөө нөхөх боломж юу байна гэдгийг хайж байгаа. Аль банк санхүүгийн байгууллагад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ямар зээл авсан байна. Хичнээн төгрөгийн өртэй байна гэдгийг нэгтгээд явж байна. Энэ асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газартай тодорхой хэмжээгээр ойлголцож зээлийн хугацааг сунгах ямар арга хэмжээ байна гэдгийг ярилцах хэрэгтэй байна. Түүнээс биш бид нар болон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ургацыг сайжруулах боломж байхгүй. Одоо бол хараад суухаас өөр аргагүй боллоо.

Тодорхой нэг жишээгээр манайх Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тариалан тарьдаг. Тэндээс түлшийг бөөний үнээр авахад 1530 төгрөг байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр түлш авахад 1870 төгрөг. Энэ нь хоёр, гуравхан сарын хугацаатай зээл шүү дээ. Урьдчилгаа 50 хувийг нь өгөөд талыг нь зээлээр авдаг юм. Үндсэндээ нэг литрдээ 200-300 төгрөгийн өндөр үнээр бидэнд түлш өгч байна гэсэн үг.

Мөн улаан буудайны үнийг Засгийн газраас тогтоодог. Өнгөрсөн жилийн хувьд “Та нар улаан буудайгаа борлуул, гурилын үйлдвэр тэдээр авч тэдэн төгрөгөөр борлуул” гэж тохироод тариалан эрхлэгчдэд үнийн зөрүү 100 мянган төгрөгийг улсаас өгнө гээд гэрээ байгуулсан. Харамсалтай нь үнийн зөрүүг 70 мянга болгосон. Энэ чинь зах зээлийнхээ жамаар явж чадахгүй байна. Зарим аж ахуйн нэгж бол өртгөөсөө доогуур борлуулж байгаа шүү дээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниуд өөрөө өөрсдийгөө нөхөөд явах боломж байгаа ч үнэ барьсан үед тийм боломжгүй гэсэн үг. Тиймээс манай холбооны гишүүд уриалаад энэ жилээс Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам үнээ чөлөөлж, зах зээлийн жишгээр орхи. Урамшуулал гэж яриад байгаа үнийн зөрүүгээ боль. Бид зах зээлийнхээ жамаар өрсөлдье. Өнгөрсөн жил хангалттай улаан буудай хураасаар байтал импортоор улаан буудай, гурил орж ирсэн. Энэ бүхнийг тооцоод үзэхээр 2016 онд улаанбуудайг хамгийн багадаа долоо, наймдугаар сар хүртэл хомсдол, тасалдал үүсгэхгүйгээр хүргэх боломж байгаа. Гэтэл өнөөдөр сайд салбарынхаа асуудлыг ярихгүй байж хамгийн түрүүнд импорт яриад байгаа нь дөнгөж босч ирж байгаа хөдөө аж ахуйн салбарыг унагаах гээд байна” хэмээлээ.

С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *