УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-МАН ээлжит бус чуулганыг хууль бус гэж үзэн, нээлтэд оролцоогүй. Гэтэл Ерөнхий сайд танхимынхаа зургаан сайдыг явуулахаар нэрсийг нь өргөн барьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж байх үед намаа хамтрахыг эсэргүүцэж байсан гишүүний нэг бол та. Ийм үйл явдал болно гэж төсөөлж байв уу?
-УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад” Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох” тухай ороод ирсэн байсан. Тэгэхээр ээлжит бус чуулганыг зарлах захирамж гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах томилох асуудал өргөн баригдаагүй байлаа л даа. Өргөн баригдаагүй байгаа асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь хууль зөрчсөн асуудал юм гэж үзээд манай намын бүлэг чуулганы нээлтэд оролцоогүй. Нэгэнт сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барьчихсан болохоор бид байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцож өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгөөд явж байна.
Ер нь энэ Засгийн газарт орж ажиллах шаардлагагүй гэж би анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Нэгэнт хамтарна гээд улс төрийн шийдвэр нь гарсан. Ерөнхий сайд, АН-ын дарга нь хүртэл манай намын бүлэг дээр орж ирээд “Хямрал нүүрлэчихлээ. Нэг завин дээр сууж байгаа юм байна. Хамтраад нөхцөл байдлыг давъя” гэдэг асуудлыг тавьсан. Уг асуудал манай намын Бага хурлаар ороод батлагдсан. Гэвч хямралын нөхцөл байдал арилсан гэж бодохгүй байна. Харин ч цаашид улам хүндэрч болзошгүй. Ядаж байхад гантай зун байлаа. Өвөлжилт хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ зогсолтгүй өсөх янзтай. Ийм л үед АН улс төрийн шийдвэрээ гаргаж, МАН-ын сайд нарыг засгаасаа гаргаж байгаа юм байна. Тэгэхээр тэр их нялуун үгтэй захидал бичээд хадаг барьж гүйгээд байсан нь бүгд худлаа байжээ гэдэг нь эндээс харагдаж байна.
-Ардын нам засагт хамтарчихаад гэрээгээ биелүүлээгүй гэж АН дүгнэсэн?
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж байх үед чуулганы хуралдааны үеэр миний бие “Засгийн газарт орлоо гээд амаа үдүүлэхгүй. Буруугийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Хэлдэг үгээ хэлж байна шүү” гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд ч хэлсээр ирсэн. Сая(өчигдөр) байнгын хороон дээр “Ардын нам Хөдөлмөрийн сайдаа тавьчихаад Хөдөлмөрийн хуулиа шүүмжлээд байсан” гэх юм. Хөдөлмөрийн хууль бол улс төрийн асуудал биш. Тиймээс тэр хуулин дээр юу нь буруу байна гэдгийг бид шүүмжилж хэлж байх ёстой. Муу нөхцөл байдлаа ярихаас өөр замгүй шүү дээ. Яалт ч үгүй хоол хүнсний үнэ өсчихөж. Ингээд ирэхээр ард иргэд “Яагаад вэ” гэж асуух нь мэдээж. Ямар алдаанаас болсныг нь хэлэхээс яахав. Цаашдаа ч хэлэх зарчим руу явна даа.
-Таныхаар Ардын нам засгаас гарч байгаа нь хэр зөв алхам бэ?
-Бид гараагүй. Биднийг гаргаж байна. Нэгэнт эрх баригчид ийм улс төрийн шийдвэр гаргачихаж байгаа болохоор бидэнд сонголт гээд байх юм алга. Хамгийн их харамсч байгаа зүйл нь 73 гишүүний дэмжлэгтэй Засгийн газар байсан бол одоо 40 гаруйхан гишүүний дэмжлэгтэй Засгийн газар үлдэж байна л даа.
-Төр засаг тогтворгүй байх нь улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд халтай гэж судлаачид тайлбарлаж байна. Хамтарсан Засгийн газрын хувьд наймхан сарын настай байжээ. Тэгвэл дараагийн Засгийн газрын хувь заяаг Ардын нам хэрхэн төсөөлж байгаа бол?
-Засаг төр тогтворгүй байх нь ард түмэндээ, улс орондоо хохиролтой гэдгийг бид өнгөрсөн гурван жилд харсан. Саяын Засгийн газар хамгийн тогтвортой байх боломжтой байсан. Ер нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, эрх барьж байгаа АН доторх эв түнжингүй байдал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа хамгийн том жишээ нь Таван толгой. Хаврын чуулганы туршид муур хулгана болж гүйлдсэн. Нэг нь өргөн барина гээд л нөгөө нь авахгүй гээд л. Тэгээд өргөн барьсныхаа дараа ажлын хэсэг байгуулаад хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Харамсалтай нь энэ хугацаанд ОХУ-д асар том нүүрсний уурхай ашиглалтад ороод Хятад руу нийлүүлээд эхэлчихлээ. Эрх барьж байгаа АН доторх эрх ашгийн зөрчил улс орны эдийн засгийг туйлдуулж байна.
-Өнгөрсөн хугацаанд танай намын зургаан сайд хэрхэн ажилласан гэж бодож байна?
-Миний хувьд тэднийг сайн ажилласан гэж хэлнэ. Чинзоригийн хувьд Хөдөлмөрийн сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хууль болон томоохон хууль тогтоомжуудаа УИХ-д өргөн барьчихсан. Салбартаа олон жил ажилласан хүн байсан. Харин дараагийн томилогдох сайд нь томоохон хуулиудаа батлуулж чадах эсэх асар эргэлзээтэй. Мөн Д.Цогтбаатарын хувьд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож, салбартаа тулгамдсан хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх чиглэл дээр тодорхой үр бүтээлтэй алхмууд хийсэн. Ж.Эрдэнэбат маань хямд үнэ өртөгтэй хөрөнгийн эх үүсвэр босгож ирээд энэ хавар цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан Сангийн яамны асуудлыг тухай бүрт нь шийдээд явж байсан. Мөн Шадар сайд байна. Энэ хавар салбараа хариуцсан үйл ажиллагааг идэвхтэй сайн явуулсан гэж дүгнэх байна даа.
-Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг явуулахгүй гэж мэдэгдэж байсан болохоор танай сайд нар тийм ч амархан огцорчихно гэж бодоогүй байх…
-Манай Ерөнхий сайд чинь байн байн цоглог үг хэлээд маргааш нь ам руугаа алгадуулаад явдаг шүү дээ. Яг л тэгж харагдаж байна. Таван толгойн талаар ямар гоё үг хэллээ. Маргааш нь ам руугаа алгадуулсан. Засгийн газрын гишүүдээ өргөн барихгүй гэж хэлээд өөрөө өргөн бариад явж байна.
-Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Цаашид улс төр хэрхэн өрнөнө гэж харж байгаа вэ. Хашир улстөрчийн бодлыг сонсмоор байна?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хийсэн сонголт руу явж байна. Тодруулбал, 2012 оны яг тэр үе давтагдана. Ардчилсан нам Их хурал дотроосоо сайд нараа томилох зарчмын шийдэл гаргасан гэнэ лээ. Энэ бол буцаад Засгийн газрын 17 гишүүн УИХ дотроосоо тавигдана гэсэн үг. Тэгээд давхар дээлтэй явах нь. УИХ-ын дөрөвний нэг нь Засгийн газрын гишүүн болоод хувирчихаж байгаа юм. Ингээд УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг хянаж чадахгүй. Яг л 2012 оны үйл явдал бий болно. Хэлж анхааруулах ёстой зүйл бол 2012 онд Н.Алтанхуяг 17 хувийн өсөлттэй боломжийн эдийн засаг хүлээж авсан. Улс төрийн нөхцөл байдал улам тогтворгүй болно гэдгийг дүгнэж хэлмээр байна. Хүнээр ярих юм бол Ч.Сайханбилэг ерөнхий сайд өрөөсөн хөлөө хөрөөдөөд сууж байна гэсэн үг.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд батлагдсанаар эдийн засгийг хүнд байдлаас гаргах болов уу?
-Ээлжит бус чуулган гэдэг бол цаг тулчихсан, зайлшгүй түргэн шийдэх ёстой асуудлуудаа хэлэлцдэг зүйл. Гэтэл яаралтай шийдвэрлэх ёстой асуудлын жагсаалтад Галт зэвсгийн тухай хууль байх юм. Яахав энэ хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ээлжит бус чуулганы хэмжээнд хэлэлцэх асуудал мөн үү. Манай улсад тэгтлээ галт зэвсгийн асуудал хүндэрчихээд байна уу. Эрүүгийн болон зөрчлийн хууль гээд асар чухал хуулиуд байдаг. Монгол хүний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байгаа хуулиуд шүү дээ. Гэтэл ээлжит бусаар хуралдаад, процессын хууль нь байхгүй ингэж оруулж ирж байна. Үлдсэн асуудал нь гэвэл нөгөө цагаан захтнуудыг өршөөх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Өршөөлийн тухай хууль гэсэн хуулийг оруулчихаж байгаа юм. Манай эдийн засаг хүнд байна. Нөгөө хаваржин мөнгө олно гэж ярьсан Таван толгойгоо яаралтай оруулж ирж ээлжит бусаар хэлэлцэх ёстой байлаа. Тэгэхээр эдийн засагт авах арга хэмжээний хуулиудаа яаралтай хэлэлцэх ёстой. Үнэн хэрэгтээ бол ээлжит бус чуулганыг зарласан шалтгаан Засгийн газрын гишүүдийг чөлөөлж, томилох асуудалтай холбоотой. МАН-ынхныг өнгөрсөн чуулганы 60 гаруй хувьд нь сандал ширээний асуудал ярилаа гээд АН-ынхан хүртэл шүүмжлээд байдаг. Харин энэ ээлжит бус чуулган жинхэнэ сандал ширээний асуудал ярьж байгаа шүү дээ. Зургаан сайдыг огцруулчихаад араас нь сайд болох гээд үс гэзгээ гельдээд яваад байгаа нөхдүүд байна.
-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. УИХ-ын хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ хууль батлагдвал ямар үр дүн хүлээж байна вэ?
-Өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж үзэж байгаа. Энэ хууль батлагдвал ял эдэлж байгаа 2400 гаруй хүний асуудал хөндөгдөнө. Харин уг хуулийг гаргахдаа өмнө үзүүлдэг байсан өршөөлөөсөө хамрах хүрээг нь өргөсгөж гаргах вий гэсэн болгоомж байна. Уг хуулиар далимдуулаад эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, авлига хээль хахуульд орооцолдсон хүмүүсийн асуудал өршөөгдөж гарах вий гэсэн болгоомж ч байгаа.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдвал нуугдмал хөрөнгүүд ил болж, эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа…
-Аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгөтэй асуудлуудыг бид дэмжиж байгаа. Үүгээр далимдуулаад эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, авлига авсан хүмүүс өршөөгдөөд гарчих хаалга, үүд яваад байна. Зарчмын хувьд аваад үзэх юм бол төр хариуцлагатай байх ёстой гэж ярьдаг. Тэгчихээд хариуцлагагүй байдлыг өдөөн дэврээсэн хуулийг ээлжит бус чуулган зарлаж яаран сандран хэлэлцэх нь буруу юм. Тиймээс бид энэ хэсэг дээр эсэргүүцээд байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ