БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхлэн бүртгэж эхэллээ. Бүртгэл Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоног үргэлжилнэ.
Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-аас 1997 оны наймдугаар сарын 5-ны хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой аж. Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой юм байна.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах бөгөөд БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой юм.