Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бичин жилийн өвлийг малын хорогдолгүй давахад тариаланчид тусална

Нар ихдэж, хур багадсан зун шувтарлаа. Зун адаг сардаа бороотой байгаа ч зарим нутагт газрын гарц дорвитой сайжрахгүй байгаа нь айсуй өвлийн талаарх таамаг яриа дэлгэрэхэд хүргэжээ. Ядахад сонгууль дөхсөн учраас улстөрч сэтэртэй бүхэн ард түмэндээ хандаж үг хэлэх нь олширсон байна. Тэд “Ард түмэн минь ээ. Ган болсон. Бичин жилийн зуд ирлээ” хэмээн саймшрах, шоудахыг зэрэгцүүлэн тоть лугаа дахин давтан үглэж байгаа нь малчин ард түмнийг айдаст автуулах болж. Энэ нь эдийн засагтай холбогдож, гурил будаа, мал махны үнэ ч нэмэгдэх хандлага ажиглагдан нийслэлчүүдийг, суурин газрын оршин суугчдыг түгшээж эхэлсэн. Үнэндээ өвөлжилтөд бэлтгэх цаг ирсэн нь үнэн ч хүнд өвлийн талаар ярихад эрт байна. Хэдэн зуун зудыг ажралгүй давсан монголчуудын хувьд урт намар болвол айх зүйл байхгүй гэдгийг мэдэж байгаа ч улстөрчдийн, цаг уурчдын сэрэмжлүүлэг тогтворгүй байдал үүсгэх шинжтэй. Тиймдээ ч өвөлжилтөд бэлэн үү гэх асуулт урд жилүүдээс арай эрт тавигдаж байгаа нь энэ.

Хөдөө аж ахуйн хийгээд Аж үйлдвэрийн яамнаас авсан мэдээгээр бэлтгэл ажил хэвийн эхэлж байгаа аж. Асуудал байгаа ч шийдэж болох гэнэ. Тодруулбал, тариалалт эхлэхэд 500.2 мянган тонн үр тариа авах зорилгоор 400.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Бороо, бордоо, усалгаанаас хамааран 40 орчим хувийн ургац алдах албан бус тооцоолол байгаа юм байна. Энэ нь тариалалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд төдийлэн дарамт учруулахгүй гэдгийг саяхан Д.Эрдэнэбат сайдыг бүс нутагт ажиллахад эзэд нь ярьжээ. Яагаад гэвэл тариаланчид нэг жил ашигтай ажилласан бол хоёр жил дараалан алдагдал хүлээх чадвартай байх ёстой гэж үздэг аж. Харин чанар муутай ч болц нь гүйцэж ургасан улаан буудайг спирт болголгүй гурилын үйлдвэрүүдэд тээрэмдвэл нэг жил идэх гурил хангалттай үйлдвэрлэгдэнэ гэдгийг ч албаны хүн мэдээлж байгаа. Тэгэхээр чанар нь багахан муудсан гурил үнэд орох нь бүү хэл эсрэгээрээ ханш нь унана. Өнөөдрийн үүсээд байгаа гурилын үнийн өсөлт хэзээ ч тохиолдох ёсгүй зүйл ажээ. Нөхцөл байдлыг хэрэглэгч ард түмэн л хүлээн зөвшөөрч, дэмжээд өгвөл гарц нь энэ гэнэ. Үүний зэрэгцээ зуд болох сургаар малчид урьд өмнөх жилүүдээс ч олон мал заазлах магадлалтай учраас махны ханш бага зэрэг буурах тооцоолол гарч байна. Эндээс харахад монголчууд өмнөх жилүүдээс хямд мах, бага зэрэг чанар муутай гурил өвлийн идшиндээ нөөцлөх сонголт байна. Гэхдээ дамын наймаачид буюу ченжүүдийг хэрхэн зохицуулахаас бүх зүйл хамааралтай аж.

Тэгвэл яриад байгаачлан зуд тохиовол хэрхэх вэ гэдэг асуултад бас л гарц байна. Нэгдүгээрт, Монгол тэр чигээрээ гандаагүй учраас тодорхой бүс нутгууд өвлөөс айхгүй байгаа. Хоёрдугаарт, тариаланчдын алдсан гэх болц гүйцээгүй улаан буудайг бүгдийг нь малын тэжээл болгох санаа яамдын дунд яригдаж эхэлсэн байна. Монголчууд жилд арав гаруй мянган га талбайд малын тэжээл тарьж мөн хэмжээний газраас хадлан бэлтгэдэг аж. Харин улаан буудайн ургац алдагдсанаар энэ тоо өнөө жил хэд дахин нэмэгдэж байгаа нь “тэжээл хангалттай” гэж олон дахин хэлүүлэх хэмжээний асуудал биш биз. Тэгэхээр хэдий хүнд өвөл тохиосон ч малд өгөх өвс, тэжээл хангалттай гарна гэж мэргэжилтнүүд тооцоолон ажиллаж эхэлсэн сурагтай. Тодруулбал, улстөрчдийн иргэддээ хандан сүрдүүлээд байгаа бичин жилийн зудаас малын хорогдол багатай гарахад ургац алдсан тариаланчид туслах нь гэсэн үг. ОБЕГ-ын нөөцөд өмнөх жилүүдээс хэд дахин тэжээл нөөцлөгдөх нь тодорхой болоод байгаа нь энэ. Харин төмс, хүнсний ногооны хувьд ихэнх талбай нь усалгаатай учраас асуудал болгож ярих хэмжээний зүйл биш бололтой.

Идшээ ингээд зохицуул­чихаж чадах юм бол дараагийн санаа зовоох зүйл нь мэдээж нийслэлчүүдийн түлш, тог цахилгаан, зам харилцааны асуудал. Хот бэлтгэлээ хангалттай базаасан гэж ам бардам байна. Учир нь энэ зунжин цахилгааны хязгаарлалт хийж хүчин чадал, шугамын шинэчлэл явуулсан учраас энэ жил битгий хэл ирэх жилүүдэд цахилгаанаар дутаж дүн өвлөөр лаа барих хэмжээнд орж доголдохгүй ажээ. Дулааны хувьд ч ялгаагүй. Хамгийн их асуудал дагуулаад байсан Энхтайваны өргөн чөлөө, Зайсангийн ам, 13 дугаар хорооллын дулааны магистрал шугамыг шинэчлээд дуусч байгаа нь сайн мэдээ болон ирж байна. Үүний зэрэгцээ хүлээлт үүсгээд байсан Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ. Бүр энэ өдөр түлхүүрийг гардуулан өгч, хэвийн горимоор ажиллаж эхлэхийг албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр хотын зүүн бүсийн 50 мянган өрх дулаанаар хангагдаж ачаалал тэнцвэржих юм байна. Зам засварын хувьд нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн орлогч Н.Гантөмөр албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Харин Төв аймаг хүртэлх замын засварын ажил хийгдээгүйг анхааралгүй өнгөрч болохгүй байна. Дулаан цагт явж болохгүй байгаа уг замаар өвлийн хальтиргаатай үед иргэд зорчвол ямар хэмжээний эрсдэл хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ яамнаас нь санаачилга гарган ажил болгох нь бүү хэл сайдгүй байгаа нь энэ жилдээ асуудал шийдэгдэхгүйн шинж бололтой.

Энэ мэтээр өвөлжилтийн бэлтгэлийг хангах график гарч, бэлтгэл базаах ажил дөнгөж эхэлж байгаа үед багахан зохицуулалт хийгээд л асуудлыг шийдчихнэ гэдгийг албаны эх сурвалжууд ам бардам мэдээлж байгаа. Өвөлжилтөд бэлтгэх түүхий эдийн нөөц, түүнийг тойрсон асуудлуудыг ийн шийдэх юм байна. Харин одоо иргэд үүргээ ухамсарлан хүн бүр өвөлжилтийн хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байгаа аж. Гэхдээ түүхий эдийг бүтээгдэхүүн болгогч үйлдвэрлэгчид, түүнийг түгээгчид л асуудалд ул суурьтай хандаж ард түмнээ бодвол хонин жилийн сүүл бичин жилийн өвлийн өнгө өнөөдөр яригдаж байгаагаас өөрөөр буюу өөдрөгөөр зурагдаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд өвөлдөө цас бага унаж байгаа, өвлийн ихэнх хугацаанд дулаан өдрүүд зонхилох болсон зэрэг байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор бичин жилийн зуд гэх ойлголт өөрчлөгдөж ч магадгүй байгаа юм. Гэлээ гэхдээ зуд болохгүй байж магадгүй, төр өвөлжилтөд онцгойлон анхаарч байгаа гээд иргэд гар хумхиад суух нь хамгийн том эрсдэл гэдгийг цаг ямагт санах учиртай.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *