Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ өнөөдөр “Донорын өдөрлөг” болж байна.
Өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудад тус эмнэлгийн Түлэнхийн
тасаг цусны нөөцгүй болсон тул цус хандивлах аян зохион байгуулна гэх
мэдээлэл гарсан нь ташаа мэдээ гэв.
ГССҮТ нь үйл ажиллагааны чиглэлээрээ шууд өөрийн байрандаа донорын
цусыг авдаггүй бөгөөд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс цус, цусан
бүтээгдэхүүнээ гэрээгээр авдаг тухай тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр
ярилаа. Энэ ч утгаараа өнөөдрийн зохион байгуулж буй “Донорын
өдөрлөг”-ийг хоёр байгууллагын гэрээний дагуу жилд нэг удаа явуулдаг аж.
“Донорын өдөрлөг”-т 16-аас дээш насны, шарлаж байгаагүй иргэд ирж,
цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлан эрдэнэт хүний амь аврах буянт
үйлсэд нэгдэхийг хүссэн иргэд иргэний үнэмлэхтэйгээ тус төвд очино.
Донор болох иргэд өмнөх орой нь өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн
хэрэглээгүй байхыг эмч нар санууллаа.
Дашрамд тэмдэглэхэд, ГССҮТ-ээс өдөрт ойролцоогоор 250-300 хүн эмнэлгийн тусламж авдаг гэсэн тооцоо байдаг.
ЦУСНЫ ХОМСДОЛД ОРООГҮЙ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 оны эний найман сарын байдлаар
11232 нэгж бүхэл цус цуглуулж байсан бол энэ оны мөн үед 13841 нэгж
болж, 23%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд олон нийтэд
чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил сайжирч, иргэдийн дунд цусны донор
болох хандлага нэмэгдэж байгаатай холбоотой 2015 онд өнгөрсөн оны мөн
үеэс донорын тоо 11.6%-иар өссөн гэсэн тооцоог тус төвөөс гаргажээ.
Харин цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 оны эхний найман сард нийт
27810 нэгж байсан бол 2015 оны мөн үед 32949 нэгжид хүрч, 18.5%-иар
өссөн үзүүлэлттэй байна. Энэ онд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний
61.7%-ийг нь Улсын I төв эмнэлэг, ГССҮТ, Шастины III төв эмнэлэг,
ЭХЭМҮТ-ийн Хүүхэд болон Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн хэрэглээ
зонхилон эзэлж байгаа аж.
Эмнэлгүүдийн ЦЦБ-ний хэрэглээ /2014, 2015 оны эхний найман сарын байдлаар/