Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уржигдар үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болсон шинэ үйлдвэрийн туузыг хайчиллаа. Улаанбаатараас 500 гаруй км-ийн зайтай Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт баригдсан “Монполимент” группын “Монцемент” эко үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ ийн болсон юм. Тус компани нь жилдээ нэг сая тн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Харин манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.5-2 сая тн байдаг. Барилгын салбар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед цементийн хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс Засгийн газраас 2016 он гэхэд дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа билээ. “Монцемент” эко үйлдвэр ашиглалтад ийнхүү орсноор манай улс жилд нийтдээ гурван сая орчим тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Хөтөлийн болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь үндэсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна валютын урсгалыг дотооддоо шингээх юм. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа барилгын салбарын хөгжлийг хангах, орон сууцны үнийг тогтвортой барих зэрэг олон талын ач холбогдолтой. Иймд импортын цементийн татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байгааг “Монцемент” үйлдвэрийн нээлтэд оролцсон салбарын яамныхан онцолж байлаа. “Монцемент” эко үйлдвэрийн нээлтэд олон хүндэт зочид төлөөлөгчид, орон нутгийн иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр дэлхийн стандартыг хангасан технологиор шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажлын байраар ханган, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч “Монполимент” групп, үйлдвэрийн хамт олонд Ерөнхий сайд баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудас бичигдэж байна. Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд хамтдаа хөдөлмөрлөж зүтгэвэл амжилтад хүрч болохыг энэ үйлдвэр харууллаа. Монгол Улс дотооддоо “Дэлхийн чанартай Монгол цемент үйлдвэрлэдэг боллоо. Дэлхийн стандарт, тэр дундаа Европын стандарт Монгол нутгийн хөрсөнд бууж, нутагшиж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах, импортыг орлох цементээ Монголд бүрэн үйлдвэрлэж чадсан нь зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт техник, технологио өөрчлөх боломжийг олгож байна. Зам тээврийн салбар, тэр дундаа авто зам, төмөр замын салбарт технологио өөрчилж, бетон цементэн дээр суурилсан дэвшилтэт технологи руу шилжих бололцоо Монгол Улсад ойрын ирээдүйд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Дорноговь аймгийн Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэсэн “Монцемент” төсөл анх 2006 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Төслийн хүрээнд орон нутагт ихээхэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ. Тухайлбал, Сайншандад дэд станцаас салаалсан 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг ашиглалтад оруулсан байна. Мөн Өргөн өртөөгөөс салбарласан 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьжээ. Тус суманд 1000 хүний багтаамжтай орчин үеийн тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий иж бүрэн ажилчдын хотхон барьж байлаа. “Монцемент” үйлдвэрт 500-гаас дээш ажлын байр шинээр бий болох юм байна. Ийнхүү Дорноговь аймаг анх удаа барилгын материалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Цаашид нутгийн хөгжилд үүнээс ч илүү үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт орон нутгийн удирдлагууд болоод иргэд итгэл дүүрэн байв. Ялангуяа Өргөн сумын иргэд “Монцемент” үйлдвэр манай сумын хөгжлийн түлхүүр боллоо. Өргөн сум одоо байгаагаасаа гурав дахин өргөжин, 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбортой болж, бүтээн байгуулалт хийгдэнэ” хэмээн баярлацгааж байсан юм. Уг үйлдвэр нь цемент үйлдвэрлэхдээ байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, эко тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжиж, экспортыг орлож, импортыг нэмэгдүүлэх тус үйлдвэрийн төслийг Франц, Англи, Австрали, Хятад, Швейцарь улсын салбартаа тэргүүлэгч байгууллага, зөвлөхүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа аж. Төслийн дүнд Европын стандартыг хангасан олон төрлийн өндөр чанартай чулуунцар үйлдвэрлэж, өсөн нэмэгдэж буй цементийн импортыг орлож, хөрш орнуудад экспортлох боломжтой ажээ. Мөн дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцраар хангах найдвартай ажиллагаатай гэнэ.
Ерөнхий сайд болон арга хэмжээнд оролцож буй зочид “Монцемент” үйлдвэртэй танилцсан юм. Эднийх байгаль орчиндоо ихэд анхаарал хандуулдаг бололтой. Усан оргилуур, ногоон байгууламж хүртэл хийжээ. “Монцемент” үйлдвэр эко гэдгийн учир нь хуурай аргын боловсруулах технологийг ашигладаг юм байна. Энэ нь усны хэрэглээ хамгийн бага. Мөн хүлэмжийн хий ялгаруулж, тоосжилт үүсгэх хэмжээ ч хамгийн бага гэнэ. Тодруулбал тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол Улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой. Ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90 хувийг дахин ашиглах системтэй эко үйлдвэр юм.
Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй “Монцемент” төслийг Хөгжлийн банк болон Евсропын Сэргээн босголт хөгжлийн банк, “Монполимет” группын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Ямартай ч цементийн үйлдвэрийг байгуулахад “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгосон ажээ.
М.МӨНХЦЭЦЭГ