Их, дээд сургуулиудын оюутныг зуны амралтаар нь цэргийн алба хаалгах “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд жилийн нүүр үзэж байна. 2014 онд 418 оюутан цэргийн албанд очиж, буудагч тасгийн даргаар мэргэшээд иржээ. Өнөө жил энэ тоо хоёр дахин нэмэгдэж 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан тус хөтөлбөрт хамрагдсан байна. Эдгээр 1000 оюутан цэргүүд өнөөдөр Чингисийн талбайд тангараг өргөлөө.
Зургадугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд залуус цэргийн алба хашихдаа бие бялдарын чийрэгжилт, сэтгэлзүйн төлөвшилтэй болж өөрчлөгдсөнөө залуус онцлон ярьлаа. Мөн 100 гаруй залуус тамхи татах зуршлаасаа салж чаджээ. Хамгийн гол нь их, дээд сургуульд суралцах явцдаа богино хугацааны цэргийн албанд хамрагдсан нь залуусын хувьд цаг хугацаа хэмнэсэн том боломж гэнэ.
Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжсэн нь улсад ч, иргэнд ч ашигтайг цэргийн салбарынхан онцолсон юм. Тодруулбал, Зэвсэгт хүчний дайчилгаанд явах цэргийн үүрэгтний нөөц нэмэгдэж, оюутнууд их, дээд сургуулиа төгсөнгүүтээ төрийн албанд орж ажиллах боломж нээгдсэн байна.