Categories
мэдээ цаг-үе

М.Баярмаа: Сайхан адуу харахаар сэтгэл сэргэдэг

Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлье. Морь унаж байгааг тань харахад хэзээний адуучин аятай харагдаж байсан. Тэгэхээр багаасаа морь малын дэргэд өссөн бололтой, тийм үү?

-Тийм ээ, би Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол суманд хүүхэд насаа үдсэн. Аав, ээж маань багш хүмүүс. Гэхдээ манайх өвөг дээдсийн өвлөж үлдээсэн хурдан удмын адуутай айл болохоор бид багаасаа л адуундаа явах, гүүгээ саах гээд хөдөөгийн хүмүүсийн хийдэг бүх л ажлыг хийж өссөн. Аав маань аймгийн алдарт уяач н.Мижиддорж гэж хүн байдаг. Авга ах маань бас Монгол Улсын алдарт уяач. Тийм болохоор наадамд морьдоо сойж, дүү нар маань унадаг байлаа. Миний хувьд том биетэй хүүхэд байсан болохоор уралдааны морь цөөхөн удаа унасан. Гэхдээ байнга л морь унадаг охин байлаа.

-Морь унаад давхихаар яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тэр чинь л хамгийн гоё доо (инээв). Сэлэнгэ нутгийн олонхи гэр бүлийн нэгэн адил манайх газар тариалан эрхэлдэг. Тариан талбайгаа сүйтгүүлчихгүйн тулд хүний, өөрийн адуу мал орохоос хамгаалж, морьтойгоо эргүүл хийж, тойроод давхидаг байлаа.

Тэр үед өөрийн эрхгүй л “Адуучин би жаргаж явна” гэсэн дууны үг санаанд орж ирээд аялчихдаг, нэг л тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг. Сайхан адуу харахаар самсаа шархирна, сэтгэл сэргэнэ, ер нь “дурлачихдаг” гэж хэлж болно доо.

-Даншиг наадамд оролцоход тань юу нөлөөлсөн бэ, хэн нэгэн санал болгосон уу, эсвэл өөрөө шийдэв үү?

-“Монголын жороо морины уралдаан” төрийн бус байгууллага хориод жилийн өмнөөс наадмын сүүлийн өдөр жороо морины тойргийн уралдаан зохион байгуулдаг болсон. Миний хувьд энэ жил анх удаа оролцлоо. Моринд хорхойтой болохоороо л оролцъё гэж шийдсэн. Түүнээс хэн нэгний ятгалгаар орсон зүйл байхгүй.

-Жороо морь, дотроо бас олон янзын явдал байдаг уу. Та хэр сайн мэдэх бол?

-Тийм ээ, жороо морийг явдлаар нь уран, усан, тэлмэн гэж гурав хуваадаг. Мөн төрөлхийн болон олдмол ч гэж хуваадаг. Жороо явдал нь өвөг дээдсийн үеэс адуу унаж эдлэх соёл маллагааны үр дүнд бий болсон гэж үздэг юм билээ. Сайн жороо моринд эмээл хазаараас гадна эзэн нь гологддог гэсэн үг ч бий.

-Таны зургийг олон нийтэд анхлан дэлгэсэн хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Тэр бас ирэх жилийн даншгаар жороо морины уралдаанд бүсгүй хүн түрүүлбэл 50 сая төгрөгөөр байлна гэдгээ зарласан. Үүнийг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Таны хувьд?

-М.Зоригт гишүүн бол сошиал ертөнцөд хамгийн нээлттэй, бас постолдог зургуудыг нь харахад монгол ахуй соёлыг хадгалж авч үлдэх, залуучуудад уламжлуулах чин сэтгэлтэй хүн шиг санагддаг. Тэр утгаараа л миний зургийг авч постолсон байх, үүгээр дамжуулаад тэрхүү агшинг минь гэрэл зурагт мөнхөлж, түмэнд түгээсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Тавин сая төгрөгийн шагналын тухайд би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээр ирэх жил илүү олон хүн, түүний дотор бүсгүйчүүд үндэснийхээ дээл хувцсаар гоёж, сайхан морь унаад энэ наадамд оролцох байх гэж найдаж байна. Аль болох олуулаа сайхан монгол дээл, хувцсаа өмсөөд, морио унаад явбал гоё шүү дээ. Тавин сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Үүнийг авахын тулд залуус маань хөдөлмөрлөнө. Морь унаж чаддаггүй хүн хүртэл морь унаж, адуу эдлэх соёлд суралцахыг үгүйсгэх аргагүй. Бас үндэсний хувцсаа өмсөнө гэдэг өв соёлоо тээх нэг хэлбэр. Тэгэхээр ийм сэдэл төрүүлж байгаагаараа М.Зоригт гишүүний энэ шийдвэр ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та оролцох уу?

-Оролцоно гэж бодож байгаа.

-Тэгвэл нэлээд олон бас хүчтэй өрсөлдөгчидтэй болох нь ээ дээ…

-Тийм ээ, тэр тусмаа сонирхолтой шүү дээ. Энэ дашрамд залуучууддаа хандаж хэлэхэд, жилд ядаж хоёрхон удаа, цагаан сар болон наадмаар үндэснийхээ хувцсаар гоёж байя гэж уриалахыг хүсч байна.

Миний эмээ маш уран бас ажилсаг хүн байсан. Тиймдээ ч жил бүр цагаан сараар бидэнд шинэ дээл оёж өгдөг байлаа. Дөрөвдүгээр ангид сурч байсан жилээ би цагаан сарын дараа хааяа хичээлдээ дээл өмсч явдаг байсан. Тэр үеийн зураг ч байдаг.

-Та өөрөө үйлэнд хэр вэ?

-Би эмээгийнхээ дэргэд өссөн, дээл оёход нь дандаа тусалдаг байсан болохоор гадарлана аа. Эмээгийн маань хөдөлмөрч хичээнгүй чанар үр хүүхэд бидэнд нөлөөлж, ажил үйлээр хэнээс ч дутахгүй хүн болж өссөн гэж боддог.

-Адуучин охин хэзээнээс хотын хүн болов?

-1999 онд оюутан болоод хотод суурьшиж үлдсэн. Гэхдээ жил бүр нутагтаа очиж наадамладаг. Бид ерөнхийдөө хотжиж, монгол ахуйгаасаа нэлээд холдож байна. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг хүний хувьд хүүхдүүдээ аль болох хөдөө авч очиж, ахуй, соёлтойгоо танилцуулж байхыг эрмэлздэг дээ. Малын дэргэд өссөн хүүхэд морь унаж, борви бохисхийлгүй ажилладаг болохоор булчин шөрмөс нь чангардаг. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилтод эергээр нөлөөлдөг л дөө.

-Тэгэхээр “Даншгийн мисс” маань гэр бүлтэй байх нь ээ…

-Тийм ээ, би гэрлэсэн.

-Орчин үед санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнээс “од” төрдөг болчихсон. Таны хувьд даншиг наадамд оролцож жороо морь унаснаараа энэ талбараас төрсөн бас нэгэн “од” боллоо. Сэтгэгдэл бичсэн хүмүүс 100 хувь өөрийг тань дэмжиж, сайшаасан байсан. Найзын хүсэлтэд дарагдсан л байх, тийм үү?

-Тийм ээ, таних, танихгүй маш олон хүн найзын хүсэлт илгээж, зургийг маань постолж, бас шэйрлэн, урмын үг харамгүй хайрлаж байна. Хүмүүсээс маш их бахархаж, хүндэтгэсэн хандлагыг мэдэрч байгаа. Сумын наадамд бол бүсгүйчүүд морь унах нь байдаг л зүйл. Харин хот газар энэ нь ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч байгаа байх л даа. Ямар ч байсан ийм олон хүний бахархлыг сэргээж, дараа жилийн наадмаар ингэж гоёх юм шүү гэсэн сэдэл төрүүлж байгаадаа би бас баяртай байгаа.

-Адуучин бүсгүйтэй уулзсаных олон нийтийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудлаар саналыг тань сонсмоор байна. Бага насны хүүхдээр морь унуулах, мөн хүйтний улиралд морь уралдуулахад шүүмжлэлтэй ханддаг хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаас ярих нь өрөөсгөл болно. Би багадаа байнга морь унадаг байсан гэдгийг түрүүн хэлсэн. Миний зулай дээр гишгэж төрсөн дүү тавхан настайдаа улсын наадамд оролцоод түрүүлж байлаа. Бид долоо хоногийн турш адуугаа туугаад улсын нийслэлд ирж байсан. Эргээд бодоход маш дурсамжтай санагддаг.

Нөгөөтэйгүүр, аливаа зүйлд эрсдэл заавал байдаг, унаж бэртэх аюул байна. Өвлийн морин уралдааны тухайд өнтэй жил бол зохион байгуулахад болохгүй зүйлгүй, зудтай жил хэцүү байх болов уу даа.

М.Мөнхцэцэг

Э.Ирэхбаяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *