Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын твиттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг барих боломж бий

Ам.доллар 2000 хүрнэ гэсэн шинжээчдийн таамаг амьдрал дээр
батлагдчихлаа. Таамагласан хязгаараас давж магадгүй байдал үүслээ гэх
болгоомжлолыг учир мэдэх улс хэлж байна. Эдийн засаг сайнгүй байгаа нь үнэн ч
ингэж савлах шалтгаан зах зээлээс биш улстөрчдөөс болоод байна. Шуудхан хэлэхэд
ам.долларын ханш улстөрчдийн зэвсэг болчихож. Улстөрийн намууд ам.долларын
ханшаар тулалдаж байна. Хоёр нам нийлбэл гайгүй болдог, салчихаар эргэж өгсдөг
дүр зураг ноён ногооны ханшаас харагдаж байгаа нь нууц биш. Энэ нь эргээд ард түмний
нуруун дээр шийтгэл болж бууж байна.

Засаг бужигнангуут нэмэгддэг ханш

Ноён ногоон өгсөж уруудаж савлах тоолонд ямар үйл явдал өрнөж
байсныг эргэж харъя. АН МАН нэгдэж засаг
байгуулсан өдөр ам.долларын ханш мэдрэгдэхээр унаж байсныг ханшийн мэдээ хардаг
эрхмүүд бол анзаарсан. Засгаас МАН гарах сургаар доллар эргээд өсч байна.
МАН-ын цахим пиарчид гэгддэг хэсэг твиттерч бий. Тэд эгээтэй л ардын хувьсгал ялсан дайны үйл
явдал харсан юм шиг хөөрцөглөөд эхэллээ. Ам.доллар ингэж тэгж өслөө энэ тэр
гээд ёстой л жиргэж өгч байна. Ханшийн захыг удирдах асар их доллар МАН-д
байдаг л байх. Гэхдээ иргэдээ туйлдуулах зүйлд ингэж сэтгэлгүй хандаж боломгүй
санагдах юм. Ямартай ч ногоон өсөх үед өрнөж буй үйл явдлыг анзаараад
байхад ам.долларын ханш улстөрийн
шантааж, шахааны айхтар зэвсэг болсон нь тодорхой байна. Бүр тодруулж хэлбэл
МАН-ын ард түмнийг залхаах хэрэгсэл болоод хувирчихаж. Засаг барьж буй АН-ын
хувьд МАН-тай нийлж ард түмнээ залхааж, шийтгээд байгаагийн учир юунд оршино
вэ. Яагаад ямар нэг алхам хийхгүй байна вэ. Хөндөж тавихаас аргагүй асуулт.

Улстөрийн тогтворгүй байдал, хуйсгануур араншин долларын ханшид
яаж нөлөөлснийг баталсан өөр жишээ ч бий. Гачууртын алтны ордыг гадны
компанитай хамтарч ашиглах асуудал УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирээд унасан өдөр
ам.долларын ханш огцом гэхээр өсч байв. Гачууртын асуудал унах үеэр хагас өдрийн
дотор 1959 төгрөг болж нэмэгдсэн нь ердөө саяхны жишээ.

Ханшид нөлөөлж байгаа хоёр шалтгааныг сөрж
чадахгүй ч…

Ам.долларын ханшийн галзууралд бодитой нөлөөлж байгаа эдийн
засгийн шалтгааныг өнгөрсөн хоёр жил хангалттай улигласан. Гадаадын хөрөнгө
оруулалт тасарсан учраас доллар өслөө гэж
дээр, дооргүй ярьсаар удаж байна. Гаднаас орж ирдэг ам.доллар
багасчихаар яах нь тодорхой. Ханш нь дээшээ дээшээ бүр дээшээ өгсөх нь
ойлгомжтой. Ядаж байхад гадагш нь зарж доллар олдог нүүрс, зэсийн үнэ унаастай
хэвээр. Нүүрсний үнэ бүр навс доошилсон. Цаашдаа ч өөдийн нар харахгүй гэлцэж байна.
Шинжээчдийн энэ таамаг үнэн биз. Нэгэнт үүсчихсэн ийм байдлаас бултаж зугтах
аргагүй л дээ. Дотооддоо ямар ч зөв бодлого хэрэгжүүлээд Хятад хэрэглээгээ нэмж
нүүрсний үнэ өсөхгүй. Зэсийн үнэ ч ялгаагүй, биднээс хамааралтай эд огтхон ч
биш. Дэлхий үнийг нь зохицуулдаг металл. Зогсолтын байдалд орчихоод байгаа
гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр сайхан юм ярингуут маргааш нь ороод ирэхгүй.
Гадныхантай тохирсон тохирооноосоо буцдаг зан маань хэвээрээ гэдгийг одоо ч харсаар суугаа хөрөнгө оруулагчид итгэж мөнгөө өгөхгүй нь
угаасаа тодорхой. Саяхны жишээ гэхэд л Таван толгой дээр Японы “Сумитомо”,
Хятадын “Шинхуа”-тай за зүй болж тохирчихоод үгүй гэчихсэн. Өнөөдүүл нь
толгойгоо сэгсрээд нутаг буцсаныг бид бултаараа харсан. Таван толгой дээр
Монголд ашиггүй тохироо хийсэн, хийгээгүй
гэдгийг хөндөх гэсэнгүй. УИХ, Засгийн
газар нь хоёр тийшээ харж ажилладаг, засагт голлодог нам нь дотроо хагаралдаантай, засагт
хамтарсан нь ч цаад утгаараа ажил явуулахыг биш гацаахыг эрхэм зорилгоо
болгодог, нөлөө бүхий улстөрчид нь хэзээ ч ямар ч шийд гаргаад хичээж хийсэн
тохироог үгүй хийдэг улсад ер нь хэн
итгэхэв. За тэгээд цаашилбал Гачуурт байна. Уг нь алтны дажгүй нөөцтэй энэ
ордыг гадны том компанитай хамтраад ашиглавал нэг хэсэгтээ л ам.долларын ханш
гэж хөмсгөө атируулахгүй. Гэтэл УИХ нь Засгийн газрынхаа оруулж ирсэн төслийг
хэлэлцэхгүй гээд буцаачихсан. “Монголын улстөрчид ч эвгүй юм даа” гэсэн
болгоомжлол төрөхөөр үйл явдал шил дараад байхаар ер нь хэн бидэнд итгэхэв.
Ам.долларын ханшид нөлөөлж байгаа хоёр шалтгааныг сөрж чадахгүй нь үнэн гэдгийг
энэ мэт өчнөөн жишээгээр нотолж болно.

Ноён ногооныг хазаарлах ийм боломж байна

Гэхдээ ам.долларын ханшийг галзууруулахгүй бариад байх боломж эдийн засагт бий. Улстөрчид зохиомлоор өсгөөд байхгүй бол шүү дээ. Монгол банкинд өнөөдөр 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхээр валютын нөөц байна. Ямар ч байсан ам.долларыг 2000 хүргэхгүй бариад байх боломжийн нөөц. Монголчууд хэтэрсэн хэрэглээгээ танаж, гаднаас авдгаа хумисан. 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онтой золгосон гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлээр анх удаа нэмэх баланстай гарч байв. Энэ оны долдугаар сард 604 сая ам.долларын ашигтай гарлаа. Бидний гаднаас авдаг бараа, гадагшаа гаргадаг барааны нийт зөрүү нь арван сар дараалан эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн үг. Урьд хожид байгаагүй үзэгдэл. Монголчууд эдийн засаг таагүй үед аль хэдийнэ бүсээ чангалаад эхэлчихснийг сая онцолсон тоонуудаас харчихаж болно. Наад захын жишээ гэхэд л айлууд хөргөгч, гар утасны лизингээс татгалзсаныг статистик хэлээд өгч байна. Орон сууцны зээлтэй иргэд л олширсон байх. Хэзээд үнэ цэнээ алдахгүй үл хөдлөх хөрөнгийн зээл бол тансаг хэрэглээ биш. Тэгээд ч орон сууцны зээлийг хөгжлийг чирч явдаг дундаж давхаргынхны тоог нэмэх зөв гарц гэж эдийн засагчид онцолдог. Тэгэхээр эргээд эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Зэсийн үнэ буурсан ч Оюу толгой хөдөлж байгаа учраас нийлүүлэлтээ нэмж чадсан. Нүүрс таг зогсчихоогүй. Ноос, ноолуур зэрэг доллар олдог бүтээгдэхүүнүүд зарагддагаараа зарагдаж байгаа. Дээр нь лаазалсан мах, халгайны бэлдмэл гэх мэт гадагш зардаг барааны нэр төрөл бас ч гэж нэмэгдээд эхэлчихсэн.

Ингээд харахаар эдийн засагт доллар огцом өсөхөөр шалтгаан алга. Одоо улстөрчдөөс л бүх зүйл шалтгаална. Улс төр нь тогтворгүй, улсын төсөв нь үрэлгэн хэрнээ алдагдалтай, цагтаа ДНБ-ий 45 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг хувьд ч хүрэхээ больсон энэ үед ухаалаг алхам хийвэл хямралыг эвтэйхэн давчих боломж байгаа. Эхлээд ам.долларын ханшийг барих тал дээр тоймтой шийдвэр гаргах хэрэгтэй. МАН-ын твирттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг аятайхан барих боломж уг нь бий. Наад зах нь ам.доллар олж ирэх төслүүдээ хурдан шийдэх арга байгаа. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал ирэх сард эцэслэгдэнэ гэж дуулдсан. Улс төрийн элдэв нөлөөгүйгээр, нэгэнт хөдөлсөн аварга төслөө урагшлуулах хэрэгтэй. Гачууртыг ч уях шалтгаан байхгүй. Алтны дажгүй нөөцтэй энэ орд дээр хамтаръя гээд байгаатай нь хамтраад хувиа аваад, ашгаа хүртээд, валют олоод хөдлөхөөс аргагүй нөхцөл үүсчихсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэг заасан энэ үед эдийн засагт цоо шинэ гадаад валютын эх үүсвэрүүд оруулж ирэхгүй бол байдал хүндэрнэ гэж шинжээчид сануулсаар байгаа. Энэ онд ядаж 300-400 сая ам.доллар оруулж ирэх зайлшгүй шаардлага бий гэсэн тоо дуулдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх хүртэлх хугацаанд гадаад зээллэгийн боломжуудыг ухаалгаар ашиглаж, шинээр валютын эх үүсвэр бүрдүүлэхээс аргагүй гэсэн гарцыг бас учир мэдэх эрхмүүд хэлдэг.

Эдийн засгаа өөд татах гарцууд

Эдийн засгийн гялтайх тоонуудын нэг нь гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа явдал. Хэр ашигтайг өмнө дурдсан. Нөгөө нь тогтвортой байгаа инфляци. Энэ жил зуд болох магадлал өндөр гэж ярьцгаагаад эхэллээ. Ийм бэрх цагт инфляци цойлох эрсдэл бий гэж эдийн засагчид болгоомжилдог. Гадаад худалдааны тэнцэл эерэг хэвээр учраас долларын ханш тэнгэрт хадчихгүй тэсч байгаа. Гэхдээ экспорт, импорт зэрэг агшиж, худалдааны урсгал хумигдах эрсдэл өндөр учраас богино хугацаанд цаг алдахгүйгээр ашиглах гарцууд бас байна. Эхний гарц нь дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд анхаарах. Бидэнд уг нь боломж бий. Дэлхийд монгол ноолуур зардаг “Говь” компани гэхэд л энэ оны хоёрдугаар улиралд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дуулдсан. Нэгж хувьцааны ханш нь 8800 төгрөгт хүрнэ гэдэг чамлахааргүй үр дүн. Мэдээж гаднаас олдог валют энэ компанийн ашгийн ихэнх хувийг эзэлж байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа зарж доллар олох сонирхолтой бизнес эрхлэгчид “Говь”-ийн менежмэнтийг судлаад үзчихэд гэмгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өөдрөгөөр төсөөлөхөд 2018 оноос нааш сэргэх төлөвгүй, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагагүй байгаа энэ үед хийхээс аргагүй алхам. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах цогц бодлогыг даруйхан хэрэгжүүлж эхэлье. Засаг төр бизнесийн хурдыг гүйцдэггүй юмаа гэхэд эн тэнцүү алхах шаардлага бас бий. Жишээ нь Хятадын удирдагчийн амласан 40 хувийн транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг яриа хэлцэл төдий биш бодит ажил болгомоор байна. Япон улстай байгуулж байгаа эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг түргэвчилж, гуравдагч зах зээл рүү хүргэх хүсэлтэй хувийн хэвшлийнхэнд таатай нөхцөл, боломжийг нь даруйхан бүрдүүлж өгмөөр байна.

Ажил болгох хоёр дахь гарц бол үрэлгэн төсвөө цэгцлэх. Төсвөө цэгцэлчихвэл эдийн засгаа өөд нь татах боломж бий. Дараа жил сонгууль. Сонгуулийн төсвөөс татгалзахаас аргагүй цаг ирчихсэн. Улстөрчдөд бол илүүдэхгүй л сануулга. Ийм хүнд үед төсвөө ашиггүй юмаа гэхэд алдагдалгүй баталчих хэрэгтэй. Ингэж чадвал алсдаа улсаараа хуримтлал үүсгээд явах боломж нээгдэнэ. Өмнөх жилийн өдийд нэгдсэн төсвийн тэнцэл хасах 160.9 тэрбум төгрөг байсан. Энэ жилийн хувьд бүр цадигаа алдсан. Хасах 637.8 тэрбум. 400 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Удахгүй төсвөө буруу төсөөлжээ гээд тодотгол хийхээс аргагүй нөхцөл үүсчихснийг сая хэлсэн тоонуудаас төвөггүй харж болно. Төсвөө үнэн, бодитой болгох нь бас нэг том боломж.

Олж байгаа валютынх нь 90 хувь уул уурхайгаас хамааралтай байсан манайх шиг эмзэг зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл мэргэшсэн санхүүгийн шинжээчид, хөгжиж буй зах зээлийн тоглогчид хүртэл оролцохоос эмээдэг. Тэгэхээр уул уурхайн хамаарлаа багасгах гарцыг хайх хэрэгтэй. Энэ бол бидний ашиглах гурав дахь боломж. Нэг үгээр хэлбэл үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Үйлдвэрээ дэмжих бодлогын эхлэл уг нь тавигдчихсан. Наад захын жишээ гэхэд барилгын материалын 40 орчим үйлдвэртэй болсныг статистикаас харж болно. Үр дүнд нь барилгын материал авах гэж гадагш нь урсгадаг 600 сая ам.доллараа лав алдаагүй.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *